Киноны визуал эффектийг бүтээдэг студиэр аялцгаая!

0

Киноны визуал эффектийг бүтээдэг студиэр аялцгаая!

Алдартай дэлгэцийн бүтээлүүдийн визуал эффектийг бүтээх ажил дээр төвлөрөн ажилладаг Оросын нэгэн компаний оффисоос илгээсэн мэдээллийг үзмээр байна уу? Тэгвэл мэдээллийн маань дэлгэрэнгүйд саатан морилоорой. Эндээс та визуал эффектийн супервизор гэж хэн бэ, компьютер графикыг хэрхэн хийдэг вэ, энэ ажил хэр хүнд вэ зэрэг асуултуудын хариуг олж харах боломжтой. Кинонд маш их дуртайн зэрэгцээ хамтран ажилладаг найз нөхөддөө хоол хийж өгөх сонирхолтой нэгэн эрхэм энэхүү фото мэдээллийг бэлтгэсэн бөгөөд тэрээр Оросын киноны зах зээлд 10 гаруй жилийн турш ажиллаж байгаа Piastro VFX компанид ажилладаг байна. Кинонд тусгай эффектүүдийг бүтээхийн тулд 1970-аад оны дунд үеэс компьютер ашиглаж эхэлсэн бөгөөд визуал эффект ашигласан кинонууд Барууны кино ертөнцөд гарч эхэлсэн. Фрейм дээр нь шууд визуал эффект ашигласан анхны кино бол 1977 оны Жорж Лукас /George Lucas/-ын Оддын дайн /Star Wars/ кино байв.

Мэргэжлийнхээ бүхий л нууцуудыг дэлгэхийг найрсгаар зөвшөөрсөн Дмитрий Токояков бол Piastro VFX компаний хамтран эзэмшигч, визуал эффектийн супервизор юм.
– Супервизор гэдэг мэргэжлийн талаар бидэнд өгүүлээч, яг юу хийдэг юм бэ?
Дмитрий: Энэ мэргэжил Холливудаас орж ирээд 30 орчим жил болж байна. Визуал эффектийн супервизор гэдэг бол киноны бүхий л графикыг хариуцаж, тайзан дээр зураг авалтыг төсөлтэй холбодог хүн. Зураг авалт эхлэхийн өмнө найруулагч супервизорт компьютер график ашиглахаар төлөвлөсөн зураг авалтын бүхий л хэсгүүдийг тодорхой хэлж ойлгуулах ба супервизор нарийвчилсан шийдлүүдийг эргүүлэн санал болгодог. Энэхүү хэлэлцүүлэг дараа нь зураг авалт хийх газрын сонголт, тайз засалтанд ашиглагддаг. Зураг авалтын үеэр супервизор хаанаас зураг авч байгаа зэргийг хянадаг. Супервизорт найруулагч, зураглаач, жүжигчин тэр ч бүү хэл зохиолчийн бүтээлийг ойлгох тусгай хөтөлбөрт мэдлэг зайлшгүй шаардлагатай.
– Та Орост мөн барууны төслүүд дээр ч ажиллаж байсан. Ялгаа байна уу?
Дмитрий: Тиймээ, цөөн хэдэн ялгаа бий. Юуны түрүүнд Баруунд чанартай бүтээл хийх шаардлага өндөр. Киноны хамгийн чухал хэсгийн эсвэл зарим жижиг хэсгүүдийн ч зургийг авч байсан ялгаагүй бүх зүйл гайхалтай, төгс байх ёстой. Хоёрт, дуусах хугацаа маш тодорхой заагдсан байхын зэрэгцээ сэтгэл ханамжийн байдал маш өндөр байх. Эдгээрийг өндөр хэмжээнд анхаарч ажиллахгүй бол дэлгэцэнд гаргахаар товлосон хугацаа хойшилж, хэдэн сая долларын алдагдал хүлээнэ. Хэрвээ та чанарын тал дээр ямар нэгэн алдаа, зөрчил гаргасан бол дараагийн том төсөл дээр таныг урина гэж хүлээх хэрэггүй. Учир нь энэ бол 100%-ийн өрсөлдөөнт талбар. Оросын продюсеруудын хувьд ихэвчлэн мөнгөө хэмнэх гэж хамгийн хямдхан мэргэжилтнүүдийг хөлсөлдөг, гэвч энэ нь төсвийн давхар зарлагад хөтөлдөг.
– Ашиглаж байгаа технологийн хувьд ялгаа бий юу?
Дмитрий: Технологийн талаасаа бол нэг их ялгаа байхгүй. Ялгаа нь ерөнхийдөө бүтээгдэхүүний цар хэмжээ болон дадлага туршлагандаа л байна. Холливудад визуал эффектийг хэрэглэдэг болоод удаж байгаа учир дадлага туршлагатай. Зөвлөлтийн үед кинонд барууныхнаас муугүй тусгай эффект бүтээдэг мэргэжилтнүүдийг ашигладаг байсан. Гэвч Зөвлөлт засаглалын дараа кино урлаг уналтанд орсон. Кино театруудад гэр ахуйн хэрэгсэл, тавилга сэлт зарж эхэлсэн. Үүний уршгаар дадлага туршлага хуримтлагдах гэдэг зүйл саатсан. 2000 оны эхээр Орост дадлага туршлагын хомсдолтой ч гэлээ бүтээл хийх гайхалтай хүсэл тэмүүлэлтэй мэргэжилтнүүдийн шинэ үе өөрсдийн оролдлогоор суралцаж эхэлсэн. Хэдий тийм боловч эдгээр 10-15 жилд бид олон зүйлийг сурч, хурдан өөрчлөгдсөн. Манай олон мэргэжилтнүүд Барууны томоохон төслүүд дээр ажиллаж байна шүү дээ.
Дмитрий болон түүний багийнхан 2011 онд Piastro VFX-тэй нэгдсэн бөгөөд түүнээс өмнө Тимур Бекмамбетовтой Bazelevs VFX студийг удирдаж байв. Black Lightning буюу Чёрная Молния хэмээх Оросын супербаатартай кинонд тэргүүлэх супервизорын үүрэг гүйцэтгэж байсан Дмитрийгийн хэлснээр энэ кино нь Universal Pictures-ын нууц хяналтан дор хийгдсэн цэвэр Америк төсөл байсан гэнэ. 70 гаруй хувийг нь компьютерээр бүтээсэн энэ киноны графикыг бүтээх ажил дээр Bazelevs VFX-ийн мэргэжилтнүүд багтсан 150 хүн ажиллажээ. Piastro VFX-ийн хувьд алдартай кинонуудын визуал эффектүүдийг бүтээх тал дээр мэргэшсэн студи юм.
– Ажиллаж байсан хамгийн сонирхолтой төслүүдийнхээ талаар яриач!
Дмитрий: Бидний Piastro VFX дэх анхны том төсөл бол “Высоцкий. Спасибо, что живой” кино байсан. Москвагийн бүх замуудыг хийх даалгавар бидэнд оногдсон ба бид бараг бүх замуудыг компьютер дээр хийсэн. Түүнчлэн хүн дээр ажиллах шаардлагатай болсон. Нүүр хувиргагчид гайхалтай будалт хийсэн ч зураг авалтын төгсгөлд жүжигчний толгой дээр харьцаа алдагдсан байсан. Ерөнхийдөө үзэгч ялгааг анзаарахгүй байж болох ч сайн анзаарвал ажиглагдахаар байсан. Тиймээс хүнийг компьютер дээр удирдах хэрэгтэй болсон юм. Үүний дараа Шпион дээр ажилласан, маш сонирхолтой төсөл. Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхийн өмнөх үйл явдлыг харуулсан энэ киног бүтээхийн тулд бид 1937 оны Москваг сэргээн босгосон. Энэ бүтээлийг хийхийн тулд бид бид тухайн үеийн зарим барилгуудыг сэргээн босгоход туслуулах ажилд архитекторуудыг урьсан бөгөөд үр дүнд нь найруулагчийн хүссэн бүхэн биелсэн. Түүнээс гадна маш их техникийн ажлууд байсан л даа. Тухайн үеийн хүмүүс, машинуудын зургийг нэмж, гудамжинд байсан сурталчилгааны самбаруудыг арилгаж, гүүрний гэрэлнүүдийн чимэглэлнүүдийг арилгасан.
Тус студи Step Up 4 киноны бүх визуал эффектийг хийсэн байна. Дмитрийгийн анхны гадаад төсөл бол Bazelevs VFX студид байхдаа хийсэн Wanted киноны төсөл байжээ. Энэ бол Оросод хийгдсэн анхны анхны Холливудын том кино юм. Энэ киноны дараа Дмитрий Жорж Лукастай танилцсан гэнэ. Эйкшн кинонуудад хүнийг зомби болгон хувиргах, хоосон гудамжийг машинаар дүүргэх, хийсэж байгаа хог шороо, ер бусын их хүчээр шуургалан орж ирэх их ус гэх мэт олон зүйлсийг хийдэг.
– Одоо Орост визуал эффектийг тусгайлан зааж сургадаг уу, өөрсдөө бие даан сурч байна уу?
Дмитрий: Орост компьютер графикыг дагнан заадаг анхны боловсролын институт Moscow Scream School-ыг бид байгуулсан. Анхны төгсөлтийн маань зарим оюутнууд Piastro VFX-д ажиллаж, сургуульдаа эргэн багшилж байна. 4 жил гаруйн хугацаанд бид олон мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргасан нь одоо Оросын тэргүүлэх зэргийн студиудад ажиллаж байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. SIKA

    2015/02/24 at 15:40

    GAIHALTAI MANAI MONGOL DUNGUJ HUGJIJ EHLEJ BNA DAAN CH MONGOLIIN ZAH ZEL JIJIG YUM DA…GEHDEE BID HICHEENEEE

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *