Гал тогооныхоо өрөөнөөс олон үндэстний хоолыг амтлах боломжийг танд олгох 9 энгийн жор

0

Дэлхий дээр алдартай тэгээд бас хийхэд амархан маш олон хоол бий, энэ бүгдийг заавал амталж үзэх ёстой. Жишээ нь, швейцарь решти нь драник (үрж жижиглэж шарсан төмс) хийхээс ч хялбар. Төмсөө чанаад үрүүлээр үрээд л тосонд шарна. Хоол хийх ур чадвар ч шаардахгүй, бас нэг амархан хоол бол австралийн пирог шөл, испанийн домогт рагу гээд энэ жагсаалт дуусахгүй цааш үргэлжилнэ. Дэлхийн олон улс орноор аялж үзсэн туршлагатай жуулчдаас улс үндэстнүүдийн хоолны нэрүүдийг мэдэж авсан юм. Хийх жорыг нь ч бас бэлдлээ. Бонуст нь дэлхийн эртний нэгэн амттай хоолыг мөн нэмсэн байгаа шүү, нийтлэлийн төгсгөлд хүрээд бидний бонусыг үзээрэй.

1. Лохикейто (Финлянд)

© Nonepse / Wikimedia Commons

Товчхон хэлэхэд, лохикейто – финийн уламжлалт улаан загасны шөл. Нэг том давуу талтай, жор нь маш энгийн.

Орц:

  • 300 г улаан загасны мах
  • 3 төмс, 1 лууван, 2 сонгино
  • 250 мл 30% тослогтой цөцгий
  • Яншуй, ногоон сонгино
  • Давс, перец, лаврын навч

Хийх арга:

1. Загасны толгой болон нурууны махаа усанд хийж буцалгана: бүтэн сонгино, перец, давс, лаврын навч хийгээд дахин 20 минут зөөлөн галаар чанана.

2. Бэлэн болсон шөлөө шүүгээд дээрээс нь дөрвөлжин хэрчсэн төмсөө хийгээд дахин 10 минут галаа нэмж буцалгана.

3. Луувангаа нимгэн цагираг хэлбэрээр хэрчээд сонгинотой 2 минут орчим шарна.

4. Шарсан лууван, сонгиныг загасны махтай шөлөндөө хийнэ. Буцлангуут нь галаа багасгаад загасны цээж махаа хийж болтол буцалгана.

5. Стакантай цөцгийгөө хийгээд хутгасны дараа галаас хоолыг авна.

Бүлээн шөлөн дээр хэрчсэн яншуй цацаад идээрэй.

 

2. Кацудон (Япон)

© Marco Verch Professional / flickr

Япон хоол гэхээр хүн болгоны толгойд загас, сүши орж ирнэ, харин нутгийн ард иргэдийн дунд өөр нэгэн хоол ихэд алдартай ажээ. Кацудон – будаа, соустай давтсан гахайн мах.

Орц:

  • 300 г гахайн цээж мах
  • 3 өндөг
  • 1 стакан будаа
  • Гурил, шарсан талхны үйрмэг, давс, перец сахар
  • Ургамлын тос
  • 1 сонгино
  • 2 х.х цуу, 2 х.х хагас чихэрлэг цагаан дарс
  • Ногоон сонгино

Хийх арга:

1. Хачирт нь будаа жигнэж бэлдэнэ.

2. Гахайны махаа давтаад давс, перецээр амтлаад гуриланд өнхрүүлнэ, өндгөнд дүрээд шарсан талхны үйрмэгт дүрээрэй.

3. Махыг ширүүн гал дээр хоёр талаас нь шарна. Шаргалтаад ирэхээр нь галаа бага зэрэг багасгана. Шарсан махыг цаасан алчууран дээр тавиад хэрчээрэй.

4. Хайруулын тавганд жижиглэж хэрчсэн сонгино, цуу, дарс болон 1 ц.х сахар нэмнэ.

5. Сонгиноо шаргалтаж шаржигнатал нь шараарай, дараа нь давтсан махаа хийнэ, гэхдээ хэлбэрийг нь алдагдуулж болохгүй.

6. Хайруулын тавганд 5 минут орчим болгоод үлдэгдэл өндгийг хийгээрэй. Галаас аваад амтыг нь шингээнэ.

Жигнэсэн будаан дээрээ шарсан махаа тавиад ногоон сонгиноор чимэглээрэй.

 

3. Фриттата (Итали)

© pxhere

Италийн сонгодог хоолыг хөргөгчинд үлдсэн хоол хүнсээр л хийчихнэ. Нэмэлт орц гэвэл гоймон, төмс, улаан лооль, зайдас. Та бүхэндээ сонгодог хувилбарыг нь танилцуулж байна, өөр бусад жоруудыг ч мөн сонирхоорой.

Орц:

  • 4 өндөг
  • 500 г шпагетти (зүгээр гоймон байсан ч болно)
  • 50 г пармезан (эсвэл дурын ямар ч хатуу бяслаг байж болно)
  • 1 улаан амтат чинжүү, 1 улаан лооль
  • 1 дунд зэргийн сонгино, 1 хумс сармис
  • Оливын тос
  • Боодол яншуй
  • Давс, перец, хуурай базилик, майоран

Хийх арга:

1. Гоймонгоо давстай усанд чанана.

2. Сармисаа оливын тосонд шараад сонгиноо нэмж мөн дахин хэдэн минут шарна.

3. Чинжүү, улаан лоолийг жижиглэн хэрчээд хайруулан тавгандаа 5 минут шарна.

4. Өндгөө хагалаад бяслаг, яншуйгаа жижиглээд хийгээрэй. Бүгдийг сайтар хутгасны дараа гоймон дээрээ асгана.

5. Бяслагтай гоймонгоо хайруулын тавагтай ногоон дээр хийгээд зууралдаж эхлэхийг хүлээнэ.

6. 180 хэмийн шарах шүүгээнд 15 минут болгоно.

Хоолыг дундуур нь хувааж таваглаад дээрээс нь хатаасан базилик, майоран цацаарай.

 

4. Франсезинья (Португал)

© Nelson Alexandre Rocha / Wikimedia Commons

Зэрвэс харахад байдаг л нэг хавчуургатай талх шиг харагдана, зүгээр ч үгүй дээрээс нь бас соус асгачихсан. Үнэн хэрэгтээ энэ бол их өег хоол, ганцаараа идэж барахгүй шүү.

Орц:

  • 2 дунд зэрэг хэмжээтэй үхрийн стейк мах, 2 хэрчим гахайн утсан мах, 2 хиам
  • 5 зүсэм бяслаг
  • 2 зүсэм шардаг талх
  • 1 өндөг
  • 800 г хальсгүй улаан лооль
  • 1 лууван, 1 сонгино, 1 сармис
  • 0,33 л шар айраг болон 0,25 л ус
  • 100 г цөцгийн тос
  • Давс, перец, лаврын навч

Бэлтгэх арга:

1. Соуснаас эхэлнэ. Сонгиноо шаргал өнгөтэй болтол нь шараад дээрээс нь лууван, сармис, перец, лаврын навчаа хийнэ. Бүгдийг зөөлөн галаар 5-7 минут болгоно, дараа нь нухсан улаан лооль, шар айргаа хийгээд дахин 10-15 минут болгоно, усаа бага багаар нь хийгээрэй.

2. Лаврын навчаа авна, 1 ц.х давс хийгээд бүгдийг блендрээр бутална. Одоо соусыг галаас аваад цөцгийн тос хийгээрэй.

3. Хайруулын тавганд талх, бүх махаа шарна.

4. Бутербродыг талх, гахайн утсан мах, 2 хуваасан хиам, стейк гэх дарааллаар хийх хэрэгтэй. Хоёр дахь зүсэм талхаа тавиад бяслагаар талх харагдахгүй болтол нь хийгээрэй.

5. Халуун соусаа сайтар асгана.

Сэндвичийг гүн ёроолтой тавганд хийгээд сэрээ, хутгаар иддэг. Үлдэгдэл соусыг хөргөгчиндөө хадгалах боломжтой.

 

5. Фасолада (Грек)

© Добрые рецепты / YouTube

Энгийн энэ шөл Эртний Грекийн үеэс л алдаршиж иржээ. Өнөөгийн Грек болон киприйн гэрийн эзэгтэй нарын хийх дуртай шөл хэвээрээ л байна. Бичлэгийг эндээс үзнэ үү.

Орц:

  • 1,5 стакан цагаан шош
  • 2 том лууван
  • 1 ногоон амтат чинжүү
  • 1 лууван
  • Тал сонгино
  • Шинэхэн ногоон навчит анхилуун ногоонууд: базилик, яншуй, укроп/ногоон гоньд
  • Нимбэгийн шүүс, давс, тос

Хийх арга:

1. Шошоо дэвтээгээд хонуулна.

2. 2,5 л усанд шошийг хийгээд 40 минут буцалгаарай, давс хийхгүй.

3. Сонгиноо тосонд шараад усанд хийнэ.

4. Улаан лоолийг жижиглэн хэрчээд нухаш бэлдэнэ, бусад ногоонуудаа өөрийн дураар хэрчээд шош дээр нэмнэ. 15 минут буцалгана.

Шошийг халуунаар нь ч, хүйтнээр нь ч идсэн болно. Дээр нь ногоон навчит анхилуун ногоо, нимбэгийн шүүс нэмэхээ мартаж болохгүй.

 

 

6. Решти (Швейцар)

© pixabay

Швейцарийн үндэсний хоол – драникийн хялбаршуулсан хувилбар гэж болох юм. Хийхэд ч амар: түүхий эсвэл чанасан төмс, том ширхэгтэй үрүүл, хайруулын таваг.

Орц:

  • 4-5 төмс
  • 50 г цөцгийн тос
  • Давс, перец

Хийх арга:

1. Төмсөө хагас болгоно. Буцалсан усанд хийгээд 5-7 минут чанаарай.

2. Цөцгийн тосны талыг хайруулын тавганд хайлуулна.

3. Хөрсөн төмсийг том ширхэгтэй үрүүлээр үрээд хайруулын тавгандаа хийгээрэй, дээрээс нь давс, перецээр амтална. Хавтгай хутгуураар дарна.

4. Захаар нь үлдэгдэл цөцгийн тосоо хийнэ, хутгахгүй, дунд зэргийн гал дээр 5-6 минут байлгаж биежүүлж шаргалтуулах юм.

5. Төмсөө болгоомжтой эргүүлж нөгөө талаар нь шарна.

Уг хоол нь даршилсан мөөг, эрдэнэ шиш, шинэхэн ногоотой сайхан зохицдог.

 

7. Олья подрида (Испани)

© luis_hernaez_peralta / Instagram

Дон Кихот болон Испанийн ард иргэдийн дуртай хоол. Хийхэд их амархан, орцуудыг ч өөрийн хүслээр сонгож болно.

Орц:

  • 300 г гахайн мах, 100 г гахайн өөх/сало, 100 г утлагатай хиам
  • 100 г шош
  • 2 улаан лооль, 1 амтат чинжүү, 1 лууван, 1 сонгино
  • 1 хумс сармис
  • Лаврын навч, перец, давс, паприка

Хийх арга:

1. Шошийг дэвтээж хонуулна.

2. Мах, салог хэрчээрэй. 30 минут орчим чанана.

3. Шош, амтлагчуудаа хийгээд дахин 30 минут буцалгана.

4. Лууван, перец, сонгиноо дөрвөлжин хэрчиж шөлөндөө хийнэ.

5. 10 минутын дараа улаан лоолио, дахин 10 минутын дараа хэрчсэн хиамаа хийнэ.

6. Буцалгаад галыг унтраана.

Талхтай идэж болно эсвэл рагу зэрэг хоолтой хослуулж идээрэй.

 

8. Кельтийн стейк (Их Британи)

© Delish / YouTube

Хатан хаан II Элизабет-ийн идэх дуртай хоол, 30 минутын дотор л болно. Уг хоолны жорыг Букингемийн ордны ахлах тогооч Даррен Макгрейди хуваалцсан юм.

Орц:

  • 2 зүсэм үхрийн стейк
  • 200 г шампиньон
  • 1 сонгино
  • 100 мл цөцгий
  • 100 мл виски
  • 50-100 г цөцгийн тос
  • Давс, перец

Хийх арга:

1. Махаа давс, перецээр амтална. Тал тус бүрээс нь 3-4 минут шараад таваг дээр гаргана.

2. Тэр хайруулын тавгандаа сонгиноо шаргал болтол шараарай.

3. Дээрээс нь нимгэн хэрчсэн мөөг, виски хийгээд 5-7 минут гал дээр болгоно, мөөгний шингэн бүрэн ялгартал болгох юм.

4. Цөцгий, үлдэгдэл цөцгийн тосоо хийгээд буцалгана.

5. Галаа нэмээд стейкээ хийж 7-8 минут болгоно.

Стейкийг төмсний нухаш дээр тавьж таваглах юм, чанасан лууван, ногоон навчит анхилуун ногоогоор чимэглэнэ.

 

9. Потофе (Франц)

© Foodista / flickr

Францийн энэхүү алдартай хоол нь тус улсын хоолны бэлгэ тэмдэг болсон. Хоолны нэрийг махчлан орчуулбал “гал дээрх хоолны сав”, орц янз бүр байж болно. Энгийнээр хэлбэл, чанасан үхрийн махтай шөл, дээр нь өөрт байгаа ямар ч ногоо хийж болно. Танд танилцуулж байгаа жор нь сонгодог хувилбар болно.

Орц:

  • 1 кг үхрийн мах, 0,5 кг үхрийн толгойны яс
  • Шөлөнд хийх ногоонууд: 1 лууван, 1 манжин, 1 цагаан лууван, 1 сонгино, 1 иш ногоон сонгино, 1 иш цоохор майлз
  • Хачирт орох ногоо: 1 кг төмс, 4 лууван, 2 манжин, 1 иш ногоон бүдүүн сонгино
  • 3 ширхэг хадаасан цэцэг, давс, перец
  • “Франц маягийн” амтлагч

Хийх арга:

1. Махаа том хэрчээд 3 л усанд хийж буцалгана.

2. 300 мл ус нэмээд хөөсийг нь аваад дахиад буцалгаарай (3 удаа энэ маягаар ус нэмж цэвэрлэнэ)

3. Хадаасан цэцгээ сонгинод хийгээд ногоонуудаа шөлөнд хийнэ, мөн амтлагч, давс хийгээд галаа багасгаарай.

4. 45 минутын дараа ногоогоо гаргаад махаа үлдээж дахин 2 цаг болтол нь чанана.

5. Хачирт орох ногоонуудаа томоор хэрчээд чанана, гэхдээ төмсийг тусад нь чанаарай.

Махыг таваг дээр гаргаад эргэн тойронд нь ногоонуудаа таваглана. Шөлийг тусад нь ууж болно.

 

Бонус 1: хайлмагтах пирог (Австрали)

© Daria Mladenovic / Shutterstock

Махтай пирогийг яагаад ч юм вандуйны шөлөнд “хайлуулж” иддэг. Өмнөд Австралийн үндэсний соёлын өвөөр бүртгэгдсэн, бараг л бүх айл хийж амтархан идэх ажээ. Шарах шүүгээтэй гэрийн эзэгтэй нар энэ хоолыг хийхэд ямар ч бэрхшээл гарахгүй.

Орц (3 пирогныхоор):

  • 400 г нурсан/тосоор зуурсан гурил, 250 г давхарласан гурил
  • Пирогны шанз: 350 г үхрийн мах, 400 мл махны шөл, 150 г гурил, 100 г улаан лоолийн паста, 1 сонгино 1 хумс сармис
  • Шөлөнд: 300 г хөлдөөсөн ногоон вандуй, 300 мл махны шөл, 50 мл 20%-ийн цөцгий, 1 сонгино, 1 хумс сармис, хатаасан гаа, перец, давс.
  • Ургамлын тос

Пирог хийх арга:

1. Махаа дунд зэргийн хэмжээтэй хэрчээ гурилтай хольж шаргал өнгөтэй болтол нь шарна.

2. Өөр хайруулын тавганд сонгино, сармисаа шарна. Дараа нь мах, шөл, улаан лоолийн паста, давс, чимх хатаасан гаа хийгээд 1 цаг буцалгана. Шөлөө бага багаар нь нэмээд байгаарай.

3. Бэлэн болсон шанзыг хөргөнө.

4. Нурсан гурилны зуурмагийг элдээд дунд зэргийн хэмжээтэй пирогны саванд хийнэ.

5. Гурил дээр пирогны шанзыг өндөгтэй холиод мөн элдэж бэлдсэн давхарласан гурилаар бүтээнэ.

6. 180 хэмийн шарах шүүгээнд 30 минут болгоорой.

Шөл хийх арга:

1. Сонгино, сармисаа татаад ургамлын тосонд шаргал өнгөтэй болтол нь шарна.

2. Шөлөн дээрээ вандуй, чимх гаа, давс хийгээрэй. 2-3 минут буцалгана.

3. Блендрээр шөлийг бутална.

4. Цөцгийн тосоо хийгээд сайтар хутгаарай.

Шөлийг гүн тавганд хийгээд дээрээс нь пирогоо тавих юм.

 

Бонус 2: тамале (Мексик)

© Luisfi / Wikimedia Commons

Дэлхийн эртний хоолнуудын нэг бөгөөд мах, гурил, эрдэнэ шишийн навч гэсэн ердөө 3-хан орцоос л бүрдэнэ. Амтлагч, соус амт нэмэх хэдий ч хэрэглэхгүй байсан ч болно.

Орц:

  • 300-400 г тахианы цээж мах
  • 200 г эрдэнэ шишийн гурил
  • Эрдэнэ шишийн хатсан навч
  • 2 хумс сармис
  • 80 г цөцгийн тос
  • 1/3 ц.х хөөлгөгч, ¼ ц.х давс
  • Улаан соус, куркума, лаврын навч

Хийх арга:

1. Эрдэнэ шишийн навчийг усанд хагас цаг орчим дэвтээнэ.

2. Тахианы цээж махыг усанд хийж сармис, лаврын навчтай цуг 15-20 минут буцалгана.

3. Шөлийг шүүнэ. Махаа жижиглээд куркуманд өнхрүүлж 5 минут шарна.

4. Цөцгийн тос, давс, хөөлгөгчөө холино. Гурил хийгээд шөлөндөө бага багаар нь хийж өтгөн зуурмаг гаргана.

5. Зуурмагийг эрдэнэ шишийн навчин дээр тавиад 2/3 хэсгийг нь навчаар бооно. Соус түрхээд навчийг битүүлнэ.

6. Тамалег 2 цаг болгодог. Зуурмаг хөөж, навчнаасаа амархан салж байх ёстой.

Бие даасан хоол гэх бөгөөд элдэв хачир тавих хэрэггүй.

Та ямар үндэстний хоол идэх дуртай вэ? Ямрыг нь гэртээ хийж үзэв?

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *