Гэрийн цахилгааны шугамыг хэрхэн зөв байрлуулах вэ?

2

Цахилгааны шугам нь зөв байрлалтай байх нь гэрийн тохь тухын нэг үндэс билээ. Тиймээс шугам хаагуур явах, залгуур болон унтраалга хаана байхыг яг таг мэдэж байх нь чухал юм.

Ингээгүй нөхцөлд хананд хадаас ч хадахад хэцүү болох ба бүрэн засвар хийх тухайд яриад ч хэрэггүй болов уу. Дээр нь уртасгагчны орооцолдсон олон утастай ноцолдох нь таатай зүйл биш.

Хамгийн зөв арга нь цахилгаан хэрэгслийг хаанаа байрлуулахаа бүр байрны зураг гаргаж байх үед төлөвлөх явдал юм. Ийм утгаар тавилгын байрлал хаана байх талаар ерөнхий төлөв зураг гаргана. (цахилгаан хэрэгсэл байрлах газар залгуур байх гэх мэт) Энэ бүхнийг хийхийн тулд юунд анхаарах тухай ярилцъя.

 

Зөв цахилгааны шугам

Цахилгааны шугамыг ил, далд байхаас үл хамаарч босоо болон хэвтээ чиглэлд зөв байрлуулах нь чухал. Гэхдээ заримдаа хамгийн ойрхон замаар татсан шугам дайралдах нь бий.

Үүнийг хэд хэдэн шалтгаанаар хийдэг: цахилгааны шугаманд хэмнэлт гаргах, цахилгаан монтажын ямар нэг мэдлэггүй, хааш яаш хандлага, монтаж хийхдээ залхуурсан гэх зэрэг болно. Яагаад цахилгааны шугамын зөв байрлал тийм чухал хэрэг вэ?

Буруу байрлалтай шугам нь нэг хэсэг шугамыг тэр чигээр нь тоггүй болгох эрсдлийг нэмэгдүүлнэ. Гэртээ их засвар хийж тавилгын байрлалаа өөрчлөн бий болсон зайнд нь зураг өлгөх гээд өрөмдтөл тас няс хийн оч хаях нь элбэг. Энэ бол хаа сайгүй тохиолддог зүйл билээ.

Цахилгаан шугам татах дүрмээр бол залгуур байх газар цахилгааны шугам босоо чиглэлд доошлон залгуурт хүрэх ёстой. Дүрэм баримталсан нөхцөлд зураг өлгөх үедээ цахилгааны шугам дайрахаас айх зүйлгүй болох билээ.

Цахилгааны босоо шугам нь хаалга болон цонхноос багадаа 10 см-ийн зайтай байх ёстой. Халаах шугамаас 15-20 см-аас багаагүй бөгөөд перпендикуляр огтлол нь тусгаарлагчаар хамгаалагдсан байна.

Халаалтын болон бусад шатах бодис дамжих хоолойтой параллел шугам нь 40 см-ээс багагүй зайд байх ёстой. Мөн бетоны хурц өнцөг, ирмэг, металл хэсэг зэргийг анхаарна.

Цахилгаан шугам таазнаас ямар зайтай байх ёстой вэ? Таазны өндрөөс шалтгаалан багадаа 15 см байх ёстой. Зарчим нь: хэрвээ дүүжин болон түүнтэй төстэй тааз хийх бол хүрэхэд амархан байрлалд байх хэрэгтэй юм.

Хэрвээ үндсэн дээврээс шинэ дээвэр нь 30 см зайд байрлах бол цахилгааны шугам үндсэн дээврээс 40 см зайтай байна. Мөн та одоогоор дүүжин тааз хийх тухай бодоогүй байгаа ч дээрх нөхцлийг бас бодолцох хэрэгтэй юм.

Гэрлийн унтраалга байрлуулах дүрэм

Гол гэрэлтүүлгийн унтраалга хаалганы ойролцоо 75-90 см-ийн өндөрт байна. Өндрийг сонгохдоо гэрт амьдрах хүний дундаж өндрийг бодолцох ба бүгдэд нь энэ унтраалгыг хэрэглэхэд амар хялбар байх ёстой.

80 см-ийн өндөр бол бараг л бүгдэд тохирох өндөр юм. Унтраалга нь ямар нэг тавилга болон онгойсон хаалгаар хаагдахгүй байх ёстой учир хаалга онгойдог талын эсрэг талд байна.

Угаалгын болон ариун цэврийн өрөөний унтраалга коридорт, харин бусад өрөө, гал тогоо, коридорын унтраалга тухайн өрөөний дотор байна. Нэмэлт гэрэлтүүлгийн унтраалга нь (гоёлын болон бусад гэрэлтүүлэг) өрөөний дизайнаас шалтгаалан хаана ч байж болох билээ.

