
“Гэхдээ манай нохой маш нөхөрсөг, бас би маш сайн сургасан шүү дээ!” – Энэ бол нохой тэжээдэг хүмүүст нохойгоо уяатай байлгахыг зөвлөхөд өөрсдийгөө өмөөрч хэлдэг үг. Хэдийгээр нохой чөлөөтэй байх ёстой ч орчин тойрондоо хор учруулахгүй гэсэн баталгаа үгүй. Хэрэв нохой хэзээ ч урьдчилан таамаглаагүй араншин гаргаж эргэн тойрны хүн, амьтанд гэмтэл учруулбал эзэнд нь санхүүгийн маш том эрсдэл үүсэх болно. Ийм шалтгааны улмаас бид өнөөдөр тус сэдвийг хөндөн нийтлэл бичихээр шийдсэн юм.
1. Оосоргүй нохой гэнэт түрэмгий ааш авир гаргах боломжтой

Та нохойгоо маш нөхөрсөг, дөлгөөн амьтан гэдгийг хамгийн сайн мэддэг байсан ч зарим тохиолдолд таамаглашгүй нөхцөл байдал үүсэж болно. Заримдаа ноход өөр нэгэн танихгүй нохой харахаараа ууртай болж элдэв ааш гаргадаг. Ингээд хоёр нохой харилцан маш түрэмгий үйлдлүүд хийж цаашлаад ноцолдох, зодолдох гэх мэт үйлдэл ч хийж болно. Нэг талаас танай нохой түрүүлж уурлан нөгөө нохой руу дайрлаа гэж бодоход оосоргүй байсан тохиолдолд бүх бурууг та хүлээх болно гэдгийг үргэлж санаж яваарай.
2. Зарим хүмүүс сул явж байгаа нохойноос айж, төвөгшөөдөг

Бүх хүн нохойд хайртай биш, тиймээс та бусад хүмүүст саад учруулахгүйн тулд нохойгоо сул салхилуулах хэрэггүй л болов уу. Бага насны хүүхэд болон настай хүмүүсээс эхлээд багаасаа нохдоос айдаг сэтгэл зүйн хувьд эмзэг хүмүүс олон байдаг. Ноход сэтгэл нь хөөрсөн үедээ танихгүй хүмүүс рүү хүртэл мацдаг учраас хүмүүст энэ нь маш таагүй мэдрэмж төрүүлдэг байна.
3. Бусад амьтдад аюултай байж магадгүй

Оосоргүй нохой өөр нэг нохойтой муудалцахаас гадна хөршүүдийн чинь тэжээдэг муур гэх мэт бусад төрлийн амьтдыг шоглох гээд байж магадгүй. Бүр цэцэрлэгт хүрээлэнд зугаалаад явж байх үед хэрэм, жирхний хойноос ч хөөж, дайрч болзошгүй. Тиймээс бусад амьтдын амгалан тайван байдлыг хүндлэх нь ч мөн чухал юм шүү.
4. Бага насны хүүхдэд аюултай

Жаахан хүүхдүүд нохойны зан авирыг сайн ойлгодоггүй учир маш их айдаг. Харин оосоргүй ноход хөөрсөн үедээ хүүхдүүдтэй тоглохоор дайвалзан очих юм уу гэнэт хүүхдийг ноолох гэх мэт авир гаргаж болзошгүй. Магадгүй хэт их хөөрснөөсөө болоод жаахан хүүхдийг мөргөж унагааж ч болно. Ингэснээр хүүхдүүд биедээ гэмтэл аваад зогсохгүй нохойноос айх айдастай болдог байна.
5. Нохой өөрөө аюулд орж болзошгүй

Тоглохоор гадаа гарсан нохой маш их сэтгэл нь хөөрдөг учраас хаашаа ч хамаагүй гүйхэд бэлэн байдаг. Зарим нь бүр дуудаад байхад эргэж харахгүйгээр гүйн оддог. Энэ тохиолдолд та хайртай амьтнаа алдах ч эрсдэлтэй бөгөөд хөөрсөн нохой зам руу орж машинд дайруулж ч болзошгүй.
6. Танихгүй хүнээс болохгүй хоол авч иднэ

Ноход ямар нэг амттай зүйл үнэрлэхээрээ маш тогтворгүй зан ааштай болдгийг нохой тэжээдэг хүн бүр мэднэ. Тиймээс л ноход танихгүй хүмүүсийн өгсөн амттанд татгалздаггүй юм. Хэдийгээр энэ үйлдэл гэмгүй мэт боловч зарим хүмүүс нохойнд хор болох хүнсийг мэдэлгүй өгөх тохиолдол олон гардаг. Тиймээс нохойгоо элдэв зүйл идэхээс сэргийлж байгаарай.
7. Оосортой нохой өвчин тусах магадлал бага байдаг

Нохой оосоргүй сул байх үедээ газраас юм олж идэхээр оролддог. Энэ үедээ тэд хог, муудсан хоол, ялзарсан хүнс идэж биеэ өвтгөх эрсдэлтэй байдаг. Ийм хоол мэдээж тэднийг элдэв өвчин тусахад нөлөөлнө.
8. Хууль бус үйлдэл

Нохойгоо хошуувч болон хүзүүвчгүй олон нийтийн газар явуулах нь олон оронд хуулийн дагуу хориотой байдаг. Хэрэв оосоргүй юм уу хошуувчгүй явуулсан тохиолдолд маш өндөр торгууль төлдөг байна. Тиймээс нохойгоо заавал хөтөлж явж байгаарай.







