Нэгэн охин Дауны синдромтой аавдаа төрсөн өдрийн мэнд хүргэж захидал бичжээ. Түүнийг нь уншсан хүн бүр мундаг ааваар нь бахархах сэтгэл төрсөн байна

0

Аав охин хоёрын харилцаа маш онцгой байдаг билээ. Аав бол охидын хувьд хамгаалагч, дэмжигч өөрөөр хэлбэл энэ хорвоо дээрх хамгийн шилдэг эр хүн нь байдаг. Ричи Анне Кастилло (Ritchie Anne Castillo) бол аавыгаа яг л ингэж боддог нэгэн охин. Хэдийгээр аавынх нь эрүүл мэндийн нөхцөл байдал сайнгүй ч, охины хувьд аав нь хүч чадал, эрч хүч бүхний бодит жишээ нь билээ. Олон хүн үүнийг нь үгүйсгэдэг боловч аавынхаа төрсөн өдрөөр бичсэн захидал нь бүхнийг өөрчилсөн юм.

Манай сайт уншигч танд Ричи Аннегийн аавдаа зориулсан захидлыг хуваалцаж байна.

“Хайрт аавдаа,

Энэ өдөр бол таны минь амьдралын маш онцгой өдөр. Та минь өнөөдөр 50 нас хүрч байна шүү дээ. Аавтайгаа гайхалтай сайхан, урт удаан амьдралыг туулж яваа би өөрийгөө азтай нэгэн хэмээн боддог. Танд “Facebook” бүртгэл байхгүй болохоор миний энэ захидлыг та олж уншиж чадахгүй л байх. Гэхдээ би үүнийгээ дэлхий нийтэд уншуулмаар байна. Зүгээр л таниараа хичнээн их бахархдаг талаараа бүгдэд би мэдүүлмээр байна. Таны минь сэтгэл зүрх хичнээн үзэсгэлэнтэй сайхан тухай ч би хүн бүрт мэдрүүлмээр байна.

© richieanne_cast / Instagram, © Richie Anne Castillo / Facebook

Аав аа, хүн бүр жинхэнэ үнэн гээчийг мэдэхгүй юм чинь тэдний юу гэх нь хамаагүй дээ гэх бодол өөрт минь төрөх гэж олон жилийг ардаа үджээ. Бага сургуульд байхдаа таныг минь бусдаас өөр юм байна шүү дээ гэх бусдын үгэнд би их л уурладаг байж билээ. Жаахан охины тань нүдээр та бусдаас өөр бус, зүгээр л миний аав л гэж харагддаг байсан учраас тэр шүү дээ. Хүүхдүүд надаар даагжигнаж, гажиг гэж хочилж байсан учрыг ч ухаж ойлгохгүй жаахан охин байсан. Хожим нь яагаад гэх учрыг нь ойлгоод бусдаас их санаа зовох болсон. Гэхдээ та минь над шиг бусдаас санаа зовсон хулчгар зантай охиноос илүүг хүртэх эрхтэй нэгэн шүү дээ. Та хайрыг мэдэрч, бусдад өөрийн жинхэнэ хэн бэ гэдгийг мэдрүүлж, бусдаар хүлээн зөвшөөрүүлж амьдрах эрхтэй хүн. Яг л бусад дауны синдромтой хүмүүсийн л нэгэн адил. Би энд зүгээр л төрсөн өдрийн мэндчилгээний захидал бичиж сууна. Би таныхаа төлөө тийм ч ихийг хийж чадаагүй. Гэхдээ итгээрэй, та минь үүнээс ч илүүг хүртэх эрхтэй нэгэн шүү.

© richieanne_cast / Instagram, © Richie Anne Castillo / Facebook

Аав аа, энэ олон мэс ажилбар, элдэв дэглэмүүд болон эмнэлэгт өнгөрүүлсэн шөнийг ажралгүй давж, инээмсэглэл тодруулсаар, “Би бурханд итгэдэг болохоор юунаас ч айхгүй байна” гэж хэлсэн та хамгийн хүчтэй нь. Энэ их хүндрэл бэрхшээл дундуур та минь нүдээ ч цавчилгүй гарч өнгөрсөн. Та хамгийн зоригтой нь. Харин охин тань тэр их зовлонг таны өмнөөс мэдрэхээс ч айж байна.

© richieanne_cast / Instagram, © Richie Anne Castillo / Facebook

Би таныгаа ядарч байна, маш их өвдөж байна гэж хэлэхийг сонсоод хэд хоногоор усан нүдэлж, эмнэлэг рүү ч зүглэхээс зүрх үхдэг цаг үе байсан. Би таныгаа хөлний өвдөлтөө тэсвэрлэхгүй уйлж байхыг харсан. Болдогсон бол таныхаа оронд тэр их өвдөлтийг нь авчихмаар санагддаг үе ч надад бас байсан. Та бүх шүдээ алдсан ч дуртай хоолоо идэхээс хэзээ ч цааргалж байсангүй. Таныгаа үстэй бас шүдтэй байхдаа ямар харагддаг байсныг ч мартаж орхижээ.

 

 

© richieanne_cast / Instagram, © Richie Anne Castillo / Facebook

Аав аа, дэргэд тань байгаагүй мөч бүрийн төлөө өршөөл эрэхийг хүслээ ч энэ мэдрэмжийг минь илэрхийлж чадах үгс гэж алга. Зүгээр л… далайн эргээр хангалттай их хамт явдаггүйг минь, дуртай хоолыг тань үргэлж хийж өгдөггүйг минь, боломж гарах бүртээ тань дээрээ очдоггүйг минь өршөөгөөрэй. Гэвч миний хамгийн ихээр харамсдаг ганц зүйл бол бусдын шүүмжлэлээс айж таныгаа бусдаас нууж явдаг минь л юм даа. Гэсэн ч охин тань тандаа юу юунаас ч илүү хайртай. Яг л таны бурханд итгэх итгэл шиг ихээр таниасаа би ухаарал бас урам авдаг.

© richieanne_cast / Instagram, © Richie Anne Castillo / Facebook

Хүн бүр л танд минь дуртай байдаг шүү дээ. Та тэдний нүүрэнд хэзээд инээмсэглэл тодруулж чаддаг болохоор. Танд уурлаж бухимдах үе олон байдаг аа. Гэхдээ бид танд хайртай. Мэдээж танд минь сайн, муу (таны муу өдрүүд бидний хувьд ч муу болж хувирдаг шүү, хаха.) өдрүүд аль аль нь л бий гэдгийг би мэднэ ээ. Танд бүгдийг өөрөөсөө түлхэж, намайг ч өөртөө ойртуулахгүй үе байдаг. Гэхдээ зүгээр ээ. Бусдаас өөр байлаа гээд охиныхоо нүдэнд та миний л аав.

© richieanne_cast / Instagram, © Richie Anne Castillo / Facebook

Ингээд л бичээд байвал энэ захидал хэзээ ч дуусахгүй биз ээ. 50 насны төрсөн өдрийн мэндийг хүргэе, аав аа! Миний хайртай охин үр гэж намайг өхөөрдөн дууддаг таньдаа би хайртай. Та минь байдаг болохоор би хамгаас хүчтэй бас зоригтой нэгэн. Одоо л бусдын шүүмжлэлийг үл тоож өөрийгөө хамгаалах хүчтэй болсноо мэдэрч байна. Таньдаа маш их хайртай шүү. Охиноос нь.”

Энэ захидлыг уншаад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй өөрийн бодлоо хуваалцаарай.

16
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *