Тавилга худалдаж авахдаа анхаарах ёстой 8 зүйл

2

Тавилгын гаднах үзэмж нүд хуурсан байх нь бий. Шинээр нь, өндөр үнээр авсан шкаф эсвэл буйдан хэдхэн сарын дараа арын хана нь салах эсвэл наалтаараа салж эхлэх тохиолдол цөөнгүй. Тавилгын дэлгүүрт анх олж харж байсан тэр сайхан тавилгын ул мөр огт үлдсэнгүй. Үйлдвэрлэгчийн зорилго – бараа бүтээгдэхүүнээ л борлуулахад оршино. Харин тэдэнд тавилгын ашиглалтын явцад яаж муудах нь огт хамаагүй мэт.

Тавилга худалдан авахдаа тэр болгон анхаараад байдаггүй зарим нэг жижиг сажиг зүйлийг танилцуулахаар бэлдлээ. Чухам эдгээр зүйлээс л таны тавилгын нас хамаарах юм шүү дээ.

1. Тавилгын гадуурх бүрээс

Зөөлөн тавилгын гадуурх бүрээс хамгаас илүү хурдан мууддаг. Сайн чанарын загварын тавилгад солих бүрээс дагалддаг – хуучин бүрээс нь муухай болох эсвэл урагдчихвал ямар ч  төвөггүй солих боломжтой. Зарим нэг үйлдвэрүүд тухайн загварын тавилгаа үйлдвэрлэхээ зогсоосон ч гэсэн бүрээсийг нь үйлдвэрлэсээр л байдаг. Ингээд бүрээсээ сольсноор уг зөөлөн тавилгыг хэдэн ч жил эдэлж хэрэглэж болно. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй – бүрээс нь том буйдангаас хэд дахин хямд байх нь мэдээж.

 

2. Тавилгын тогтоогч деталийн чанар

Чанартай бүтээгдэхүүний үзүүлэлт – бэхэлгээ хийх хэрэгслүүд. Сайн үйлдвэрлэгчид хадаасны оронд шураг ашигладаг – илүү бат бөх бөгөөд удаан хугацаанд хэрэглэгдэнэ.

Хэрэгслүүд – нэмэлт бүх эд хэрэгсэл орно: булан, хөл, боолт, наалт. Эдгээр хэрэгслүүд нь тавилгын бат бөх байх, гадаад үзэмжид ч нөлөөлдөг байна. Бүх бэхэлгээг сайн хийх хэрэгтэй, бэхэлгээ дунд элдэв зай завсар үлдэх ёсгүй. Зөв бэхэлгээ хийсэн тохиолдолд тавилгын гадна хэсэг жигд, элдэв доголдолгүй харагдана.

 

3. Материалын залгааны чанар

Бүх залгаа нь жигд, өө сэвгүй байх ёстой, ямар нэгэн дутуу, бохир хийсэн тайрдасгүйгээр. Залгаасууд бие биендээ сайн наалдсан байх ёстой – цавууны ямар нэгэн үл мөргүй. Залгаасны чанарыг шалгах маш амархан, жишээ нь шүдний мод. Хэрвээ залгаасны завсраар шүдний мод ямар ч төвөггүй яваад орчихвол – ийм тавилгыг худалдаж авах хэрэггүй.

Залгаас болгоныг шалга: чанартай тавилгын залгаас бүр хоорондоо нэг стандарттай байдаг, залгаас нь төдийлөн мэдэгдэхгүй байдаг ажээ.

 

4. Бэхэлгээний төрөл болон дотор ханын материал

Арын хана тавилгын хэлбэрийг хадгалах үүрэгтэй бөгөөд зохих байрлалд барих үүргийг гүйцэтгэдэг. Зарим нэг үйлдвэрлэгчид арын ханаа сольж болох боломжтойгоор хийсэн байдаг ажээ. Хадаас эсвэл шруп дээр тогтож байгаа хана эдэлгээний явцад суларч салдаг, ийм төрлийн ханыг засахад хүндрэлтэй. Тиймээс ханыг нь сольж болдог тавилга худалдаж авахыг зөвлөж байна. Угсарсан тавилганы ханыг дараа нь ямар ч үед шинээр солих боломжтой. Сольдог ханын өнгөний сонголт өргөн, тиймдээ ч тавилгаа бүтнээр нь сольсон мэт сонирхолтой харагдахад хүргэнэ.

Дотор ханын материал нь өмнөх материалтай адилхан байвал зохилтой. Дотор ханын хэмжээ нь тавилгын тавцан тогтох байдалд шууд нөлөөлдгийг мартаж болохгүй. Хэмжээгээрээ яг тохирч байгаа бол тавцан ч сайн сууж тавилга удаан хэрэглэгдэнэ.

 

5. Шургуулга, гүйдэг хаалганы зам

Гүйдэг зам нь хоёр үндсэн төрөлд хуваагддаг: шарикан болон роликин. Шарикан гүйдэг зам нь дуу чимээгүй, бүтэн эргэлдэж гүйнэ, 60 кг хүртэл хүнд жинг даах чадалтай. Харин роликин зам нь дөнгөж 25 кг жин даах чадалтай, бүтэн эргэлдэж гүйдэггүй, бас дуу чимээ ихтэй. Гэхдээ үнийн хувьд хямд. Хэрвээ роликт зүсэлт хийвэл энэ чимээг багасгах боломжтой.

Ямар ч төрлийн гүйдэг зам бай өргөн нь 1 см-ээс багагүй өргөнтэй байх ёстой. Энэ тохиолдолд шургуулгыг хааж нээхэд ямар ч асуудал гарахгүй, удаан ашиглагдана. Гүйдэг замын төрлөөс үл хамааран шургуулга чөлөөтэй онгойж, хаагддаг байх ёстой, үүнд шургуулга хувцас, эд хогшлоор дүүрсэн эсэх нь огт хамаагүй. Сонирхож байгаа загвараа шалгахын тулд шургуулганд ямар нэгэн хүнд зүйл хийж онгойлгож, хааж үзээрэй.

 

6. Зөөлөн тавилгын бүрээсний материал

Зөөлөн тавилгын бүрээсний материал нь зориулалтаасаа шалтгаална. Хэрвээ танд унтах зориулалттай буйдан хэрэгтэй бол цэвэр даавуун материалаар бүрсэн буйдан сонгоорой: хөвөн, ноосон, эсгий. Зочны өрөөнд үрэлт сайн даах материал сонгоно: микрофибр, илгэн, флок. Хээтэй бүрээс дан нэг өнгийн бүрээсийг бодвол эдэлгээ сайн даадаг ажээ.

Мөн шингэн зүйл шингээх, тоос шороо татах байдлыг анхаарна. Зарим нэг материалууд нь тоос шороо цуглуулахгүй байх хамгаалалттай байдаг бөгөөд шатахгүй материалаар ч хийгдсэн байдаг. Даавууг чийгтэй алчуураар арчиж цэвэрлэж болох эсэхийг мөн мэдэж авна (ийм төрлийн даавууг цэвэрлэхэд амархан). Сайн чанарын бүрээс нь үрэлт, эдэлгээ даах чадвартай байна – Мартиндейлийн тестээр үрэлтийн 20 тойргийг давсан байх ёстой. Энэ бүх мэдээллийг буйданд дагалдаж ирэх паспортоос мэдэж болно.

 

7. Зөөлөн тавилгын зөөлөвч/дүүргэлт

Зөөлөн тавилгын зөөлөн эсвэл хатуу байх эсэх, хэлбэрээ хэр удаан хадгалж үлдэх зэрэг нь буйдангийн дүүргэлтээс хамаарна. Порлонон дүүргэлттэй буйдан хурдан мууддаг талтай. Хэрвээ ийм төрлийн дүүргэлттэй буйдан дээр өдөр болгон унтаад байвал хагас жилийн дараа гэхэд л байнга ачаалал авдаг газраа хонхойж муудаж эхэлнэ. Ачаалал илүү даах чадвартай дүүргэлт нь холкон болон латексууд юм. Энэ хоёр материал хоёулаа хэлбэрээ сайн хадгалдаг бас зөөлөн, хатуугийн хувьд маш боломжийн. Гэхдээ латекс дүүргэлттэй буйдан илүү өндөр үнээр зарагддаг ажээ.

Дүүргэлтийн сонголт ч гэсэн мөн адил зориулалтаас шалтгаална. Хэрвээ унтах зориулалттай бол илүү хатуу, бат бөх дүүргэлттэйг авна – латекс. Зөвхөн суух гэж байгаа бол ямар ч дүүргэлттэй байж болно – өөрийн санхүүгийн боломж болон таалагдах байдлаас шалтгаална.

 

8. Каркасын төрөл

Гурван төрлийн каркас байна: металл, мод болон ДСП. Эдэлгээ удаан даах – металл. Залгаасуудыг болтоор биш гагнаасаар бэхэлсэн загварууд удаан хэрэглэгдэнэ. Ийм төрлийн каркасын нэмэлт бонус – сольдог бүрээстэй байх нь элбэг.

Модон загвар бас эдэлгээ даана, гэхдээ модны төрлөөс шалтгаалдаг байна. Самрын мод, царс, яшил модоор хийсэн бол хуш, шилмүүст модны модоор хийснийг бодвол илүү удаан хэрэглэгдэнэ. Бас үнийн хувьд ч нэмэгдээд ирдэг байна. Ямар ч мод байсан хамаагүй жигд, бүрэн хатсан байх ёстой: энэ бол чанарын үзүүлэлт.

ДСП каркастай буйдан үнийн хувьд хямд, удаан эдэлгээ даахгүй. Гэсэн хэдий ч зарим нэг сайн чанарын ДСП каркастай буйдан эдэлгээ сайн даадаг.

Тавилга худалдан авахдаа та хамгаас түрүүнд юунд нь анхаарал хандуулдаг вэ?

9
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *