Бид бүгдээрээ гутлын дэлгүүрт нэг биш удаа гаргаж үздэг 9 алдаа. Шинэ гутал худалдаж авахдаа дараах зүйлсийг сайтар анхаараарай

0
0
21,800

XIV зуунд гутлын хэмжээг арвайн үрээр хэмждэг байж: 3 ширхэг үр нь нэг инч буюу 2,54 см гэж үзнэ. Өнөөдөр өөрийнхөө размерыг мэдэхэд маш амархан болсон болохоор таарах гутлаа олоход ч асуудалгүй. Гэхдээ гутал сонгох ажил бидний тэр болгон анзаардаггүй өөрийн гэсэн онцлогтой.

Гутал сонгохдоо түгээмэл гаргадаг алдаануудыг танилцуулахын зэрэгцээ зайлсхийх энгийн аргуудыг ч мөн дурдлаа.

Өсгийний байрлалыг анзаардаггүй

© Depositphotos.com, © Depositphotos.com

Өсгий зөвхөн гоо сайхан харагдуулах үүрэггүй, хөлийн улыг дэмжих зорилго мөн агуулж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Бид эхлээд өсгийгөөрөө гишгээд өлмий дээрээ ирдэг – тэгэхээр энэ хэсэгт аль болох их дэмжлэг ирэх ёстой юм. Тиймээс гутлын өсгий яг хөлийн өсгий дээр таарч байвал зохино. Хэрвээ гутлын өсгий хөлийн өсгийнөөс хойш эсвэл улны дунд хавьд ирвэл ачаалал жигд бус болж хөл чинь амархан ядарна. Ялангуяа өргөн өсгийтэй гутал сонгохдоо онцгой анхаараарай.

 

Гутлын өсгийг нарийхан хоншоортой нь хослуулах

© Rick Gold / Capital Pictures / Capital Pictures / East News, © Rick Gold / Capital Pictures / Capital Pictures / East News

Хэтэрхий өндөр өсгий, дээрээс нь хэтэрхий шовх хоншоортой гутал таны хөлөнд гэмтэй байж мэднэ. Өндөр өсгийтэй завь-туфль ямар хослол болохыг та төсөөл дөө: хуруунд ирэх ачаалал үнэхээр хүчтэй болно. Тиймээс аль нэгийг нь л сонгоход хүрч байна. Жишээ нь, өндөр өсгийтэй гутал сонгож байгаа бол хоншоор нь өргөн гутал хайгаарай.

Нарийхан хоншоортой гутал өмсөх дуртай юу? Тэгвэл хөлийг бүрэн барихааргүй гутал сонгоорой (гутлын урдуур зайтай байх ёстой, хуруунууд чөлөөтэй байхаар), эсвэл ийм гутлыг удаан үргэлжлэхгүй арга хэмжээнд л өмсөж болох юм.

 

Ямар зориулалтаар гутал авч байгаагаа бүрэн ойлгодоггүй

© East News, © Depositphotos.com

Хачин сонсогдож болох юм, гэхдээ пүүз болгон спортоор хичээллэхэд тохирохгүй. Тэгээд ч спорт өөрөө олон төрөлтэй, тиймээс өөр өөрийн гэсэн онцгой гутал өмсөх хэрэгтэй болно. Жишээ нь, сагсан бөмбөгчид урт түрийтэй пүүз өмсөх шаардлагатай бол, гүйлтийн тамирчид хөлийн улыг дэмжсэн, амортизац бүхий пүүз өмсөх хэрэгтэй байдаг. Аялал зугаалгын зориулалттай кэт гэхэд л спортын талбайд огт тохирохгүй: хавтгай улнаасаа болоод хөлийн улыг дэмждэггүй, тиймээс гүйлт, үсрэлтийн дасгалд нийцэхгүй гэсэн үг.

Аяллын гуталтай дасгал хийгээд байвал гутал хурдан мууддаг. Хавтгай ултай пүүз, кэт нь зарим нэг төрлийн спортод тохирдог: хүнд атлетийнхан бага зэрэг өсгийтэй кэт, пүүз өмсдөг гэдгийг та анзаарсан уу? Хавтгай ул нь шалтай сайн зууралддаг тул суух, суниах бас хүндийн өргөлтийн төрөлд тохиромжтой ажээ.

 

Зөвхөн хэмжээнд л анхаарал хандуулдаг

© Pexels

Хэмжээ – гутал авахад анхаарах ёстой үндсэн xүчин зүйл маргаангүй мөн. Сонирхсон гутал тань яг таарч байвал кассан дээр бичүүлэх гэж бүү яар. Гутлын бусад бүрдлүүдийг анхааралтай хараарай: оёдол нь бүрэн сууж өгч байна уу? Үдээс нь бат бөх байна уу? Гоёл нэмж болох юм байна уу? Цахилгаан нь бүрэн ажиллаж байгааг шалга. Жишээ нь, та сандаль сонгож байна гэж бодъё, алхахад хөлнөөс сугарч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хөлөнд хэр эвтэйхэн сууж байна, үдээсийг нь өөртөө тохируулж болж байна уу?

 

Гутлыг зөвхөн хивсэн дээр л өмсөж үздэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Гутлын дэлгүүрийн толины хажууд ихэвчлэн жижиг хивсэнцэр тавьсан байдаг. Тэгэхээр гутал өмсөж үзэхдээ бид хүссэн хүсээгүй тэр хивсэнцэр дээр гишгэж таарна. Хөвсгөр зөөлөн хивсэнцэр үнэндээ хуурмаг мэдрэмжийг л өгнө. Хивсэнцрийн ширхэг гутланд угаасаа байхгүй зөөлөн мэдрэмжийг төрүүлнэ гэсэн үг. Хөлөнд ямар байгааг бодитоор мэдрэх, гутлын ул аль хэр хатууг ойлгохын тулд хивсэнцрээс гарч худалдааны төвийн танхимаар алхаж үзэх хэрэгтэй – таны сонирхсон гутал ямар болохыг ингэж л ойлгоно.

 

Гутал өмсөж үзэхдээ хангалттай удаан явдаггүй

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хэдхэн алхам яаж ч бодсон хангалтгүй – гутал хөлд эвтэйхэн байна уу, үгүй юу гэдгийг мэдэрч чадахгүй. Тэгэхээр шинэ гутал өмссөний дараа удалгүй хөл ядрах эсвэл буруу гутал сонгох магадлал нэмэгдэнэ. Авахаар сонирхож байгаа гутлыг ойролцоогоор 15 минут өмсөж явж үзэх шаардлагатай, даанч хүн болгон ийм зориг гаргаж чаддаггүй. Эхний удаад урьдынхаасаа арай удаан өмсөөд алхаж үзээрэй.

 

Хэтэрхий задгай гутал сонгодог

© Depositphotos.com, © Depositphotos.com

Энэ удаад хэн нэгний сонирхлыг буруутгах гэсэнгүй. Задгай гутал үнэндээ цөөхөн үдээсэн дээр л тогтож байдаг. Тиймээс хөл гуталд бүрэн сууж өгөхгүй, холхих нь их. Гутал ч тогтворгүй болж ирнэ. Ийм гутал удаан өмсөхөөр хөл тэсэхийн аргагүй өвддөгийг битгий мартаарай.

 

Хөлийн хэлбэрээ тооцолддоггүй

© Depositphotos.com

Тэр болгон хөлийнхөө хэлбэрийг мэддэггүй төдийгүй хөлийнхөө хэлбэрт зөв таарсан гутал сонгож бүр ч мэддэггүй. Анатомын онцлог ямар нэгэн гутал сонгоход нөлөөтэй – хөлд эвтэйхэн байж чадах, эс чадахад нөлөөлдөг. Гол шалгуур нь хурууны уртаас шалтгаалж 3 төрөлд хуваана. “Египет” хөлтэй хүний урт хуруунууд – эрхий, бусад хуруунууд нь богиносоод явна. Ийм хөлтэй хүнд урт эсвэл дугуй хоншоортой гутал илүү тохиромжтой. Хөлийн хэлбэрийг алдагдуулахыг хүсээгүй бол хэтэрхий нарийхан, хурц хоншоортой гуталнаас зайлсхийвэл зохино.

“Ром” хэлбэрийн хөлтэй хүний эрхий, долоовор болон дунд хуруу нь адилхан урттай. Ийм хөлтэй хүмүүс дугуй эсвэл дөрвөлжин хоншоортой гутал өмсвөл эвтэйхэн байна. “Грек” хөлтэй хүний хамгийн урт хуруу – долоовор. Ийм хөлтэй хүнд нарийхан хоншоортой гутал тохирно – бусад хуруунуудад хангалттай зай үлддэг байна.

 

Буруу оймстой гутал өмсөж үздэг

© nata_nytiaga / Shutterstock, © Alones / Shutterstock

Өмсөхөд эвтэйхэн гутал сонгохын тулд өмсөхөөр төлөвлөсөн оймс эсвэл трикотой өмсөж үзэх хэрэгтэй. Жишээ нь, өвлийн гутал сонгох гэж байгаа бол нимгэн трикотой өмсөж үзэх нь утгагүй. Өвөл та зузаан дулаахан оймс өмсөж таараа, тэгэхээр дэлгүүр орохдоо зузаан оймстой явах нь зөв. Ингэж байж л зөв гутлаа сонгож чадах ажээ.

Та гутал сонгож авахдаа юуг нь хамгийн түрүүнд анхаардаг вэ?

28
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.