Залгуурын байрлалын онцлог

Залгуур байрлах өндөр нь олон хүний маргааны сэдэв болдог билээ. Орчин үед европ стандарт хэмээх ойлголт нилээд дэлгэрч байгаа бөгөөд энэ нь залгуур шалнаас 30 см-ийн өндөрт, унтраалга шалнаас 90 см-ийн өндөрт байна.

Гэвч яг үнэндээ ийм евро стандарт гэсэн зүйл үгүй бөгөөд энэ нь “еврозасвар” гэсэн ойлголттой цуг бидний амьдралд орж ирсэн ойлголт бөгөөд хуучин стандарт болох унтраалга шалнаас 160 см өндөрт, залгуур 90 см өндөрт байх стандартыг өөрчилсөн засвартай холбоотой гарч ирсэн зүйл юм.

Дээр дурдсан нам өндөрт байх нь бидэнд ямар ч цахилгаан хэрэгслийг залгах боломж олгоно. Хоёр дахь нь тоос сорогч мэтийн тэр болгон ашиглахгүй хэрэгслийг залгах боломжтой.

Аль аль хувилбарт нь давуу болон сул тал байх бөгөөд хуучин цагийн монтаж, унтраалгын байрлалыг илүү зөв, амар гэж үзэх хүмүүс их байна. Энэ нь нүдний харах орчинд байрлаж, хажууд нь тавилга тавих боломжтой, бас хүүхдэд аюулгүй юм.

Евростандарт нь илүү тохь тухтай бөгөөд гараа өндөр өргөх, босолгүйгээр гэрэлтүүлгээ удирдах боломжтой. Харин 90 см-ийн өндөрт байх залгуур нь аливаа хэрэгсэл залгахдаа бөхийхгүй байх сайн талтай билээ.

Хэрвээ хэрэгсэл маань үргэлж залгаж салгаж байх шаардлагагүй байнга залгаатай байх бол нам дор, үл харагдах газар байрлах нь илүү дээр.

Залгуурын өндрийг тооцохдоо хэд хэдэн энгийн дүрэм баримтлах хэрэгтэй

  1. Эхлээд тавилгын байрлалаа олоод цахилгаан хэрэгслийн байрлалыг тодорхойлж бүх л тавилга, хэрэгсэл орсон масштаб бүхий схем зураг зурна.
  2. Дараа нь хэрэгтэй бүх л залгуурыг (утасны болон интернетийн оролтыг бас тооцно) тооцолж зурах ба нөөцтэй байх хэрэгтэй.
  3. Үл хөдлөх хэрэгсэлд зориулсан залгуур нь (компьютер, телевизор) аль болох эдгээр хэрэгслээр хаагдсан байх боловч хүрэхэд амархан байрлалтай байна.
  4. Хааяа нэг ашиглах залгуур нь ил хананд, шалнаас 30 см-ийн өндөрт байна. Харин тооны хувьд тоос сорогч өрөөний аль ч буланд хүрэхээр тооцоолно.
  5. Бичгийн ширээний зориулалтай, янз бүрийн шүүгээний ард байрлах залгуур нь бичгийн ширээнээсээ 15-20 см-ийн өндөрт байна.
  6. Тавилга тавих үгүйгээ мэдэхгүй газарт залгуур нь 30 см-ийн өндөрт, унтраалга нь 90 см-ийн өндөрт байх нь хамгийн амар хувилбар болов уу.

Угаалгын өрөөн дэх цахилгааны тухай

30 жил болсон, түүнээс өмнө барьсан барилгуудад угаалгын болон ариун цэврийн өрөөнд ямар нэг цахилгаан залгуур огт үгүй. Өнөөдөр жакузи, бойлер, агааржуулагч зэрэг нь стандарт хэрэглэл болжээ. Тиймээс угаалгын өрөөг төлөвлөхдөө залгуур заавал байхаар тооцно.

Жакузи болон босоо ваннд зориулсан залгуур уг хэрэгслийн цаагуур нуугдах байдлаар байрлаж болох ба учир нь та үүнийг байнга залгаж салгаж байхгүй билээ.

Агааржуулагчид зориулсан цахилгаан залгуур нь хэрэгслийнхээ хажууд, дээр нь байж болох ба ихэнхдээ гэрэлтүүлэгтэй холбогдсон байдаг нь гэрэл асахад л агааржуулагч ажиллаж байх зорилготой юм.

Угаалгын өрөөний толь ихэнхдээ угаалтуурын дээр байрлах ба түүний хажууд нэг болон хоёр залгуур байрлуулж болох юм. Нэгийг нь толины гэрэлтүүлэгт, нөгөөхийг нь сахлын машин, сэнс болон бусад хэрэгсэлд зориулна.

Хэрвээ угаалгын өрөөнд угаалгын машин тавьж болох бол цахилгааны залгуур нь усны хоолойноос 50-60 см зайтай байх ёстой гэдгийг санаарай.

Зөвлөгөө

Унтраалга, залгуур нь чийгтэй орчинд таарах (хамгаалалтын хэмжээ нь IP 44-өөс багагүй), найдвартай газардуулгатай байх хэрэгтэй. Дизайнер болон зураг гаргаж байгаа хүн энэ талаар танд заавал дуулгах ёстой.

Гал тогооны өрөөний залгуурын дүрэм

Нэгж талбайд байх цахилгаан хэрэгслийн тоогоор гал тогоо нь юунаас ч үл дутах билээ. Хөргөгч, цахилгаан зуух, шарах зуух, богино долгионы зуух, ус буцалгагч гээд тоолоод үз. Гэтэл эдгээр нь зөвхөн цахилгаан сүлжээнд үргэлж холбоотой байдаг хэрэгслүүд билээ.

Тэдгээрээс гадна миксер, блендер, кофе нунтаглагч, цахилгаан махны машин, жимсний шүүс шахагч … зэрэг олон олон хэрэгслүүд бий.

Дахиад тоолоод үзье: байнга хэрэглэх 8 залгуур, дээр нь нэмээд янз бүрийн нөхцөлд хэрэглэх дахиад 5 залгуур. Гэхдээ энд бас бодох зүйл бий.

Хөргөгч болон зууханд зориулсан залгуур хэрэгслийнхээ ард байж болох ба та цаг үргэлж гал тогооны байрлалаа өөрчилдөггүй нь тодорхой байх. Залгаад мартана. Хэрвээ богино долгионы зуух хөргөгч дээр байдаг бол залгуур нь бас хөргөгчний ард байна.

Сав суулга угаах хэрэгслийн хувьд ч адил: залгуур нь хэрэгслийнхээ ард нуугдана. Зарим нэг хэрэгслийн залгуурыг (хиншүү сорогч) таазны дор байрлуулах шаардлага бас бий.

Хэрвээ та шарах шүүгээтэй цахилгаан зуух тавих бол илүү бүдүүн, тусгай утас бүхий нэмэлт залгуур тавих хэрэгтэй.

Унтлагын өрөөний залгуурын тухай

Хэрвээ таны унтлагын өрөө сонгодог хэлбэр бүхий, хоёр хүний ор, захаар нь жижиг шүүгээтэй бол шүүгээ болгоны хажууд хоёр залгууртай байх нь зөв юм. Нэгэнд нь шөнийн гэрэл залгах бол нөгөөхөд нь утас, таблет зэргийг залгана.

Хоёр тусдаа ортой бол ор болгонд мөн дээрх хэмжээний залгуур байх хэрэгтэй. Шөнө сэнс ажиллуулах зэрэгт гэх мэт.

Унтлагын өрөөнд телевизор байх нь энгийн үзэгдэл. Ихэнхдээ хананд өлгөсөн байх ба хэвтэж үзэхэд амар байдаг учир ингэж байрлуулна. Тиймээс түүнд зориулсан тусгай залгуур байж таарна. Залгуурын байрлал нь хэрэгслийнхээ ард нуугдах зарчимтай байна.

Унтлагын өрөөний агааржуулагч нь бас нэг залгуур шаардах бөгөөд байрлал нь агааржуулагчийн монтажны ойролцоо дээр байна. Унжсан муухай утасны тухай санаж байна уу? Үүнийг хэлж байгаа юм шүү.

Эдгээр энгийн дүрэм, эрүүл ухаанаа ашиглан, аюулгүйн дүрэм баримтлан гэр дотроо залгуур унтраалгын зөв байрлалтай болж болно.  Эхлээд сайн бодож, тооцоолоод хийвэл дараа нь засаж, цахилгааны шугамаа өөрчилж байснаас илүү дээр шүү гэдгийг үргэлж санаарай.

15
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Khan Khan

    Khan Khan

    2018/04/22 at 09:11

    30 cm
    110 cm
    150 cm
    220 cm

    Firecabel highest position :)

  2. Khan Khan

    Khan Khan

    2018/04/22 at 09:11

    30 cm
    110 cm
    150 cm
    220 cm

    Firecabel highest position :)

  3. Tseegii Dulam

    Tseegii Dulam

    2018/04/22 at 14:29

    Оргил Боргил уншаарай

  4. Tseegii Dulam

    Tseegii Dulam

    2018/04/22 at 14:29

    Оргил Боргил уншаарай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *