Арьс цочрох тун чиг эвгүй мэдрэмж, гоо сайхны талаас ч муухай харагдана. Ялангуяа нартай халуун өдрүүдэд энэ таагүй мэдрэмж их мэдрэгдэнэ. Зарим нэг нь сахал хусах эсвэл депиляцийн гаж нөлөө гэж андуурах нь ч бий. Хөлрөх, бариу хувцас, хурц шарах нар, шимэгч хорхойд хазуулах болон бусад өөр олон шалтгаанаас болж арьс улайн загатнаж жижиг тууралт болон пигмент үүсдэг.
Хямд төсөр, олдоц сайтай зүйл ашиглан арьсны цочролыг хэрхэн арилгах талаар зөвлөгөө өгье.
Арьсны цочролыг хэрхэн арилгах вэ?
Хүний нүүр болон бүх л биеийн арьс загатнаж цочрох нь гадаад болон дотоод шалтгаантай байдаг. Хэрвээ гадны ямар нэг шалтгаан үгүй бол шууд эмчид үзүүлэх хэрэгтэй гэдгийг зориуд анхааруулж байна. Магадгүй шалтгаан нь дааврын өөрчлөлт, халдвар, янз бүрийн хүнс, эм тариатай ч холбоотой байж болох юм.
Хэрвээ арьс цочирч загатнаж эхэлбэл маажиж, оролдох хэрэггүй. Мөн энэ ул мөрийг нь ч харагдахгүй болгох гэж нууж хаах хэрэггүй бөгөөд ялангуяа нүүрэндээ ийм зорилгоор янз бүрийн тос ашиглаж огт болохгүй. Байдал бүр ч дордож болзошгүй.
Арьсны цочролыг хэрхэн арилгах вэ?
1. Шүдний оо
Энгийн шүдний оо, ялангуяа буйлны элдэв өвчин, шүдний мэдрэмтгий байдлыг эмчлэх чанартай оо нь нэгдүгээр зэргийн хэрэгсэл юм. Гэхдээ эхлээд арьсанд багаар түрхэж, туршиж үзэх шаардлагатай юм шүү. Үүний тулд гарын бугуй эсвэл тохой хавьд багахан хэмжээгээр түрхээд 5-10 минут харна. Дараа нь угааж арилгаад хүлээнэ. Хэрвээ ямар нэг сөрөг нөлөө илрэхгүй бол энэ оог арьсны элдэв жижиг өвчнийг анагаахад хэрэглэж болно.
Ингээд цочирч загатнаж байгаа арьс, нарны шууд тусгалд улайж, янз бүрийн пигмент бий болсон хэсэгт оогоо түрхэнэ. Гаа, эвкалипт болон бусад тайвшруулах үйлчилгээтэй бүтэцтэй учир арьсыг тайвшруулж нарны шууд тусгалаас бий болсон толбо, пигментийг үгүй болгож цайруулна. 5 минутын дараа тасалгааны хэмтэй усаар нүүрээ угаана. Дараа нь заавал чийгшүүлэх тос түрхээрэй.
Шүдний оо хэрэглэхээ бас хэтрүүлж болохгүй, учир нь оо бол нүүр арчлах хэрэгсэл биш билээ. Мөн бикини өмсөх хэсэгт хийсэн үс хусах ажиллагааны дараа цочирсон арьсыг тайвшруулах зорилгоор ашиглахгүй.
2. Өвс ургамал
Алтан товч, балжингарав, шүүдэргэнэ, алтан цэгцүүхэй зэрэг ургамлыг хэлж байгаа юм. Нэг эсвэл хэдэн ширхэг өвс усанд буцалгаад хандалж тавих хэрэгтэй. Энэ хандаар арьсаа арчих, шавших зэргээр ашиглаж болох ба мөстэй цуг хэрэглэх нь илүү үр дүнтэй. Зуны хувьд хамгийн тохирох арга бөгөөд ялангуяа шавьж хорхойд хазуулсан бол сайн үр дүнтэй юм.
Мөн энэ хандыг ашиглан жин тавьж болно: алчуураа эсвэл хөвөнгөө хандаар сайтар норгоод арьсны асуудалтай хэсэгт тавьж 15-20 минут байлгана. Ханд тасалгааны хэмтэй байх хэрэгтэй бөгөөд хэт халуун, хүйтэн бол арьсны гадна давхаргыг бас л цочрооно.
3. Өргөст хэмх
Өргөст хэмх нь тайвшруулах, чийгшүүлэх, сэргээх үйлчилгээтэй учир гоо сайхны бэлдмэлд их хэрэглэдэг билээ. Хэрвээ арьс цочирч байгаа бол, ялангуяа нүүрний арьсанд үрж жижиглэсэн өргөст хэмх түрхэн тавиад 20 минут болгоно. Арьс зөвхөн тайвшрах төдийгүй бас чийгшинэ.
Мөн жижиглэсэн өргөст хэмхийг устай хольж хөлдөөж хэрэглэнэ. Энэ нь эрчүүд сахлаа хуссаны дараа, эмэгтэйчүүд хөмсгөө засах болон жижиг тууралтанд их сайн үйлчилгээтэй юм.
Иймэрхүү энгийн, олдоц сайтай зүйлээр арьсны элдэв цочролыг эмчилж, тайвшруулж болдог байна. Ер нь хурц наранд байх цагаа боломжоороо багасгаж, синтетик эд зүйлээс татгалзан арьс сайн амьсгалж байх нөхцөлийг бүрдүүлж бага хөлрөхийг бодоорой. Чухам энэ нь арьс цочроох гол шалтгаан болдог билээ.
Зуны халуун өдрүүдэд арьсаа цочрохоос хамгаалж ямар арга хэмжээ авдаг талаараа сэтгэгдэл дээр бичээрэй.