Олон хүмүүсийг зовоосон байрны засварын 14 алдаа. Харин та үүнийг эрт мэдсэнээр алдаа гаргахаас зайлсхийж чадна

2

Засвар хийж эхлэхээс өмнө бид ирээдүйн гэрээ төсөөлж хардаг. Дизайны чиг хандлагыг тодорхойлсон сэтгүүл үзэж харна, харин дэлгүүрийн худалдагчид бидний сонирхож барьсан болгоныг зарчих гэж үзнэ. Бидний хийсэн сонголт төсөөлж байсан шигээ тав тухыг мэдрүүлэхгүй байх тохиолдол бий. Үнэндээ аливаа зүйлийг бид тэр болгон нарийвчлан боддоггүйтэй л холбоотой байх.

Намайг шинэ байрны маань хоёр зүйл галзууруулахад хүргэж байна. Энэ бол миний анхны засвар биш л дээ, аминдаа л бүх зүйлийг нарийн төлөвлөлөө гэж бодсон. Даанч яаж ийж байгаад л шинэ зүйлтэй тулгарах юм.

Энэ удаад би өөрийнхөө болон миний ойр дотнын хүмүүсийн гаргасан алдаануудаас танд танилцуулахыг зорилоо. Хэрвээ та засвар хийх гэж байгаа бол эдгээр зөвлөгөө таны санхүү, цаг бас хөдөлмөрийг хэмнэхэд тус болно гэж найдаж байна.

Гал тогооны дугуй угаалтуур

Дугуй угаалтуур 90-ээд оны үед бидний амьдралд түрэн орж ирсэн, тэр үедээ этгээд бас эргономик санагдаж байж билээ – тавагны хэлбэрт яг тохирдог. Гэхдээ бодит хэрэглээнд үнэхээр тохиромжгүй: дөрвөлжин угаалтуурт илүү их сав суулга хийж болно. Аяга, стакан дөрвөлжин угаалтуурын буланд орчихдог. Харин дугуй угаалтуурын хувьд буланд нь тавих гэдэг ойлголт байхгүй, дээр дээрээсээ л овоороод байна.

 

Тусдаа байрлах ванн

Ийм төрлийн ванныг би олон жил бодож яваа юм, засварын тухай сэдэв хөндөгдөхөөр л энэ сайхан санаа өөрийн эрхгүй төрнө. Аргагүй шүү дээ: загварлаг бас орчин үеийнх. Гэхдээ бодитоор харвал – ийм ванн суурилуулах гэж байгаа бол таны ванны өрөө том байх ёстой. Эс бөгөөс ванны эргэн тойронд байгаа бохирыг цэвэрлэхэд тун хэцүү – ванн болон ханын завсраар гар багтахгүй.

 

Гүйдэг хаалгатай шкаф

90-ээд оны сүүлээс эхэлж гүйдэг хаалгатай шкафанд дурлах болсон. Тэр үед бага талбайтай хуучны байрнуудад үнэхээр эрэлт хэрэгцээтэй байж нээгддэг хаалгатай сонгодог шкафны орыг эзэлжээ. Тэр цагаас хойш хаа сайгүй л гүйдэг хаалгатай шкаф хийх болсон.

Харин бодит амьдрал дээр гүйдэг хаалгатай шкаф хэрэглээ хангахгүй: хаалга нь гүйцэд хаагддаггүй тул эзнийхээ замбараагүй ертөнцийн нууцыг ил болгоно. Харин нээгддэг хаалгатай шкаф хамаагүй дээр: хаалга нь гүйцэд хаагдана, эсвэл хоёр хаалгыг нь зэрэг онгойлгоод бүх хувцсаа харчихна. Тэгээд ч үнийн хувьд хамаагүй хямд.

 

Хавтгай бариултай гоожуур

Энэ гоожуур ёстой миний толгойны өвчин болж байгаа. Яагаад ийм худалдан авалт хийснийг тайлбарлах маш амархан. Яриа хөөрөөтэй худалдагчийн нөлөөнд орж хэсэг хугацаанд манарчээ. Ихэнх гоожуурыг бөмбөгөр хийдэг, гоожуур дээр тогтсон ус урсах зориулалттай юм. Игээд би өөрөөсөө болоод өөрийгөө чадаад сууж байгаа юм. Гоожуур хавтгай бол тогтсон ус бүгд тэндээ үлдэнэ, хатаад толбо болно. Ийм шинэ гоожууртай болоод хэдхэн долоо хоногийн дараа л алдаагаа ухаарсан. Гэхдээ би нэгэнт оройтжээ.

