Үнэтэй брэндийг зөвхөн түүний нэр эсвэл брэндийн түүх бий болгохгүй, мөн материал болон гүйцэтгэлийн чанар гол үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ масс-маркетын бараа бүтээгдэхүүн өрсөлдөх чадваргүй гэж бас ойлгож болохгүй юм. Хамгийн гол нь – чухам юунд анхаарал хандуулах, мөн ямар гологдолтой байвал худалдаж авахаас шууд татгалзах ёстойг мэдэж байвал зохилтой.
Элит хувцаснаас дутуугүй харагдах масс-маркетын хувцас худалдан авахад юу анхаарах ёстойг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.
Төвөгтэй загвар
Люкс брэндийн ялгагдах нэгэн онцлог бол тэд ихэвчлэн төвөгтэй дизайн гаргаж оёдог. Тэдний хувцасны загвар, бүтэц үнэхээр давтагдашгүй. Стандарт загварыг бодвол ийм хувилбар илүү үнэтэй харагдана, тэгээд ч цаанаасаа хээнцэр дүр төрхийг бий болгодог: нэг л төрлийн хувцас зураг дээр ямар өөр харагдаж байгааг та ажиглаарай. Пиджак – хэлбэр, дизайнаасаа болоод тэс өөр дүр төрхийг бий болгож чаджээ.
Дуулгах сайхан мэдээ гэвэл масс-маркетад ийм загварын хувцас цөөнгүй таарна. Ихэнх хүмүүс ийм загварын хажуугаар өнгөрч сонгодог загвар руу хошуурдаг нь харамсалтай. Тиймээс дараагийн удаа стандарт бус загвартай хувцсыг зоригтойгоор сонирхож үзээрэй.
Оёдол
Сул оёдолтой хувцсыг татахад даавуу нь арзайж эхэлбэл муу чанартайг илтгэнэ. Татагдсан оёдол муухай харагдах тухай энд дурдаад ч хэрэггүй, аль ч утгаараа даавууг гэмтээж эдэлгээг багасгах нь ойлгомжтой.
Харин ойрхон, чанга оёдол хувцасны чанар, эдэлгээг сайжруулдаг талтай. Оёдлыг шууд өмсөөд мэдэх боломжгүй. Оёдлыг шалгахын тулд гараараа сайтар татаж үзэх хэрэгтэй.
Цахилгаан
Хуванцар цахилгаан спорт хувцсанд л илүү тохиромжтой, өөр бусад тохиолдолд төмөр цахилгаантай хувцас сонгохыг хичээгээрэй. Эдэлгээ даана, цахилгааны шүд нь ч бага унадаг. Харин хуванцар цахилгааны шүд унах нь их бөгөөд амархан мууддаг талтай.
Үүнээс гадна тухайн хувцсыг удаан өмсөхөөр шийдэж худалдаж авч байгаа бол цахилгааны чанар, хамгаалалтыг зайлшгүй анхаарна. Далд цахилгаан элдэв зүйлд өртөж цохигдохоос хамгаалагдсан – оёход ч амаргүй бөгөөд илүү үнэтэй, өртөгтэй гардаг. Гэхдээ хувцсыг үнэхээр чамин харагдуулдгийг огт мартаж болохгүй.
Даавуу
Амархан үрчийдэг даавууг арчлахад их хэцүү, дөнгөж индүүдээд өмссөн цамц үрчийсэн байхад хэн л дуртай байх вэ дээ. Тэр болгон үрчийгээд байдаггүй даавуу гэж бий. Хөвөн болон тааран даавуу нь ноосны орцтой даавуунаас энэ талаар давуу, харин синтетик материал нь нейлон, спандексийн орцоосоо болоод аль ч утгаараа давуу хэрэглээтэй (энэ удаад цэвэр гаралтай даавуу эрүүл мэндэд тустай, биед эвтэйхэн гэж маргалдахаа түр орхицгооё).
Үүнээс гадна нарийн нэхээстэй даавууг мөн анхаарч үзээрэй, тухайлбал, саржа, жаккард болон оксфордыг. Эдгээр төрлийн даавуу нь тэр болгон хиртэхгүй бас механик гэмтэлд тэсвэртэй ажээ.
Дотор
Нөхөөсний чанар болон оёдол – чанарын чухал үзүүлэлт хэдий ч хүмүүс тэр болгон анхаарал хандуулдаггүй. Гадуур хувцас болон пиджакийг бүрдүүлэх чухал хэсэг, үүний л ачаар тухайн хувцас зохих хэлбэрээ хадгалж үлддэг юм шүү дээ. Сайн чанарын материалаар хийсэн хувцас дотор нь чийгийг гадагшлуулж, агаарын солилцоог бүрэн хангаж чаддаг.
Энэ материал дээр хэмнэлт гаргасан байвал хувцасны чанар муу байна л гэсэн үг – хувцас амархан сунана, хэлбэрээ алдана, дотроосоо элэгдэж биед таарахаа болино. Шуудхан хэлэхэд, чанартай материалаар хийсэн хувцсыг ч гутааж болох юм.
Зураг, хээ тааруулах
Залгаас дээр зураг, хээ таарах – чанарыг тодорхойлох бас нэгэн шинж тэмдэг боловч бас л тэр болгон анхаарч үздэггүй. Энэ шалгуур хувцасны бат бөхөд нөлөөлөхгүй нь мэдээж, гэхдээ тухайн брэнд хувцасны эсгүүр гаргахдаа багагүй хэмнэлт гаргаж чадсаныг илтгэх юм. Ямартай ч өмсөөд үзэхэд таны хүссэн дүр зураг огт харагдахгүй.
Үүнээс гадна зөрсөн хээ, зураг нь биеийн харьцааг алдагдуулж болохыг бүү мартаарай.
Цавуу
Цавуу нь даавуу, арьс зэргийг хамгийн хямд бөгөөд хурдан наах арга мөнөөс мөн, тийм ч учраас үйлдвэрлэгчид зардлаа хэмнэхийн тулд цавуу ашиглахыг хүсдэг юм. Тэдний ашигласан цавууны чанараас шалтгаалж таны худалдаж авсан хувцасны эдэлгээний хугацаа шууд тодорхойлогдоно.
Аливаа хувцасны эсгүүрийг оёж нийлүүлэх нь хамгийн найдвартай аргад тооцогддог. Тиймээс гутал, хувцас худалдаж авахдаа цавууны ул мөр байгаа эсэхийг шалгаарай – чанартай хувцсанд цавуу байх ёсгүй, зөвхөн оёдол л харагдана.
Та хувцас худалдан авахдаа аль үзүүлэлтийг сайтар шалгаж авдаг вэ?