10 минутын дотор хийж болох 10 төрлийн махан хоол

1

Мексик салат, мах, өндөгтэй маффин, бөөрөнхий махтай шпагетти, салатан бургер гээд эдгээр 10 хоолыг хийхэд 10 минут байхад л хангалттай.

Таны нэгэн хэвийн хоолны цэсэнд өөрчлөлт авчрах шинэ жорууд сурж авахад нэг их цаг орохгүйн дээр эдгээр жоруудыг мэдэж авснаар плитканы өмнө хэдэн цагаар зогсох ч шаардлагагүй болно. Зарчим нь их энгийн. Эхлээд суурь орцоо их хэмжээгээр бэлтгэхэд л хангалттай. Дараа нь суурь орцон дээрээ бусад орцуудаа нэмээд олон төрлийн хоол бэлтгэж болно.

Ийм суурь орц нь: жишээ нь татсан мах байж болно. Татсан мах олдоцтой, хямд, хурдан хийж болох олон төрлийн хоолонд ашиглагддаг.

1. Татсан мах (махан таташ)

Орц:

  • 900 гр махан таташ
  • 1 сонгино
  • ¼ аяга хэрчсэн базилик эсвэл яншуй
  • 1 цайны халбага давс
  • 2 хоолны халбага халуун чинжүүний нунтаг (амталгаагаар хийж болно)

Бэлтгэх арга:

Хайруулын тавгаа дунд зэргийн гал дээр халаана. Тос нэмэх хэрэггүй. Сонгиноо жижиглэж хэрчинэ. Бүх орцоо томхон саванд хийгээд нэгэн жигд болтол нь сайн хутгана. Махан татшаа хутгахгүйгээр 3 минутын турш шарсны дараа хутгана. Махаа бүрэн болох хүртэл нь хуурна.

Бэлэн болсон махан татшаа агаар ордоггүй саванд хийгээд, өдөр бүр бага багаар, хэрэглэх хэмжээгээрээ авах маягаар 7 хоногийн турш хадгалж болно.

 

2. Махан омлет

Орц:

  • 2 эсвэл 3 ширхэг өндөг
  • 2-3 хоолны халбага болсон махан таташ
  • укроп, яншуй, ногоон сонгино мэтийн ногоон ногоо – амталгаагаар
  • ургамлын тос (шарахад ашиглана).

Бэлтгэх арга:

Өндгөө өндөг хутгагчаар сайн хутгаад ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд хийж, болтол нь шарна. Болсон өндгөн дээрээ урьдчилж бэлтгэсэн махан таташнаасаа хэдэн халбагыг тавиад махан омлет маань бэлэн болно. Таваглахдаа жижиглэж хэрчсэн ногоон ногоогоор чимэглэнэ.

 

3. Махан таташ, ногоотой шарсан өндөг

Орц:

  • 2 ширхэг өндөг
  • 50 гр cale байцаа буюу буржгар байцаа
  • ногоонууд – сонголтоор
  • 3 хоолны халбага бэлэн махан таташ
  • ургамлын тос – бага зэрэг

Бэлтгэх арга:

Махан татшаа дунд зэрэг гал дээр халаана. Махан дээрээ байцаа болон бага зэргийн ногоо (хэрчсэн улаан лооль эсвэл чинжүү) нэмнэ. Хайруулын тавган дээр 2 өндгөө нүдлэж шарна. Шарсан өндгөө тавгалсан мах, ногоон дээрээ тавина.

 

4. Өндөгтэй махан маффин

Орц:

  • 12 ширхэг өндөг
  • 1 брокколи
  • 1 чинжүү
  • 12 хоолны халбага бэлэн махан таташ
  • 2 хоолны халбага цөцгийн тос (масло)

Бэлтгэх арга:

Аяган тортны хэвээ цөцгийн тосоор тослоод дотор нь бэлэн махан таташ, брокколи, жижиглэж хэрчсэн чинжүү эсвэл өөр төрлийн ногоонууд хийнэ. Хэв бүртээ хутгаж бэлдсэн 1 ширхэг өндөг нэмээд шарах шүүгээндээ 180 хэмд шарж, жигнэнэ.

 

5. Салатны навчин доторх махан таташ

Орц:

  • 2-3 салатны навч
  • 1 хоолны халбага бэлэн махан таташ
  • яншуй эсвэл базилик – амталгаагаар
  • 1 цайны халбага хушны самар

Бэлтгэх арга:

Салатны навчин дотроо бага зэрэг болсон махан таташ (1 хоолны халбага хангалттай) хийгээд дээр нь самар, жижиглэж хэрчсэн ногоон ногоо цацаж өгнө.

 

6. Төмсний хучмал

Орц:

  • 300 гр цэцэгт байцаа эсвэл 6 ширхэг төмс
  • 400 гр бэлэн махан таташ

Бэлтгэх арга:

Чанасан цэцэгт байцаа эсвэл төмсөөрөө нухаш хийнэ. Урьдчилж бэлтгэсэн махан татшаа хэвнийхээ ёроолд тавиад нухшаараа бүрнэ. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаагаад пирог буюу хучмалаа шарж, жигнэнэ. Нухаш дээд талаараа шаргалтаад ирмэгц хоол бэлэн болно.

 

7. Мексик салат

Орц:

  • 4-5 салатны навч
  • 1 улаан чинжүү
  • 150 гр бэлэн махан таташ
  • 1 хоолны халбага сальса сүмс эсвэл гуакамоле сүмс

Бэлтгэх арга:

Хайруулын тавган дээр махан татшаа халааж, хэрчсэн улаан чинжүүгээ тусад нь шарна. Тавган дээр салатны навч, чинжүү, махан татшаа тавиад сальса сүмс (эсвэл гуакамоле сүмс) нэмнэ.

 

8. Бөөрөнхий махтай шпагетти

Орц:

  • 250 гр шпагетти гоймон
  • 250 гр томатны паст
  • 300 гр түүхий махан таташ

Бэлтгэх арга:

Шпагетти гоймонгоо чанана. Түүхий махан татшаар бөөрөнхий мах хийнэ. Халаасан хайруулын тавган дээр томатны пастаа хийгээд бөөрөнхий махаа нэмнэ. Мах бүрэн болмогц бөөрөнхий махтай соусаа бэлэн болсон шпагетти гоймон дээрээ нэмнэ.

 

9. Салатан бургер

Орц:

  • 1 ширхэг авокадо
  • 1 ширхэг сонгино
  • 1 ширхэг өндөг
  • 2-3 ширхэг салат навч
  • 150 гр түүхий махан таташ

Бэлтгэх арга:

Дуртай бургерийнхээ эрүүл хувилбарыг бэлтгэхдээ бургерийн талхыг салатны навчаар солиход л хангалттай. Махан татшаар котлет бэлтгээд хайруулын тавган дээр шарна. Салат навч, котлет, нүдэлж шарсан өндөг, цагираглаж хэрчсэн сонгино, хавтгай хэрчсэн авокадо, салат навч зэргийг давхарлан тавьснаар салатан бургер бэлэн болно.

 

10. Кебаб

Орц:

  • 2-3 ширхэг улаан чинжүү
  • 200 гр брокколи
  • 400 гр махан таташ
  • сонгино – амталгаагаар
  • ногоон ногоо (ногоон сонгино, укроп, яншуй гэх мэт) – амталгаагаар

Бэлтгэх арга:

Түүхий махан таташ, жижиглэж хэрчсэн сонгино, ногоон ногоо зэргийг хооронд нь холиод хэдэн ширхэг кебаб хийнэ. Модон шоронд хэрчсэн ногоонууд болон бэлтгэсэн кебабаа шорлоод грильдэж шарна. Бэлэн болсон хоолыг өргөст хэмх, улаан лоолиор хачирлана.

15
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *