
Заримдаа гэрлээ унтраагаад дэрээ дэрлээд толгой өндийх завгүй маргаашийн тухай бодох зуурт тагтаа алхах үедээ яагаад толгойгоо урагшаа хойшоо хаялдаг юм бол, муур үргэлж 4 хөл дээрээ газарддаг учир юу вэ, шүдний ооны олон өнгөнүүд саван дотроо яагаад холилддоггүй юм бол гэх мэт утга учиргүй гэмээр хачирхалтай бодлууд толгойд буудаг шүү дээ. Тэгвэл манай сайт энэ удаад уншигч танд дээрх болон бусад асуултуудад хариулт өгөхөөр бэлдээд байна.
1. Могой яагаад хэлээ гозолзуулдаг вэ?

Могойны хэл нь амтлахаас гадна үнэрлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Иймээс могой олзоо хайх болон зүг чигээ олохын тулд хэлээ гозолзуулдаг ажээ.
2. Ном зохиолын анхны хэвлэл яагаад хатуу хавтастай гарч, цаасан хавтастай хэвлэл нь хожим гардаг вэ?
Хатуу хавтас номыг илүү утга учиртай харагдуулаад зогсохгүй илүү үнэ цэнэтэй болгодог. Хүмүүс ч шинэ бүтээлийнхээ төлөө хатуу хавтасны илүү үнийг төлөхөд бэлэн байдаг бөгөөд үүний ачаар хэвлэгч тал илүү ашиг олох боломж бүрддэг. Харин анхны хэвлэлтээс жилийн дотор цаасан хавтастай хэвлэлийг гаргах бөгөөд энэ нь илүү олон уншигчийг өөртөө татах зорилготой байдаг.
3. Тагтаа яагаад толгойгоо хаялаж алхдаг вэ?

Тагтаа илүү тогтвортой харахын тулд толгойгоо хаялаж алхдаг гэнэ. Биеийн хөдөлгөөндөө тааруулан толгойгоо хөдөлгөж тодорхой өнцгөөс орчин тойрноо тогтвортой харах боломжийг бүрдүүлдэг байна.
4. Заримдаа зураг даруулах үед яагаад бидний нүд улаан харагддаг вэ?

Камерны гэрэл цацруулагч нүдний гүнд буй судаснуудад хүрснээр гэрэл багатай орчинд нүд улаан харагддаг байна.
5. Шүдний ооны өнгөнүүд саван дотроо холилддоггүйн учир юу вэ?

Шүдний оог үйлдвэрлэхэд өнгө холилдохгүй байх химийн элемент болон тусгай тараагч технологи ашигладаг тул хоорондоо холилддоггүй аж.
6. Тагтаа зүг чигээ хэрхэн олдог юм бол?

Нууц нь маш энгийн. Тэд үүр рүүгээ л нисдэг. Шувууд үүрнээсээ хол яваад эргэж нисэх үедээ дэлхийн соронзон орон болон орчны дуу авиагаар чиглэлээ олдог ажээ.
7. Илбэнх яагаад бүх зүйлийг угаадаг юм бол?

Хөвсгөр хөөрхөн энэ амьтан өөрийн идэш тэжээлээ гол төлөв усан дотроос эрдэг. Тэд нялцгай биетэн ба элс, шороотой газарт ч таарч болох ургамал болон шавжаар хооллоно. Иймээс хүмүүс илбэнхийг хоол хүнсээ угааж цэвэрлэдэг гэж боддог ажээ. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар тэдний энэ үйлдэл нь цэвэрч нямбай байдалтай ямар нэгэн холбоогүй гэдэг нь батлагджээ. Илбэнхийн савар нь хэт мэдрэмтгий байдаг тул хоол хүнсээ усанд дүрж нойтон болгосноор мэдрэмтгий байдлыг нь бага зэрэг бууруулдаг ажээ.
8. Эм яагаад янз бүрийн өнгөтэй байдаг вэ?

Эмийг ямар өнгөтэй үйлдвэрлэх нь үйлдвэрлэгчийн сонголт бөгөөд өнгө нь эмийн үйлчилгээнд ямар нэгэн өөрчлөлт үзүүлдэггүй байна. Эмийн өнгө янз бүр байдаг нь цэвэр маркетингийн асуудал бөгөөд судалгаагаар хүмүүс хар бараан өнгийн эмийг илүү үйлчилгээтэй хэмээн итгэдэг нь тогтоогдсон байна.
9. Муур үргэлж 4 хөл дээрээ газарддагийн нууц юу вэ?
Учир нь муур доош унаж байхдаа биеийнхээ дээд хэсгийг нэг тал руу, доод хэсгийг өөр нэг тал руу зөрүүлж хөдөлгөх боломжтой байдаг тул ямагт аюулгүй газардах боломжийг өөртөө бүрдүүлж байдаг ажээ. Тиймээс тэд хөл дээрээ буухаас хэзээ ч эргэлздэггүй байна.
10. Шувууд өндөр хүчдэлийн шугаман дээр сууж байж яагаад тогонд цохиулдаггүй вэ?

Учир нь шувуу болон цахилгааны шугам хооронд ямар нэгэн хүчдэлийн ялгаа үүсдэггүйд байдаг гэнэ. Шувуу газарт хүрэхгүй зөвхөн цахилгааны шугамны утсан дээр сууж буй тул бие болон шугам хооронд хүчдэлийн ялгаа гардаггүй ажээ.
Сэтгэгдэл хэсэгт бяцхан тоглоом тоглоцгооё. Өөрт төрсөн хачирхалтай асуултаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Таны асуултанд хэн хамгийн зөв хариулт өгөх бол?







