0,46 доллар буюу 1300 төгрөгөөр гоймонтой шөлөө зардаг нэгэн фермер интернетэд маш их алдартай болжээ. Тэр энэ их нэр алдрынхаа ачаар хэцүүхэн байдалд байсан тосгоноо аварч чадсан байна

0

Чен Юньфу өөрт нь ирсэн алдар хүндийг тийм ч дуртай хүлээж аваагүй юм. Энэ үйл явдал хятадын сошиал сувагт 2 дугаар сарын сүүлээр тавигдсан нэгэн бичлэгээс эхэлжээ. Чен тосгоныхоо зах дээр уламжлалт гоймонтой шөлөө маш хямдхан зардаг ба нутгийн ард иргэд нэг аяга шөлийг 3 юаниар л худалдаж авдаг байна.

Бичлэг ч вирус шиг тарж Чен интернетэд хэдэн мянган шүтэн бишрэгчтэй болсон юм. Түүнийг “Рамен ах” гэх болжээ. 39 настай фермер сүүлийн 15 жил рамен шөлнийхөө үнийг нэмэлгүйгээр тосгоныхоо зах дээр зарж байгаа гэдгээ хэлсэн юм. Тэр Шандунь мужийн Фэйсяньд харьяалагдах тосгонд амьдардаг. Хэрвээ тэр шөлнийхөө үнийг нэмчихвэл нутгийн ард иргэд халуун шөл идэж чадахаа болино гэж тайлбарлажээ.

Мөн тэдний төлсөн мөнгөнд нь тааруулаад шөл аягалаад өгөөд байвал нутгийн ахан дүүс нь өлсөнө гэж  Чен мөн хэлсэн байна.

i-scmp.com

“Бүгд баяжаад амьдралаа аваад явах чадалтай болсон цагт л би үнээ нэмнэ” гэж хэлсэн түүний бичлэг одоогийн байдлаар 200 сая үзэлттэй болсон. Түүний энгийн даруухан зан, сайхан сэтгэл нь олон нийт, влогеруудыг догдлуулахад хүргэж фермерийн амьдардаг Матих тосгонд цувран ирэхэд хүргэжээ. Гэхдээ тэдний зорилго нь Ченийн нэрийг ашиглан бага ч болов өөрийгөө алдартай болгох гэсэндээ ирж байгаа юм: алдартай шинэ баатрын нэрийг гаргаж сошиал суваг дахь өөрийнхөө үнэлгээ, хандалтыг нэмэгдүүлэх л гэж…

Тосгоны нарийхан гудамжнууд их хүний хөлд дарагдаж эхэлжээ. Зарим нэг ухамсаргүй влогерууд Ченийн хувийн амьдралд хэтэрхий хамаагүй орж, хашааг нь даван түүний юу хийж байгааг лайв бичлэгээр харуулахыг оролдсон байна.

i-scmp.com

Чен олны хөлөөс дaйжиж гэрээсээ нэг хэсэгтээ гарсангүй. Гэрээсээ гарч чадахгүй байгаа тэр шөлөө хийж чадахгүй нь ойлгомжтой. Заримдаа бүр төрөл төрөгсдийнхөө гэрт хоног төрүүлсэн ч удаа бий гэнэ.

i-scmp.com

“Би алдартай байхыг хүсэхгүй байна. Энэ шуугиан надад бөөн асуудал үүсгэлээ. Би жирийн нэг фермер хүн. Рамен хийж зардаг. Миний тухай түүх ингээд л дуусаа” гэж 2 дугаар сарын 27-нд сэтгүүлчдэд өгсөн ярилцгадаа дурджээ.

Зарим нэг влогерууд ажлаа хийж байгаа Ченийн наана зургаа даруулахын зэрэгцээ төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн төлбөртэйгөөр сурталчилж бичлэгээ интернетэд тавих болсон байна. Влогеруудаас гадна Ченийг харж тэр алдартай хямдхан раменийг идэх хүсэлтэй хүмүүсийн цуваа нэмэгджээ. Маш энгийн шөлийг идэхээр тэд хоёр гурван цагаар дугаарлан зогсох нь сонирхол татна.

i-scmp.com

Ченийн байнгын үйлчлүүлэгчид зах дээр овоорсон хүмүүсийг харж ихэд айж сандарцгаасан гэдэг. Бас Ченээс элдэв янзын асуулт асууж, ажлыг нь тайван хийлгэх боломжгүй болгосон хэмээн Чен ярьжээ:

“Би маш их дaрамтанд байна. Хятадын бүх интернет хэрэглэгчид над дээр анхаарлаа төвлөрүүлж, энэ нь миний амьдралыг хүндрүүлж байна. Нийгэм удахгүй надаас уйдах байлгүй дээ гэдэгт л найдахаас…”

i-scmp.com

Чен Chutian Metropolis News-д өгсөн сүүлчийн ярилцлагадаа влогеруудын байнгын анхааралд байгаадаа дасаж байгаа тухай дурджээ. Өөрийнхөө эргэн тойронд бужигнах хүмүүсийн талаар өөр бодолтой болсон тэрээр:

“Тэд лайв  бичлэгээ өглөөний 6-7 цагаас эхлүүлж оройны 10 цаг орчим дуусгадаг. Тэд яг л над шиг юм, амьдрахын төлөө л ажиллаж байгаа хүмүүс”.

Тосгоныг зорин ирэх хүмүүсийн ачаар нутгийн ард иргэдийн орлого мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг анзаарсан Чен ч өөрийнхөө нэр төрийг тосгоныхоо төлөө дуртайяа ашиглуулахаар болжээ. Матих тосгон жижигхэн, гудамжны гэрэлгүй, засмал зам ч байхгүй газар. Харин сүүлийн өдрүүдэд нутгийн зочид буудал, ресторан болон супермаркетууд ёстой цэцэглэх шиг л болсон юм. Ченийн гэрийн ойролцоо хэд хэдэн худалдааны жижиг цэгүүд нээгдэж ил гал дээр шарсан мах, хонины шөл зэрэг нутгийн хоолоор үйлчлэх болжээ.

Жишээ нь, Цуй гэх эмэгтэй урьд нь гэрийн эзэгтэй байсан бол Чен алдаршиж эхэлсэн тэр л өдрөөс эхлэн унадаг дугуйгаараа хүн тээвэрлэн мөнгө олдог болсон. Тэр Чен дээр ирсэн зочдыг тээвэрлэнэ. “Сүүлийн долоо хоногт гэхэд л би ойролцоогоор 4-5 мянган хүн зөөсөн байна, өдөрт өглөөний 10-аас оройн 9 цаг хүртэл зогсоо зайгүй ажилладаг” гэж тэрээр ярьжээ.

Ли Веймин бол тосгоны ахлагч, тэрээр 5 ажилтан, 30 сайн дурынхны тусламжтайгаар хоёр долоо хоногийн турш блогер, Ченийн шүтэн бишрэгчдэд цаг наргүй үйлчилсэн байна. Ирсэн хүмүүсийг зохион байгуулалттайгаар автобусанд суулгаж Ченийн ажлын байранд авчирдаг. Тосгоны ахлагч: “Миний  ажил өдөр болгон оройны 23 цагт дуусна. Манай тосгон хөгжих боломж олдсонд бид үнэхээр их баяртай байгаа шүү” гэжээ.

Хүний хөл хөдөлгөөн огцом нэмэгдсэн тосгоны замыг өргөсгөөд зогссонгүй зургаан машин багтахаар зогсоол ч хийж өгчээ. Влогерууд интернетийн хурд муу байна гэж гомдоллосны ачаар харилцаа холбоо хариуцсан China Mobile компани нь тосгонд интернетийн хурдыг нэмэгдүүлэх хоёр тусгай автомашин илгээжээ.

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг үг бодит биелэлээ олжээ. Таны хувьд ямар бодолтой байна?

10
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *