
Тайланд орныг илэрхийлдэг нэгэн том хүчин зүйл бол Тай бокс билээ. Муай Тай буюу Тай бокс хэмээн нэрлэгддэг энэхүү тулааны спортоор тулалдагчид өвдөг, тохой, нударга гэхчилэн биеийнхээ бараг бүхий л хэсгүүдийг оролцуулан тулалддаг учир тулааны хамгийн хэцүү төрлүүдийн нэг гэгддэг. Гэтэл энэхүү хүнд хэцүү тулааны спортоор ердөө зургаахан настай Тайланд хөвгүүд хичээллэдэг бөгөөд хүүхдүүдийн хооронд Тай боксын тулаан болох нь Тайландад бол энгийн үзэгдэл байдаг аж. Хаа сайгүй хүүхдүүд Тай боксоор хичээллэж байгаа дүр зураг үзэгддэг бөгөөд 2011 онд Тайландад айлчилсан гэрэл зурагчин Сандра Хойн Sandra Heun/ эдгээр боксчин хөвгүүдийн зургуудыг авсан байна. “Маш олон хөвгүүд Тай боксоор хичээллэдэг ч тэдний цөөн хэд нь л боксын карьерынхаа эцэст мөнгө болон алдар нэрээр шагнуулдаг. Азаар тэд томчууд шиг хүчтэй биш учир ноцтой гэмтэл бэртэл авах нь ховор байдаг. Заримдаа охид хүртэл рингэн дээр гарч тулалддаг. Энэ бол хүүхдийн хувьд дэндүү их ачаалал өгч байгаа явдал.” хэмээн Сандра Хойн өгүүлжээ.


















