- Өнгөрсөн 1-р сард Suzie Quintal өөрийн нөхрийн хамт Норфолк арал дээр амарчээ.
- Нутгийн усанд шумбагч Susan Prior шумбалт хийж байх үедээ нэгэн загасны биед бөгж тээглэсэн байгааг анзаарсан байна.
- Suzie Quintal бүсгүйн хэлснээр нөхөр нь усанд сэлж байх үедээ бөгжөө гээсэн гэжээ.
Австралийн Сидней хотоос зүүн хойд зүгт 1600 км зайд орших Норфолк арлын нэгэн усанд шумбагч далайн хадран загасны биед хуримын бөгж тээглэсэн байгааг олж анзаарчээ. Хожим энэхүү бөгж нь Suzie Quintal гэгч бүсгүй нөхөртэйгөө тус арал дээр амарч байхдаа гээсэн $1000-ын үнэтэй бөгж болохыг олж мэджээ.
Хосууд өнгөрсөн 1-р сард тус арал дээр амарсан бөгөөд нөхөр нь усанд сэлж байхдаа хуримын бөгжөө гээсэн аж. Ийнхүү тэд бөгжөө ололгүй найдвар тасраад байсан ч энэ 7 хоногт усанд шумбагч тэдний бөгжийг олж харсан тухай мэдээ дуулгажээ. Daily Mail Australia хэвлэлийн мэдээллэж буйгаар түүний бөгж далайн хадран загасны хүзүү хэсэгт орж гацсан байдалтай байсан гэнэ.
Усанд шумбагч Susan Prior-ийн хувьд өмнө нь хуванцар бөгж биед нь тээглэж гацсан загаснуудыг олон харж байсан ч метал бөгж загасны биед тээглэсэн байсан нь загасны амь насанд аюултай болохыг дурьдаад, загасыг тороор барьж, бөгжийг болгоомжтой сугалж гаргаж болно хэмээжээ.
Suzie Quintal бөгжний тухайд, “Нөхөр маань бөгжөө гээснээ мэдээд маш их хайсан байсан. Тэгээд олж чадаагүй тул надад тэр тухайгаа хэлэхэд миний урам их хугарч байлаа” хэмээн Daily Mail Australia хэвлэлд ярьжээ.
Өдгөө арлын иргэд тус загасыг барьж авахаар ажиллаж байгаа юм. (Дээрх зурагт тус арлын ойролцоох усанд биед нь хуванцар бөгж тээглэсэн өөр загасны зургийг ашигласан болно.)
Түүнчлэн Suzie Quintal, “Би цаг үргэлж түүнийг усанд сэлэх гэж байгаа бол бөгжөө авч бай гэж зөвлөдөг байсан. Гэтэл тэр бөгжөө хуримын 2 жилийн ойн өмнөх өдрөө гээчихсэн байсан. Үүнийг сонсоод бид хамтдаа хайж, арал дээрх метал хайгчидтай хамтарсан ч тусыг эс олсон. Харин одоо бөгж маань тээглэсэн загасыг загасны тор татаж, шумбагчид усанд шумбаж, зарим хүмүүс нэвт харагддаг тунгалаг шалтай завиар явж хайж байна. Тэр арлынхан ч ийм ажилдаа тун сайн шүү” хэмээжээ.
5 сарын өмнө гээсэн хуримын бөгжөө олох итгэл алдраад байсан хосууд бөгж нь дахин харагдсан тухай мэдээг дуулаад үнэхээр балмагдсан аж.
Энэ тухайд тэрбээр, “Норфолк арал дээр миний танилууд бий. Тэднийг ч аливаа гээсэн зүйлсийг хайж олохдоо тун сайн бөгөөд тууштай гэдгийг мэддэг байсан ч бөгж олсон тухай мэдээ үнэхээр итгэмээргүй байсан. Харин загасны хүзүүнд бөгж тээглэсэн байсан гэдгийг олж мэдээд тэр загасанд санаа зовсон” хэмээн ярьжээ.
Suzie Quintal болон түүний нөхөр одоогоор тус арал руу буцаж очих боломжгүй байгаа тул тэд хуримын бөгжийг оллоо гэсэн мэдээг сэтгэл догдлон хүлээж суугаа гэнэ.