Ядуу гаралтай Испани хүү дэлхий даяар хүмүүсийн өмсөх дуртай болсон “Zara” брэндийг үүсгэн байгуулсан гайхамшигт түүх

0

Zara брэндийн хувцас дэлхий дээр байдаг ихэнх хуцасны шкафанд өлгөөтэй байдаг гэхэд буруудахгүй. Парисаас авахуулаад Токиогийн загварлаг залуучууд худалдааны төвөөс боломжийн үнээр уг брэндийн шинэ загварын хувцсыг авалгүй гарах нь тун ховор. Өнөөдрийн Inditex компанийн бүрэлдэхүүнд Zara-гаас гадна Pull & Bear, Bershka, Stradivarius брэндүүд багтаж байна. Эдгээр нь дэлхийн хувцасны жижиглэнгийн худалдаанд тэргүүлж байгаа брэндүүд яах аргагүй мөн. Уг компанийг үүсгэн байгуулагч – испани эр Амансио Ортега нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын тэргүүн байранд бичигддэг.

Бид Zara компанийн үүсгэн байгуулагчийн намтрыг сонирхож үзсэн юм. Ядуу айлын хүү хэрхэн дэлхий дахиныг хувцаслах саятан болж чадав?

Гэр бүлээ ядуу зүдүү амьдралаас гаргахын тулд Амансио 13 насандаа сургуулиа орхисон

© Imaxepress / Depositphotos

Амансио Ортега Гаона 1936 онд Испаний хойд хэсэгт байрлах 100 орчим хүн амтай жижигхэн тосгонд төржээ. Тэрээр айлын гурав дахь буюу ууган хүү байв. Гэр бүл нь их ядуу амьдралтай, төмөр замын ажилтай аавынх нь цалин өнөр өтгөн гэр бүлийг тэжээж үнэндээ хүрэлцдэггүй байжээ.

Хүү нэгэн удаа ээжтэйгээ дэлгүүр цуг явсан бөгөөд худалдагч ээжид нь ийн хэлж байхыг сонссон юм: “Хатагтай, би танд дахиж зээлээр бараа олгож чадахгүй”. Энэ үг залуу Амансиод доромжлол мэт санагдсан тул тэр ойр дотнын хүмүүсээ ядуу зүдүү амьдралаас гаргана гэж өөртөө амласан байна. Хүү 13 настайдаа сургуулиа орхин Gala цамцны дэлгүүрт ажилд оржээ. Энэ нь загварын салбарт ажилласан анхных нь ажил байлаа.

Ортего эхлээд гар хөлийн үзүүрт л зарагддаг хүү байсан юм. Жижиг сажиг ажил хийхийн зэрэгцээ гараар хувцас оёж сурчээ. Gala-тай байгуулсан анхны ажлын гэрээгээ одоо болтол хадгалдаг ч гэж ярьцгаадаг юм. Жилийн дараа гэхэд албан тушаал ахиж дэлгүүрийн туслагч болжээ. Хариуцлагатай, ажилдаа үнэнч залууг менежер хүртэл ахиулж, түүний хуучин ажлын байранд Розалина Мераг авсан байна. Тэд ирээдүйд нэгэн дээвэр дор амьдарч, хамтрагчид болцгооно.

 

Ортега анхны дэлгүүрээ Zara гэж нэрлэнэ хэмээн бодоогүй аж

© teamtime / Depositphotos

Нэг удаа Амансио, Розалина хоёр зугаалж байхдаа дэлгүүрийн шилэн хоргонд байгаа үнэтэй, торгон дотуур хувцас харжээ. Залуу хайртай бүсгүйгээ баярлуулахаар шийдэж үнэтэй дотуур хувцсыг дуурайлган оёсон нь амжилттай болсон юм.

1963 онд ажил хэрэгч эр GOA Confessiones гэх нэртэй анхныхаа компанийг үүсгэн байгуулав. Гэр бүлийн жижигхэн оёдлын компани гэрийн хувцас оёдог байлаа. Ажил төрөл амжилттай байсан тул хүрээгээ өргөжүүлж дотуур хувцас, хүүхдийн хувцас, унтлагын хувцас зэргийг үйлдвэрлэх болов. Бизнес эрхлэгч залууд ах, эгч нар нь туслахын зэрэгцээ 1966 онд Ортегагийн эхнэр нь болсон Розалия ч гар бие оролцоно.

© Xurxo Lobato / Getty Images Entertainment / Getty Images

Анхны эхнэр Амансио Розалия Мера

Гэр бүлийн хосууд 1975 онд Ла-Коруньигийн төвд анхны жижиглэнгийн дэлгүүрээ нээхээр шийдэж “Zorba The Greek” киноны гол дүрийн Zobra гэж нэрлэхээр бэлдээд байв. Дэлгүүрийн хаягаа хүртэл хэвлүүлээд өлгөхөд бэлэн болгосон байсан гэдэг. Гэтэл дэлгүүрийн ойролцоо нь яг адилхан нэртэй баар ажиллах болсон тул Амансио, Розали хоёр байгаа үсгээрээ шинэ нэр бодож олохоос өөр аргагүй болов. Zara ингэж л бий болжээ.

Уг брэндийг өнөөдөр сурталчлах ямар ч хэрэг байхгүй, гэхдээ Ортега тэр үед олны анхаарлыг татахын тулд юм бүхнийг л хийдэг байлаа. Дэлгүүрийн хажуугаар өнгөрөх хүмүүсийн анхаарлыг татахын тулд цонхны тавцан дээрээ амьд тахиа хүүртэл тавьж байсан гэдэг.

 

1988 оноос Zara дэлхий дахинаа өргөжиж эхэллээ

© Sorbis / Shutterstock

1980-аад онуудад Ортега хувцасны шинэ дизайн гаргаж зах зээлээ тэлэх явцыг эрчимжүүлэх стратеги дээрээ шаргуу ажиллажээ. 1985 онд Inditex компанийг үүсгэн байгуулж 1980-аад оны сүүл гэхэд Испанид Zara-гийн 80 орчим дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байв. 1988 он гэхэд Амансио дэлхийн зах зээлд гарах анхны алхамаа хийжээ – Португалд анхны дэлгүүрээ нээсэн юм.

Гадаад улс орнуудад нээгдэж амжилттай ажиллах анхны дэлгүүрүүдээ хараад Амансио сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй гэдэг. 1989 онд Манхэттенд дөнгөж нээгдсэн Zara-гийн худалдан авагчдын бөөгнөрлийг харсан бизнес эрхлэгч эр ариун цэврийн өрөөнд орж хүүхэд шиг уйлсан юм. Аминдаа бусдаас баярын нулимсаа нуусан нь тэр. Жилийн дараа Парист анхны дэлгүүрээ нээж хүний хөлд дарагдсан байна. “Францын нийслэлд нээгдсэн анхныхаа дэлгүүрт орохыг оролдсон л доо, даанч хүн ихтэй байсан тул дотогшоо орж чадаагүй. Дэлгүүрийн үүдэн дээр зогсоод яг л хүүхэд шиг эхэр татан уйлсан юм” гэж Ортега дурсан ярьсан байдаг.

Zara-гийн хувцасны даавууны өндөр чанар, моодны загвар бас боломжийн үнэ нь хэрэглэгчдийг өөрийн эрхгүй татаж чадсан юм. Тус компани зөвхөн газар нутгийн хувьд тэлээд зогссонгүй мөн нэр төрлөөрөө хэрэглэгчдийн хайрыг татаж эхэлжээ. Компанийн нээсэн бусад шинэ брендүүдээс дурдвал: Bershka – залуучуудад, Oysho – биед эвтэйхэн дотуур болон гэрийн хувцас сонирхогчдод, Zara Home – гэр тохижилтын загварлаг бараа бүтээгдэхүүн сонирхогчдод.

 

Тэрбумтан гудамжинд алхах хүмүүсээс санаагаа авдаг

© AP / East News

Бизнес эрхлэгч Ортего компанид болж байгаа бүхий л үйл явцыг байнга хяналтандаа байлгадаг. Түүний ээлжийн амралт авсан нь тун ховор, тэр ч бүү хэл баяр наадмын өдрүүдэд ч ажил дээрээ л сууж байдаг ажээ. Тэгсэн мөртлөө өөрийн ажлын өрөө гэж хэзээ ч байсангүй. “Миний ажил – үйлдвэр дээрх ажил” гэж тэр хэлсэн юм. 2011 онд Ортега Inditex компанийн ерөнхийлөгчийн албан тушаалаасаа больсон ч компанийн ажилд идэвхтэй оролцсон хэвээр байна.

Амансиогийн авхаалж самбаа, гүйлгээ ухааны ачаар түүний төрүүлсэн компани хурдан “моод” болж чадсан юм. Тэрбумтан загварын тайзнаас санаагаа олдоггүй харин эргэн тойрон байгаа хүмүүсээс санаагаа авдаг. Нэг удаа гудамжинд хатгамалтай жийнсэн хүрэм өмссөн залууг хараад шууд дизайнеруудынхаа нэг рүү залгаж Zara-гийн дараагийн цуглуулгад адилхан загвартай хувцас гаргахыг санал болгосон байдаг. Inditex-ийн эцэг худалдааны цэгүүд дээр ирж байгаа худалдан авагчдын санал гомдолд ач холбогдол өгч анхааран авч үздэг. Ингэж байж л худалдан авагчдын сонирхлыг мэдэх боломжтой гэж менежерүүд нь дурдсан байдаг юм.

© SharpShooter / Depositphotos, © AGCreativeLab / Depositphotos

Амансио хүн болгонд сэтгэлийн сайхан үг хэлж чаддаг гэж Inditex-ийн ажилтнууд онцлон хэлж байна. Үнэхээр ч тийм, хүнийг хүндэлж анхаарах – жинхэнэ эр хүнийг бий болгох гол хүчин зүйл. Тэр ажилтнуудаа үнэлж, чин сэтгэлээсээ хайрладаг, тийм ч учраас түүний ажилтнууд түүнд хайртай.

 

Амансио даруухан амьдрахыг хүсэх бөгөөд чөлөөт цагаараа мал аж ахуй эрхэлдэг

© Europa Press – Pool / Getty Images

Амансио хоёр дахь эхнэр Флора Пересийн хамт

Дансандаа олон тэгээс бүрдэх хөрөнгө бас 9 улс оронд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөтэй ч гэлээ тэрээр ихэд даруухан амьдардаг нэгэн. Zara-гийн үүсгэн байгуулагч өөрийн брэндийн хувцсыг өмсдөггүй, ер нь өөрийн хувцсанд нэг их толгойгоо өвтгөөд байдаггүй ажээ. Амансиогийн тогтсон гоёл гэвэл: хөx пиджак, цагаан цамц тэгээд саарал өмд.

Төрөлх Ла-Коруньийн гудамжаар зугаалах нь түүний хувьд энгийн зүйл, бизнес эрхлэгч энэ эр ажилтнуудтайгаа цуг суун өдрийн хоолоо иддэг. Амансио чөлөөт цагаараа ач зээ нартайгаа тоглох дуртай, бага охин Мартагийн хамтаар морин спортоор хичээллэнэ. Бас ямаа, тахиа тэжээдэг гэж байгаа.

© MIGUEL RIOPA / AFP via Getty Images

Амансио бага охин Мартагийн хамт

Ортега хэвлэл мэдээлэлд ярилцлага бараг өгдөггүй, олон нийтийг хамарсан арга хэмжээнд ч очих дургүй. Гэрэл зургаа даруулахаас зайлсхийдэг. Нэг удаа эхнэрээ тосож авахаар онгоцны буудал оржээ. Хажуугаар өнгөрөх хүмүүс түүнийг таньж эхлэхэд санаа нь зовоод эргээд машиндаа суусан байдаг. Хүний нүдэнд өртөлгүй эхнэрээ тосож аваад буцахын түүс болжээ.

“Би даруухан амьдрахыг хүсдэг, жирийн л нэг хүний амьдралаар. Дуртай газар руугаа тайван явж болох тийм л жирийн амьдралаар, хэн ч намайг танихгүй” гэж хувийн орон зайгаа хадгалж үлдэхийг хүссэн тэрээр хэлсэн байна.

Та Амансио Ортегагийн намтрын талаар юу гэж бодож байна? Та Zara-гийн хувцас өмсөх дуртай юу?

6
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *