“ЭРЧИМ” ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБЫН ТУХАЙ

0
0
4,732

1990-ээд онд Монгол улс нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлттэй золгохтой зэрэгцэн үйлдвэрлэлийн салбар уналтад орсон бөгөөд үүний нөлөөлөлд тухайн үеийн “ТЭЦ- 4” үйлдвэр өртсөн юм. Өөрчлөлтийн нөлөөгөөр тус үйлдвэрт алба хашиж байсан ЗХУ-ын мэргэжилтнүүд нутаг буцаж, чадварлаг Монгол инженерүүд болоод ажилчид ажлаа орхин, ганзагын наймааг эрхлэхээр явцгааж байв. ЭХЯ-ны сайдын тушаалаар 1993 онд залуухан шинэ, цехийн дарга Ц.Баярбаатарыг үйлдвэрийн даргаар томилсон.

Үйлдвэрийг удирдан чиглүүлэх хүндхэн нөхцөлд, үйлдвэртээ үнэнчээр үлдсэн залуучуудыг нэгтгэх, эв түнжинг нь нягтруулах, нэгнээ ойлгох, хүндлэх, багаар ажиллах чадварыг нь нэмэгдүүлэх үүднээс урлаг спортыг хөгжүүлэх, ялангуяа багийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх үүднээс хөлбөмбөг, волейболын спортоор хичээллэдэг, сонирхдог залуус дээр үндэслэн, тэдний санаа бодлыг сонсч, хамтран зөвшилцөж баг байгуулан, салбарын болоод хотын аварга шалгаруулах тэмцээнд орж эхэлсэн байдаг.

Үйлдвэрийнхээ урд байрлах эзгүй талбайд шохойгоор зурвас татаж, хаалга босгон талбай байгуулан тоглодог байсан ажилчдынхаа дунд хөлбөмбөгийн уралдаан тэмцээнүүдийг тогтмол явуулдаг болсон. Улмаар хөлбөмбөгийн спортоор холбогдсон үйлдвэрийн ажилчин залуус 1994 онд анхныхаа УБ хотын аварга шалгаруулах тэмцээнд орж, аваргын алтан медалийг авсан нь “Эрчим” клуб үүсгэн байгуулагдах эх үндэс тавигджээ.

Багийнхаа тэмцээн болгоныг дэмжихээр очдог байсан үйлдвэрийн ажилчдын хувьд “Эрчим” баг гэрэл гэгээ, урам зориг, баяр баяслыг өгдөг болсон гэдэг.

Ийнхүү 1994 онд “ТЭЦ- 4” үйлдвэрийг түшиглэн байгуулагдсан “Эрчим” хөлбөмбөгийн клуб үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлсээр өдгөө энэ спортын төрлөөр Монголдоо төдийгүй, тивдээ нэрээ таниулсан МХБХ-ны тэргүүлэгч клуб болж чадсан байна.

Тэд 1996 оноос зохиогдож эхэлсэн “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээнд нийт 20 удаа оролцож 12 удаагийн аваргын алтан медаль, 4 удаагийн мөнгөн медаль, 1 удаа хүрэл медаль хүртсэн төдийгүй, Ази тивийн түвшинд клубын нэр хүндийг таниулан сурталчилж, цаашлаад Монгол улсын хөлбөмбөгийн хөгжлийн түвшинг тодорхойлсон Монголын жишиг клуб болох зорилт тавин ажиллаж байна. Өдгөө “Эрчим” клубт 6-10, 12, 14, 16, 18, 20 хүртэлхи насны ангилалд нийт 150 орчим хүүхэд өсвөр үе, идэрчүүдийн багт хичээллэж байна.

Тэрчлэн зарим жилд ивээн тэтгэгчийн байдлаас хамаарч “Боргио цом” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан “МХБХ-ны Цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд “Эрчим” багийнхан 1995, 1996, 1998, 1999, 2000, 2011, 2012, 2014, 2015 онуудад нийт 9 удаа аваргалж, 2001, 2002 онуудад 2 удаа мөнгөн медаль, 2011 оноос зохион байгуулагдсан “Супер цом”-ын тэмцээнд тасралтгүй оролцож, 6 удаагийн аваргын алтан цомын эзэд болсон байна.

Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? 😃


Тэгье, мэдээ үзэх

Футзалны төрлөөр “Цогт агсны нэрэмжит” УАШТ-нээс 2007 онд мөнгө, 2008 онд алтан медаль, “Футзалны Лигийн АШТ”-нээс 2012 онд мөнгө, 2013 онд аваргын цом, алтан медаль хүртсэн ч гадаа талбайн хөлбөмбөгөөр ОУ-ын тэмцээнд Улсаа төлөөлөн оролцох эрхэм хүндтэй үүргээ биелүүлэхээр футзалын тэмцээнд ахин оролцоогүй болно. Азийн хөлбөмбөгийн хөгжил буурай орнуудын дунд 2005-2014 онуудад нийт 10 удаа зохион байгуулагдсан “AFC President’s Cup” тэмцээн 2012 онд Пакистан Улсад зохион байгуулагдахад анх удаа оролцон анхны оноогоо авч байсан бол 2013 онд 12 багаас хагас шигшээд шалгаран улмаар 3-р байр, 2014 онд мөн хэсгээсээ хагас шигшээд шалгаран 6-р байр эзэлж байв. Харин 2015 онд “AFC CUP” тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулан оролцож Непалын багтай тэнцэн, Камбожын багийг хожиж Монголынхоо үзэгч, хөгжөөн дэмжигчдийн уухай түрлэг дор, тэдний итгэлийг алдалгүй, сайхан тоглолтыг үзүүлж чадсан билээ. 2017 онд “AFC CUP” тэмцээний урьдчилсан болон хасагдах шатны тоглолтуудад оролцох ёстой байсан Тайвань, Гуам улсын багууд тэмцээнд оролцохоос татгалзсан бөгөөд ингэснээр “Эрчим” клуб хэсгийн шатанд Дэлхийн аваргын тэмцээнд хоёр удаа оролцож байсан Ардчилсан Солонгосын багууд болох “4.25” болон “Кигванча” багуудтай таарч тоглосон юм. 2018 онд мөн Ардчилсан Солонгосын “Хуаефул” багтай хэсгийн урьдчилсан шатны тоглолтонд оролцсон. Дээрхи үзүүлсэн амжилтуудыг сайшаан ОУХБХ-ны ерөнхийлөгч Йосеф Блаттер 2013 онд, Жианни Инфантино 2017, 2018 онуудад “Эрчим” клубын нэр дээр талархалын бичиг явуулжээ.

“Эрчим” баг 1998 оноос хойш Голланд, Япон, Нигери, ОХУ, Бразил, Серби, Франц, АНУ зэрэг орноос тамирчид урин тоглуулж Монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.

“Эрчим” клубын бусад клубээс ялгаатай нь тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтанд анхаарахаас гадна тэнцвэржүүлсэн шим тэжээлт, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хооллох тал дээр онцгой ач холбогдол өгдөг. Тодруулбал, “Эрчим” клуб 2014 онд “Herbalife” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Түүнээс хойш буюу гэрээ байгуулсан 4 жилийн хугацаандаа МХБХ-ны “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээнд тасралтгүй 4 жил түрүүлж байгаа бөгөөд захирал Ч.Баясгалан үүнийг тамирчид шаардлагатай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хангагдаж, түүнийг зүй зохистой байдлаар хэрэглэж заншсантай холбон тайлбарлаж байна.

1996 оноос хойш Монгол улсын шигшээ багийн 80-90 хувийг бүрдүүлж ирсэн “Эрчим” клубын үүд хаалга өөрсдийг нь зорин ирсэн, өөртөө итгэлтэй, хөлбөмбөгт хайртай хүн бүхэнд нээлттэй байдаг.

4
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.