 

Хар бараан шал

Паркет уу, плита юу хамаагүй, бүгд адилхан: хар бараан шалан дээрх хог цайвар шалан дээрхээс илүү их мэдэгдэнэ. Зөвхөн шал төдийгүй мөн тавилга ч гэсэн мөн адил – дээр нь буусан тоос шороо, амьтны үс ноос, хоолны үлдэгдэл хог энэ бүгд шууд нүдэнд өртдөг. Аз болж найз маань надад туршлагаасаа хуваалцаад, тэр хар өнгийн шалтай юм. Би өдөр болгон тоос шороо арчиж суухыг хүсээгүй юм, ингээд модны өөрийн өнгөтэй шал тавьсан даа. Ийм өнгө одоо моод ч болсон гэнэ лээ.

 

Угаалтуурнаасаа тусдаа байрлах гоожуур

Энэ хувилбар үнэндээ чамин, орчин үеийн харагдана. Угаалтуурын эргэн тойронд элдэв хэрэгслээ өрж тавих зай гарна. Ганц дутагдалтай тал бий – гоожуурыг угаахад их төвөгтэй. Угаалгын бодис болон ус нь угаалтуур руугаа урсахгүй гадуур нь урсчихдаг. Ингээд дахиад гадуур нь гоожсон ус, бодисыг давхар цэвэрлэх ажил гарна. Их ус гоожлоо гэхэд бас шал арчих нь.

 

Гал тогооны хар матт гадаргуутай тавилга

Хар өнгийн гал тогооны тавилга дизайнеруудын дунд их алдартай байна. Гэрэл зураг дээрээс харахад үнэхээр гоё шүү. Харин бодит амьдрал дээр бол төсөөлж байснаас хэцүү. Матт гадаргуу дээр хурууны хээ үлдэнэ, тогтсон толбо зэрэг нь амархан арилах ч үгүй. Ийм гал тогооны тавилгатай нэгэн, урьд хожид гал тогоогоо ингэж их цэвэрлэж байгаагүй гэж санаа алдан хэлж байсныг саналаа.

 

Барзгар линолеум/хулдаас

Миний нэг хамаатных гэртээ линолеум авч дэвсжээ. Худалдагч эдэлгээ даана бас халтирахгүй гэж хэлээд зарсан байдаг юм. Хэрэглээний явцад барзгар гадаргуунд тоос шороо, бохир хуримтлагдаж эхэлжээ. Тиймээс байнга цэвэрлэхгүй л бол муухай харагдана. Шал муухай болохоор гэр цаанаа л нэг тухгүй болоод ирдэг дээ. Ийм гадаргуу дээр тогтсон тоос шороо, бохирыг сойзоор угаахаас нааш арилахгүй.

 

Гал тогооны тавилганы цэвэр модон тавцан

Ийм тавцан анх удаа хараад үнэхээр авах хүсэл төрсөн, их этгээд санаа гэж бодогдоод. Хэсэг хугацаанд модон тавцан хэрэглэж үзээд нэг л зүйлийг ойлгосон: гэртээ хэзээ ч цэвэр модон тавцан тавихгүй юм байна. Гэрэл зураг дээр л гоё харагддаг, амьдрал дээр төсөөлж байсан шиг биш. Мод бол мод – хэчнээн болгоомжтой хандсан ч гэсэн хутганы ул мөр үлдэнэ, ингээд бүгд шууд харагддаг. Үүнээс гадна энэ төрлийн тавцан илүү их арчилгаа шаарддаг юм байна. Модыг хатаахгүйн тулд жил болгон тусгай бодис түрхэх шаардлагатай.

 

Гал тогооны ил тавиурууд

“Хананд ямар ч хаалгатай тавиур байхгүй, аль болох их агаар, гэрэлтэй бай” – нэг иймэрхүү утгатай зүйл сэтгүүлээс уншиж байсан санагдана. Гоёмсог сав суулганууд өрж тавьсан тавиур үнэхээр гоё харагдана, гэхдээ иймэрхүү гал тогоотой байранд би хэсэг амьдарч үзсэн. Тэр үед ойлгож билээ. Сав суулга, аяга тавагнуудын геометрийн харьцааг төгс харагдуулахын тулд ур чадвар, тэвчээр шаардлагатай. Аливаа зүйлийг бодитоор харах гэж үзье л дээ: бидний ихэнх нь (лав би) долоо хоногийн дараа эмх замбараагүй байдал, тоос шорооны урлагийг харуулна.

 

Шилэн оруулгатай хаалга

Шилэн оруулгатай хаалга нь дан овор ихтэй хаалгыг бодвол цэвэрхэн харагддаг. Гэхдээ өөрийн туршлагаас харахад ийм хаалга бүх өрөөнд тохирохгүй юм байна лээ: жишээ нь, аль нэг өрөөний гэрэл асаалттай байхад унтлагын өрөөний хаалганы завсраар гэрэл тусна, тэгэхээр унтаж амрах хүсэл алга болчихож байгаа юм. Ялангуяа хүүхэд унтуулах гэж байхад энэ ёстой хэцүү асуудал.

 

Эсрэг талд байрлах унтраалга

Нэг хэсэг би байр хөлсөлдөг байлаа. Тэр байрны чийдэнгийн унтраалга хаалганы бариулын талд бус нугастай талдаа. Хүмүүс тэр унтраалганд их дургүй, би тэр үедээ яасан юм бол гэж бодоод л өнгөрсөн. Хэзээ хойно нь л ойлгож билээ: бид нар нэг гараа хаалганы бариулаас барьдаг, харин нөгөө гар нь унтраалга дээр очдог. Тэгэхээр унтраалга, бариул хоёр ойрхон байхад их амар. Хөлсөлж байсан байрны алдааг би сайтар ухаарсан бөгөөд өөрийнхөө байранд засвар хийхдээ энэ алдаанаас зайлсхийж чадсан.

 

Плита хоорондын өргөн завсар

Гал тогооны ханыг плитаддаг уламжлалтай. Энэ нь ч өөрийн гэсэн үндэслэлтэй: гоёмсог харагдахаас гадна угааж цэвэрлэхэд амар. Гэхдээ урьдчилан бодолцох зүйл бий: плита хооронд их өргөн завсар гаргаж наах бас том ховилтой плита сонгох. Энэ завсар өөх тос, тоос шороо хуримтлагдах тул уйгагүй угаах хэрэг байнга гарна. Тэгэхээр плита сонгохдоо аль болох хавтгай, жигд плита сонгох хэрэгтэй.

 

Гэрэлтэй цуг асаж унтардаг угаалгын өрөөний агааржуулагч

Угаалгын өрөө болгонд агааржуулагчийн хоолой байдаг. Нэг удаагийн засварын үеэр цахилгаан агааржуулагчийг гэрлийн унтраалгатай цуг залгасныг нэг их тоогоогүй юм. Яагаад болохгүй гэж л бодож байснаас биш. Угаалгын өрөөний гэрлийг асаалаа – агааржуулагч ажиллачихна. Харин ч амар юм уу: унтраахаа мартаж гэж санаа зовохгүй, угаалгын өрөө ч чийгтэж мөөгөнцөртөхгүй.

Амьдрал дээр анзаараад байхад агааржуулагч тэр болгон ашигладаггүй юм байна. Жишээ нь, ваннд усанд орж байхад дулаахан орчинд тайван хэвтмээр, харин миний угаалгын өрөө тийм биш. Агааржуулагч хормын дотор дулаан, чийгтэй агаарыг сороод л авчихна. Энэ асуудлыг би ойрын ирээдүйд залруулна гэж бодож байна.

Та байрныхаа засварт ямар алдаа гаргаж байв? Дахиж ямар алдааг гаргахгүй гэж бодож байна вэ?

26
ГоёГоё
17
ТэнэглэлТэнэглэл
13
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *