HBO-ийн “Чернобыль” цуврал хэрхэн бүтсэн тухай. Бидний төсөөлж ч байгаагүй дайнд тэмцэж байсан хүмүүсийн дурсгалд

0

Америкчууд яагаад Чернобылийн ослын талаар цуврал хийхээр шийдсэн юм бол? Тэд 1986 оны үеийн ЗХУ-ыг яаж ийм адилхан гаргаж чадав?

33 жилийн тэртээ хүн төрөлхтний түүхэнд хамгийн аймшигтай техногенийн осол болсон бөгөөд түүхэн энэ аймшигтай ослыг бид хэзээ ч мартаж болохгүй юм. Орчин үеийн хүмүүст тэрхүү аймшигт үеийг таниулж мэдүүлэх, сануулах шилдэг арга – цуврал кино байсан биз ээ.

Чернобылийн тухай ихэвчлэн баримтат кино бүтээдгээс гадна компьютерын олон тоглоом бүтээсэн байна. Эдгээрээс гадна уран сайхны кино байх хэдий ч сэтгэлд хоногшин үлдсэн нь тун цөөн ажээ.

“Game of Thrones” киноны дараа юу үзэхээ мэдэхгүй суугаа, мөн “Game of Thrones” киног огт үзээгүй хүмүүст (энэ тухайгаа коммент хэсгээр заавал сэтгэгдлээ үлдээгээрэй) дуулгах сайхан мэдээ байна. Мөн сонирхолтой бөгөөд чанартай хийсэн цуврал үзэх дуртай хүмүүс байгаа бол НВО сувгийн “Чернобыль” цувралыг үзэхийг санал болгомоор байна. Энэ бол мини-сериал, тэгэхээр дараагийн цуврал хэзээ гарах бол гэж тэсэн ядан суух зовлон үзэхгүй нь. Ердөө тавхан ангитай, дөрөв нь аль хэдийн гарсан. Киноны зарим нэг алдааг үл тоох нь зүйтэй болов уу: сайдууд нь Москвагаас Припяти хүртэл нисдэг тэргээр хэдхэн цаг ниснэ, зөвлөлтийн хурган дарга нар холливудын уран цэцэн үгээр цэц уралдуулна, харин тульскийн уурхайчид их л цамаан загнах нь энүүхэнд. Гэхдээ л энэ цуврал кино аймшигт осол, тэр үеэр эр зориг гаргасан хүмүүсийн бодит түүхийг өгүүлэх тул үзэх л ёстой кино болоод байгаа юм.

Цувралыг бүтээхтэй холбоотой зарим нэг баримтуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

“Чернобыль” цувралын кино зохиолыг америкийн инээдмийн киноны алдартай зохиолч бичжээ.

Крейг Мазины бүтээлүүд дундаас “Чернобыль” цойлж гарах нь маргаангүй. Тэрээр 2000-аад оны үед алдартай кино зохиолч байсан юм, “Senseless”, “Scary Movie” киноны хоёр анги, “The Hangover” киноны хоёр болон гуравдугаар ангийн зохиолыг бичсэнээс гадна “Superhero Movie” киноны зохиолыг бичиж өөрөө найруулсан гэж байгаа. Энэ мэт инээдмийн зохиол бичдэг байсан зохиолч гэнэт л маш нухацтай түүхэн сэдэв хөндөж зохиол бичжээ. Уг сэдвээр зохиол бичих болсон шалтгаанаа Мазин ийн дурсан ярьжээ: нэг өдөр сонин уншиж байтал дэлбэрсэн дөрөв дэх энергийн блок дээр шинэ халхавч/саркофаг (“Хамгаалалтын шинэ давхарга” барих ажлыг 2007 онд эхлүүлээд энэ жил дуусгах төлөвлөгөөтэй) барих тухай мэдээ олж харжээ. Тэр үед саркофагийг бүгд мэдээд байдаг ч аймшигт ослын бодит түүхийг мэдэхгүй байж болохгүй гэж бодогджээ. Ингээд Мазин мэдээлэл цуглуулах ажилдаа орсон бөгөөд энэ сэдвээр кино зохиол бичих ажлыг эхлүүлсэн байна.

Photo: imgs.aftonbladet-cdn.se

Киноны найруулагчаар Йохан Ренк ажилласан, тэрээр дэлхийн алдартнуудын клипүүд болон олон алдартай кинонуудыг найруулж байжээ. Швед Йохан Ренк “Bates Motel”, “Vikings” болон “The Walking Dead” киноны нэг ангийг тус тус найруулсан, мөн “Breaking Bad” киноны гурван ч ангийг бүтээхэд гар бие оролцсон нэгэн.

 

Хүнээс гарамгүй эр зориг

Мазин ВВС-д өгсөн нэгэн ярилцлагадаа “атомын цахилгаан станцын (АЦС) гурван ажилтны эр зоригийг үнэхээр биширсэн гэжээ. Тэр гурван ажилтан шатаж буй реакторын яг доор байрлах хорт бодисоор дүүрсэн станцын хонгил руу сайн дураараа орж, дахин гарч болох байсан аймшигтай ослын эрсдэлийг таслан зогсоож чаджээ (энэ үйл явдал хоёрдугаар ангийн сүүл болон гурав дугаар ангийн эхэнд гарна). Миний хувьд энэхүү олон ангит кино нь бидний төсөөлж ч байгаагүй тулаанд тэмцэж байсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байгаа нэгэн арга юм. Чернобылийн ослын талаар сайн мэдэхгүй хүмүүсийг бодит түүхийг мэдээсэй гэж би маш их хүсэж байна. Ямар их эр зоригтой, дайчин хүмүүс бидний төлөө өөрийгөө зориулсныг бид мэдэж байх ёстой. Чернобылийн осол улс төрийн системээс ч аймшигтай гэдгийг бид мэдэж авсан. Хүмүүс ямар их зориг гаргаж болохыг ч бид мэдэж авсан. Гэхдээ нөгөө талаасаа, 20-р зуунд Зөвлөлтийн соёл ч үүнд нөлөөлсөн болов уу гэж бодож байна” гэжээ.

 

Эх сурвалж

Photo: cdn1.img.inosmi.ru

Арав гаруй баримтат кино, сонин сэтгүүлийн нийтлэлүүд болон амьд гэрчүүдийн яриа зэргээс гадна Мазинд нобелийн шагналтан, Беларусийн зохиолч эмэгтэй Светлана Алексиевчийн “Чернобыльская молитва” роман маш их тус болжээ. Энэ бол маш том хэмжээний уран сайхны судалгаа болж чадсан зохиол: чернобылийн ослыг давж гарч чадсан хэдэн зуун хүний дурдатгал, хувь тавилан дээр суурилж бичигджээ. Гал сөнөөгч Василий Игнатенко болон түүний гэргийн тухай түүх номон дээр тусгагдсан шиг цуврал дээр ч мөн гарна. Мөн ослын гэрчүүдийн дурсамжууд Алексиевчийн тэмдэглэн авснаар дэлгэцнээ амилах ажээ. Киноны зарим нэг үйл явдлыг Валерий Легасовын кассетны бичлэгээс эх сурвалж болгон авчээ. Тэрээр амиа хорлохоос өмнө кассет дээр бичлэг хийсэн байдаг (Легас кассетны бичлэг хийж байгаагаар кино эхэлдэг). Түүний бичсэн таван кассетны бичмэл хэлбэрийг та эндээс бүрэн эхээр нь үзэж болно.

 

1986 оны үеийн Зөвлөлт улсын дүр төрхийг Литва улсад авчээ

Photo: www.15min.lt

The New York Times–ийн шүүмжлэгч “Чернобыль” киноны талаар дараах шүүмжийг бичжээ: уг кино нь зөвлөлт холбоот улсын суртал ухуулга шиг л харагдаж байна, ер нь хүн төрөлхтний хамгийн аймшигтай ослыг зүгээр нэг сүйрлийн тухай кино болгон хувиргажээ гээд Мазиныг уран сайхны кино бус харин баримтат кино хийсэн нь дээр байсан юм гэж шүүмжилсэн байна. Гэхдээ олон ангит киног муугаар шүүмжлээд байгаа хүмүүс 1986 оны үеийн ЗХУ-ыг бодитоор гаргаж чадсан гэж дүгнэсэн нь бас яамай даа. Кино зохиолч Крейг Мазин  ВВС-д өгсөн ярилцлагадаа: “Зохиолч хүнийхээ хувьд би тэр үеийн Зөвлөлтийн хүмүүсийн өмнө маш том үүрэг хүлээж байгаагаа ухамсарласан, үүний хажуугаар Украины ард түмний ч өмнө мөн адил үүрэг хүлээжээ. Бидний бүтээсэн олон ангит кино энэ аймшигт ослоор осолдсон, амь насаа алдсан, хохирсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн бүтээл юм. Тэр үеийн түүх, ёс заншил, соёлын онцлогийг бид аль болох бодитоор гаргах тал дээр маш их хөдөлмөрлөж, хичээцгээсэн” гэжээ. Зохиолчийн зөвлөхөөр 1986 онд Припять хотод амьдардаг байсан хүмүүс, ослын гэрч болсон хүмүүс болон украин найз нар нь ажиллаж тусалжээ.

Photo: www.15min.lt

Зөвлөлтийн аж амьдрал, хувцас, автомашинуудыг яг л тэр үеийнх шиг адилхан байхаар хуулбарласан. “Чернобыль” киноны зураглаачаар ажилласан Люк Халл нэгэн ярилцлагадаа киног бүтээхэд ямар их материал цуглуулснаа ч дурсжээ: “ …. уг киног бүтээхэд тус болсон томоохон эх сурвалж нь YouTube байсан юм, тэр үеийн маш олон бичлэгүүдийг үзсэн дээ. Кинондоо ашиглах эд зүйлсийг худалдаж авахад харин хүндрэл учирсан гэж хэлж болно: зөвлөлтийн тавилга, хувцас зэрэг. Гэхдээ ихэнх нь киевийн зах дээр зарагдаж байсан нь аз. Хүмүүс одоо тэр үеийг мартахыг хүсэх болж дээ. Бид нар бас Киев хотод “Чернобыль” гэдэг музей үзсэн, тэнд амьд гэрчүүдтэй ч уулзаж чадсан юм. Энэ ослын бодит түүхийг харуулахыг хүссэн, тийм ээ – бид киноны утгаа илүү илэрхийлэхийн тулд зарим нэг газар хэтрүүлж, дэгстүүлсэн байхыг үгүйсгэхгүй” гэжээ. Киноны хувцасны зураглаач Одиль Дикс-Мерье зөвлөлтийн үеийн хувцасны загварыг гаргахын тулд хуучны сонин, сэтгүүлүүдийг эргүүлж баримтат кинонууд үзжээ. Зарим нэг хувцаснуудыг “Беларусьфильм” болон Киевийн улсын архиваас түрээсээр авсан байна. Хувцасны зураглаачдад тэр үеийн оёдолчин, цэргийнхэн мөн зөвлөгөө өгч тусалжээ.

Photo: www.rubaltic.ru

Припять хотын дүр зургийг Вильнюс-д авсан, харин Чернобылийн АЦС-ийн зарим нэг зургийг 2009 онд хаагдсан Агналискийн АЦС-д авчээ. Уг АЦС мөн л Литвад байдаг юм. Киноны зураг авалтууд Киев, Припять хотоос холгүй орших ой модонд хийгдсэн. Ерөнхийдөө Украинтай холбоотой аливаа зураг авалт нь ихэвчлэн Литвад болсон гэж хэлж болно. Энэ нь литвийн засгийн газар зураг авах зөвшөөрлийн төлбөрт тодорхой хөнгөлөлт олгосонтой холбоотой ажээ.

 

Жүжигчид

“Чернобыль” киноны ихэнх дүрүүд бодит түүхэн хүмүүс. Гол дүрүүдээс зөвхөн эрдэмтэн Ульян Хомюк (Эмили Уотсон) л зохиомол дүр юм. Гэхдээ хэдий түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн гэж байгаа ч уг кино нь уран сайхны бүтээл гэдэг утгаараа зохиомол зүйл орсон нь мэдээж. Борис Щербани гэхэд л атомын реактор хэрхэн ажилладгийг мэдэхгүй байсан нь юу л бол? Одоо л бид эргэлзээд байгаа болохоос биш тэр мэдэхгүй байх боломжгүй гэцгээх л юм. Гэхдээ энэ чухал гэж үү? Ямартай ч барууны соёл анх удаа Зөвлөлт Холбоот Улсын тухай үйл явдал, бодит хүмүүсийн түүхийг хөндлөө, тэд “нөхөр” гэж хэлцгээж байна.

Ингээд олон ангит кинон дээр гарч байгаа бодит хүмүүс болон тэднийг бүтээсэн жүжигчдийг сонирхоцгооё.

 

Академич Валерий Легасов – Жаред Харрис

Жинхэнэ Легасов

 

ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн Орлогч дарга Борис Щербина – Стеллан Скарсгод

 

Гал сөнөөгч Василий Игнатенко – Адам Нагайтис

 

Чернобыль АЦС-ын үйл ажиллагаа хариуцсан ахлах инженерийн орлогч Анатолий Дятлов – Пол Риттер

Жинхэнэ Дятлов

 

Чернобылийн АЦС-ын захирал Виктор Брюханов – Кон О’Нил

 

ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачёв – Давид Денсик

Энэ сэдвээр бас доорх бичлэгийг үзэхэд илүүдэхгүй

“Чернобылийн хонх” 1986 оны 5-р сарын 28-наас 6-р сарын 26-ны өдрүүдэд хийсэн бичлэг

“Чернобыль. 3828” кино – ослын газраас нүүлгэн шилжүүлж буйг өгүүлнэ

“4 дүгээр блок (судлаачдын хувилбар)”. Энэ кинонд Легасовын үхэхээсээ өмнө хийсэн бичлэг гарна.

“Чернобылийн төлөөх тулаан” Discovery сувгийн бүтээсэн баримтат кино

Уг цувралын талаарх өөрийн сэтгэгдлээ коммент хэсгээр үлдээгээрэй.

18
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bold Baatarkhuu

    Bold Baatarkhuu

    2019/05/30 at 04:22

    Манай Монгол улс энэ кино дээр гардаг Атомын цахилгаан станцын гол түүхий эд болох ураны асар их нөөцтэй бөгөөд … бидний хэдэн монголчуудад тийм их эрчим хүчний, болоод боловсон хүчин, эдийн засагын хүчин чадал ч байхгүй … юу хэлэх гээд
    Байна вэ? шар нунтагыг бүү гаргаасай л гэж.

  2. Амарболд Баасан

    Амарболд Баасан

    2019/05/30 at 15:24

    Амаржаргалын Эрхэмбаяр

  3. Batka

    2019/05/31 at 02:36

    Сонирхолтой мэдээлэл хүргэдэг танай хамт олон баярлалаа. Би “Game of Thrones” киног үзээгүй шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *