
- Охио мужаас гаралтай 22 настай Заян Кларк дэлхийн хамгийн шилдэг чөлөөт бөхийн тамирчин болохыг хүсдэг
- “Caudal Regression” хэмээх синдромын улмаас хөлгүй төрсөн тэрээр асрамжлах хөтөлбөрт хамрагдсан байна
- Тэрээр хайртай ээж Кимберлигийнхээ ачаар бөхийн спортод хөл тавьсан байна
- Одоо тэрээр долоо хоногийн зургаан өдөр, өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг бөгөөд хөлгүй байх нь түүний зорилгодоо хүрэх замд саад болоогүй юм.
Генетикийн эмгэгийн улмаас хөлгүй төрсөн түүнийг асран хамгаалагч гэр бүл нь мэргэжлийн бөхийн спортод оруулсан байна. Охио мужаас гаралтай 22 настай Заян Кларк нь доод нугасны хөгжлийн саатал хэмээх ноцтой эмгэг болох “Caudal Regression”-ий хам шинжтэй төржээ. Тэрээр тусгай асрамжид өссөн бөгөөд хөлгүйгээсээ болоод маш их гадуурхал мэдэрч өссөн байна. Харин түүнийг үрчилж авсан ээж Кимберли нь түүнийг үргэлж дэмжсээр иржээ.
Кимберлигийн спортод хайртай онцгой сайхан сэтгэл, дэмжлэг туслалцааны ачаар Заян одоо дэлхийн хамгийн амжилттай чөлөөт бөхийн тамирчин болоход ойрхон байгаа юм.

22 настай Заян Кларк хөлгүй төрж, тусгай асрамжид өссөн хэдий ч энэ нь түүнийг чөлөөт бөхийн шилдэг тамирчин болох зорилгодоо хүрэхэд саад болоогүй юм
Заян хэлэхдээ: Би анх хоёрдугаар ангиасаа бөхийн спортоор хичээллэж эхэлсэн
“Би бяцхан хүү байхдаа эхний хэдэн тоглолт дээр юу хийхээ мэддэггүй байсан, бас тохирох өрсөлдөгч ч олддоггүй байлаа.
“Зарим хүүхдүүд надтай барилдахаас айж байсан. Би ч тэдэнтэй барилдахаасаа эмээж байсан. Юу хийж байгаагаа ч мэддэггүй үе олон байсан.
“Би маш олон ялагдал, сорилтын дараа өөрийн барилдах арга барилыг олж чадсан. Чухам юу хийхээ мэддэг болохын тулд олон жил шаардагддаг юм билээ.
“Би одоо өдөрт хоёр удаа, долоо хоногт зургаан өдөр бэлтгэл хийдэг. Энэ бол миний амьдралын хэмнэл, би өөрийгөө ингэж л дайчилдаг”
“Хөлгүй төрсөн нь миний хийхийг хүссэн зүйлийг зогсоож чадахгүй”

Хөлгүй төрсөн нь Заяны бэлтгэл хийх, барилдах зэргийг зогсоож чадаагүй бөгөөд тэрээр өөрийн гэсэн техник, барилдах арга барилтай болохын тулд асар их бэлтгэл сургуулилт хийсэн байна.

Тэрээр өөрийг нь асрамжлан, өөрийн хүүхэд шиг өсгөж өгсөн одоогийн ээж Кимберлид маш их талархаж байгаагаа хэлсэн байна.
Каудаль регрессийн хам шинж гэж юу вэ?
Каудаль регрессийн хам шинж нь биеийн доод хэсгийн хөгжилд нөлөөлдөг эмгэг юм. Тус эмгэг нь доод нуруу, үе мөч, ходоод гэдэсний замын систем, шээсний замын системд зэрэгт нөлөөлж болно. Ялангуяа шээсний замын үрэвсэл, амьсгалын зам зэрэгт эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэдэг байна. Шалтгаан нь хүн хүнээс хамаарч өөр өөр байдаг боловч ихэнхдээ удамшлын эмгэг, хүрээлэн буй орчны хүчин зүйлээс шалтгаалдаг байна. Яг ийм тохиолдол тун ховор бөгөөд 100.000 төрөлт тутмын тавд нь тохиолдох магадлалтай байдаг. Өвчтөнд тохиолдсон энэхүү өвөрмөц согогийг нөхөх сэргээх эмчилгээний тусламжтайгаар эмчилж, өвчний хүндрэлийг бууруулж болно. (Эх сурвалж: Genetic Home Reference)
Заян сургуульд орсон эхний жилүүдэд маш их дээрэлхүүлж, гадуурхагддаг байсан учраас зан араншин нь маш эмзэг, түрэмгий болсон байжээ. “Намайг хөлгүй байсан учраас хүмүүс намайг шоолж байсан” гэж тэр хэлжээ.
“Харин үзэн ядагчидтай харьцах хамгийн сайн арга бол өөрт ирсэн үзэн ядалтыг ашиглан өөрийгөө дээш өргөх явдал юм гэдгийг би ойлгосон. Үзэн ядагчдын өөрийн хамгийн том шүтэн бишрэгчид гэж төсөөл”
“Сургууль бол миний хувьд хамгийн сайхан мөчөө өнгөрөөсөн газар биш ээ. Гэхдээ би нас тогтохоороо коллежид орж бүхнийг өөрийн хүсдэг шигээ болгоно гэж боддог”
Заяны амьдралаа эргүүлж чадсан хамгийн том эргэлт бол өөрийн хандлагыг эерэг болгож ээж Кимберлитэйгээ харилцаагаа сайжруулсан явдал гэжээ.

Заян өмнө нь хөлгүй хэмээн шоолуулж байсан бол өнөөдөр бөхийн барилдаанд

Заян хэлэхдээ бүх зүйл төгс байх албагүй учраас сайхан амьдрах хамгийн сайн арга бол амьдрал чамд юу санал болгож байна түүнд нь зохицож амьдрах ёстой гэжээ.

Мөн тэрээр “Миний ээж бол миний мэдэх хамгийн гайхалтай эмэгтэй. Бид хоёрын харилцаа үгээр хэлэмгүй онцгой” гэжээ.
Заяны хувьд ирээдүйд түүнийг хязгааргүй олон боломжууд хүлээж байгаа бөгөөд тэр хэзээ ч зогсохгүй гэдгээ хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ “Миний хүсэл зорилго юу вэ гэж үү? Би нэг л өдөр Олимпод оролцож дэлхийн хамгийн алдартай чөлөөт бөхийн тамирчин болно” гэжээ.
Байгаа зүйлдээ тохируулж амьдрах нь амжилтад хүрэх хамгийн гол түлхүүр. Нэгэнт өөрт байгаа давуу талыг олж анзаарсан тохиолдолд амьдралд маш олон шинэ үүд хаалга нээгдэх болно.







