Хайртай хүү нь Альцгеймерийн өвчтэй ээждээ зориулж дэлхийг тойрох аялалд гарчээ. Тэрээр ээжийнхээ амьдралын сүүлчийн өдрүүдийг хамгийн сайхнаар өнгөрүүлэхийг хүссэн байна

0

83 настай Мэри О’Нилд Альцгеймерийн онош тавихад түүний 44 настай хүү Шон О’Сейли ээжийгээ аван хагас жил дэлхийгээр аялжээ. Мэри энэ ертөнцийг орхин явахаасаа өмнө Өмнөд Африк, Итали бас Балбаар аялсан юм. Шоны хэлж байгаагаар бол тэр ээжийнхээ амьдралын сүүлчийн өдрүүдийг хамгийн сайхнаар өнгөрүүлэхийг хүсжээ.

dailymail.co.uk

Альцгеймерийн өвчтэй өндөр настай ээждээ зориулж зохион байгуулсан 18 сарын аялал түүний эрүүл мэндэд ямар их эерэгээр нөлөөлснийг дурсан ярьж байна. 44 настай Шон О’Сейли өөрийн ээж Мэри О’Нилийг өвөлдөө Ирландаас авч явахаар шийдсэн нь эцэстээ дэлхийгээр аялах хагас жилийн аялал болон хувирчээ. О’Сейлийн ярьснаар уг аялал ээжийг нь үнэхээр баярлуулсан байна. Шоны ачаар Мэри Өмнөд Африкийн халуун элсээр алхаж, Италийн өндөр уулсаар зугаалж, тэр ч бүү хэл Балбад болдог будагны наадамд ч оролцжээ. Хайртай ээж нь 2019 онд өөд болсон байна. Мэриг 77 настай байхад нь 2013 онд уг өвчний оношийг тавьжээ. Тэр үед Шон Ромд амьдардаг байсан юм. Ээж нь түүний хувьд “амьдралынх нь цорын ганц түшиг тулгуур” нь байсан гэдэг.

dailymail.co.uk

“Альцгеймерийн өвчин эмчилгээ авдаггүй гэж би боддог байлаа. Биднийг Балбад ирэхэд ээж сэргэж эхэлсэн. Тэр илүү их хөдөлж, яриа хөөрөө нь ихэссэн, бүр шинэ үг хүртэл цээжилсэн байсан. Мэдрэлийн эмч надад хэлэхдээ, аз жаргалтай бас өөдрөг хүмүүст Альцгеймерийн өвчин даамжрахаараа улам аз жаргалтай болдог гэж тайлбарласан юм. Түүний ч зөв байсан, ээж улам залуужаад, улам их аз жаргалтай болсон” гэж Шон ярьжээ. Мэрид Альцгеймерийн өвчний онош тавихад Шон ээжийгээ асрахаар Италиас Дублинд нүүж иржээ. 2018 тэдний гэр бүл ээжийг нь өндөр настнуудын асрамжийн газар өгөх тухай яригдахад Шон ээжид нь огт тохирохгүй энэ шийдвэрийг эсэргүүцэн асуудлыг гартаа авахаар шийдсэн байна.

dailymail.co.uk

“Би ээжийгээ тэнд ганцааранг нь орхиж чадаагүй. Би ээжид тaриа хийж асрах сувилагч хөлсөлж авсан. Ээж минь залуугаасаа л бие даасан хүн байж билээ. Намайг бага байхад гэрээсээ аавыг арxи уугаад амьдралд нь бөөн асуудал болоод байхаар нь xөөгөөд явуулчихсан. Тэр үед Ирландад эмэгтэй хүн ганцаараа амьдралаа аваад явна гэдэг ойлголт огт байхгүй байсан цаг үе, үнэндээ амьдрал хэцүү байсан л даа, тэр үед. Тэгэхэд олон хүн ээжийг дэмжээгүй гэдэг” гэжээ. Шон эхлээд ээжийгээ Ирландын хүйтэн өвлөөс хол Балба руу авч явъя гэж бодож байсан гэнэ. “Би хэдэн сарын дараа эргэж ирнэ гэж төлөвлөж байлаа. Тэнд цаг агаар нь дулаан зөөлөн, ээж минь агаарт зугаалах боломжтой”.

dailymail.co.uk

Балба ээж, хүү хоёрт их таалагджээ. “Нуурын эргээр зугаалж хүүхдүүд тоглож байгааг харан сууцгаана. Хүүхдүүд бид хоёр дээр ирж цуг кафед сууцгаан ээжтэй минь ярилцдаг байж билээ. Би ээжийн самыг аваад явдаг, хүүхдүүд ээжийн үсийг самнаж өгнө. Хүүхдүүд ээжийг эмээ гэж дуудна, ээж тэдэнтэй “намастэ” гээд л. Бид хоёрыг аялж байхад Холи будагны наадам таарсан юм. Агаарт өнгийн будаг цацдаг баяр л даа. Ээжийн дээрээс бага зэрэг будаг цацаж болох уу гэж надаас асуухад нь би зөвшөөрсөн нь ээжид үнэхээр их таалагдсан”. Холи – Балба болон Энэтхэгт алдартай баяр, мөн хайрын баяр, будагны баяр, хаврын баяр ч гэдэг. Энэ баярыг гуравдугаар сарын сүүлээр Радхи, Кришна хайрын бурхныг хүндлэн зохион байгуулагддаг. Мөн мууг даран нугачих сайхан сэтгэл, өвөл дуусаж хавар ирж байгааг бэлэгшээн тэмдэглэдэг юм. Нутгийн ард иргэдийн сүсэглэж байгаагаар бол Холи – найз нөхөдтэйгөө уулзах хамгийн сайхан мөч, тасарсан харилцааг сэргээх боломж гэж үздэг.

dailymail.co.uk

Балбын дараа 2018 оны 4 дүгээр сард Шон ээжийгээ аваад Ром дахь байрандаа иржээ. “Ээж Ромыг тэр дор нь л таньсан, яагаад гэвэл би гэртээ их авчирдаг байсан юм” гэж Шон дурсан ярьжээ. “Тэнд түүний орох дуртай ресторанууд бий, бас жижигхэн сүмүүд түүнд их таалагддаг байж билээ. 6 дугаар сард Ромд халуун болоод эхлэхээр нь ээж бид хоёр Умбри уулсыг зорьсон. Тэнд хүзүүндээ хонх зүүсэн үхэр, тугал хараад ээж их баярласан. Италид ээжтэй уулзсан болгон түүнийг үнсэж байсан нь ээжид бас л их таалагдсан даа” гэж Шон дурсжээ. Таван сарын дараа тэд Кейптауныг зорьжээ. Мэригийн бие дордож байсан ч Шон ээжийнхээ аяллыг тав тухтай байлгахын тулд ихэд хичээж байлаа.

dailymail.co.uk

“Миний хөлсөлсөн асрагчийг Глория гэдэг байсан юм, тэр хоёр бие биенээ сайн ойлгодог. Сувилагч ээжийн үсийг гоё гэгч нь нарийхан сүлждэг, тэр нь ээжид таалагдана ч гэж жигтэйхэн. 2019 оны 1-р сард ээжийг далай эрэг рүү авч явсан, ээж хөлөө элсэнд хийчихээд л тоглож байгаа хүүхдүүдийг харж их баярладаг байж билээ” гэж Шон ээжийгээ санан сууна. Мэри 2019 оны 5-р сарын 24-ний өдөр Өмнөд Африкт уушгины хатгалгаагаар өөд болжээ. “Ээж намайг сүүлдээ аав гэж дууддаг болсон, би ч өөрийгөө эцэг хүн шиг санаж эхэлсэн. Ээжийг өнгөрсний дараа би бяцхан охиноо алдчихсан юм шиг л эвгүй санагдаж байсан. Би ээжийгээ асрахын тулд өөрийнхөө амьдралыг хойш нь тавьсан юм. Би бусад харилцаанаас ч татгалзсан, яагаад гэвэл би тэр хоёрт хоёуланд нь нэгэн зэрэг зохих анхаарал халамжийг тавьж чадахгүй шүү дээ. Миний бизнес ч орхигдсон. Ээжийг хүнд өвчний оноштой болоход тэр минь миний хамгийн нэн тэргүүний зүйл болж хувирсан юм” гэж Шон ярьжээ.

dailymail.co.uk

Шоны хэлж байгаагаар ээжийнхээ амьдралын сүүлчийн өдрүүдийг ээжтэйгээ өнгөрөөсөнд үнэхээр баяртай байгаа ажээ. “Ээжийг надад төвөг болно гэж олон хүн бодож байсан байх, гэхдээ огт тэгээгүй. Би түүнийгээ ганц өдөр ч болов энэ ертөнц дээр торгоох гэж хичээсэнгүй, харин ч эсрэгээрээ, түүнийг энэ ертөнцөд шингээх гэж хичээсэн юм. Тэр баяртай нь аргагүй хэдэн цагаар ширээ арчдаг байхад нь бид хоёр хоёулаа хөгжилдөөд л инээнэ. Би ээжид хүүхэлдэй бэлэглэсэн юм, ээж түүгээрээ тоглож ярилцдаг – ээж өөрийгөө бяцхан охин л гэж боддог байсан байх. Ээжийг ямар нэгэн зүйлд санаа зовоод эхлэхээр нь би түүнд “хүүхэд” өгдөг байлаа. Хүүхдээ аваад ээж шууд л тайвширчихна.”

dailymail.co.uk

“Залуудаа би маш хүнд байдалтай тулгарч байсан юм, энэ бүгдийг даван туулахад ээж минь л надад тусалсан. Миний ээж гайхамшигтай эмэгтэй. Ээж минь хайр нэхэхгүйгээр биднийгээ хайрлаж ирсэн, өөрт нь хүнд хэцүү байсан ч гэсэн хайрлаж халамжилсаар л. Түүний амьдралын сүүлчийн өдрүүдэд төрөл төрөгсөд нь уулзаж чадаагүйд л би харамсаж байна. Гэхдээ тэд ээжийг минь зохих ёсоор халамжилж чадахгүй байсан болов уу даа” гэж Шон сэтгэгдлээ хуваалцжээ.

10
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *