Байнгын ядаргаанаас салж, бүрэн дүүрэн амьдрах арга

0

Зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн энерги хуримтлуулах талаар сонирхуулъя.

Та байнга ядраад байна уу? Нозоорч бухимдаад, ажил хийхээс ч дургүй хүрээд байгаа юм биш биз? Кофе аягалж аваад Сникерс идээрэй. Гэсэн ч тайвшрахгүй л байна уу? Дотор давчдаад байвал жаахан балгангаа хөргөгчөө хоослоод орхи! Амархан арга шүү дээ. Хүн болгон дуртай.

Харамсалтай нь, хоёр гурван сарын дараа гэхэд амьдын тэмдэггүй гуалин аятай л гулдайж орхино. Буйдан дээр хаягдсан хогийн сав шиг мэдрэмж төрнө. Сэтгэл гутралд автаж, хүч тэнхээгүй амьтан болно гэсэн үг. Гэвч та ганцаараа биш шүү. Ийм хүмүүс хэдэн саяараа бий. Ядарч туйлдагсдын бүхэл бүтэн үндэстэн бий болоод байна.

Одоо яах вэ? Ийм тавилантай гэж үү? Үгүй ээ, бид бүгдийг энергийн менежмент аварна. Хугацаа их орох хэдий ч үр дүнгээ өгдөг арга юм.

Бүх зүйл бий

Орчин үеийн хүнд үнэндээ бүх зүйл бий. Ажил хийх компьютер чинь бэлэн байна. Интернэт, машин тэрэг ч бэлэн. Дасгал хийе гэвэл гүйдэг зам, эвхээд далд хийчихдэг тоног хэрэгслүүд, фитнес төвд бүтэн жил хичээллэх эрх ч байж мэднэ. Гэр бүлийн аз жаргал авчрах эхнэр, хүүхэд, байр сууц, зуслангийн байшин ч байна. Бүх юм бий.

Бүхнийг мэднэ

Бид бүх зүйлийг мэднэ. Өглөө бүр дасгал хийх ёстойг, зурагт бага үзэж, ном их унших хэрэгтэйг ч мэддэг билээ. Охиндоо эелдэг загнаж, эхнэртээ бэлэг сэлт өгөх ёстойг ч бас мэднэ. Бүгдийг мэднэ.

Гэвч бид юу ч хийдэггүй!

Бараг л юу ч хийдэггүй гэж болно. Жилд нэг удаа өөрчлөгдөх гэж оролдох нь бий. Шинэ пүүз худалдаж аваад, өглөө 6 цагт өндийж усанд ороод гарч гүйх, дасгал хийх гэх мэт. Сайндаа 2-5 хоноод л энэ “идэвхи” үгүй болдог биз дээ? Зүгээр дээ, 365 хоногийн дараа ахиад нэг оролдох юм чинь, гэж үү? Сэтгэлийн тэнхээнд гол асуудал байгаа юм биш ээ. Тэгвэл юу нь болохгүй байна вэ?

Бидэнд эрч хүч дутдаг

Эрч хүч гэнэ ээ? Ямар эрч хүч? Машин зогсоход хүрвэл бензин аваад л хийчихнэ. Харин хүн эрч хүч олж авахын тулд юу идэж уух ёстой юм бол? Эрч хүчний буюу энергийн менежмент бол илчлэгийн тухай яриа биш билээ. Дөрвөн төрлийн эрч хүчний тухай ойлголт юм. Энэ пирамид доошлох тусмаа бидний үр бүтээлтэй ажиллаж амьдрахын нэн чухал үзүүлэлт болно.

Байнгын ядаргаанаас салж, бүрэн дүүрэн амьдрах арга 1

1. Бие махбодийн эрч хүч

Таны хийх ажил нарийн төлөвлөгдсөн, том шагнал, мөн олон хүн хүлээж байна гэж бодъё. Энэ бүгд эрчтэй ажиллахад түлхэц болох нь дамжиггүй. Гэвч та хоёр өдөр унтаж амарч чадаагүй бол юун ажил, шагнал, хүлээлт байх билээ? Эсвэл толгой хүчтэй өвдөж, бүр шартсан байж ч болно шүү дээ.

Таны бие махбодь эрч хүчгүй бол бусад бүх зүйл утгагүй, чухал биш гэсэн санаа. Ажил чинь нурж унана.

Тэгвэл бие махбодийн эрч хүчийг яаж нөхөн сэргээх вэ?

  • Спортоор хичээллэ. Өөрт таалагддаг төрлөөрөө шүү. Жишээ нь, явган алхаж, хөлбөмбөг тоглож болно. Теннис тоглох, гүйх, усанд сэлэх, дугуй унах гэх мэт олон сайхан спорт байна.
  • Шөнө унтаж бай. 7 цагаас багагүй. Мөн өдрийн цагаар ч дугхийгээд авах хэрэгтэй.
  • Зөв хоолло. Энэ бол ойлгомжтой зөвлөгөө.
  • Кофе, согтууруулах ундаанаас татгалз.

Ингээд л гүйцээ. Тригонометр тэгшитгэл шиг л хэцүү юм бичээстэй байгаа гэж бодсон уу?

2. Сэтгэл хөдлөлийн эрч хүч

Мөн л адил. Бүх зүйл байгаа юм шиг. Нойр ханасан, бие хаа зүгээр, юу ч өвдөхгүй. Гэхдээ та дөнгөж сая найзтайгаа айхтар ам мурийсан. Арай зодолдолгүй салсан бөгөөд та найзыгаа эргүү тэнэгээр нь дуудаж, эхнэрийг нь бас мангар хүүхэн гэж бодож явдгаа хэлчихлээ гэж бодъё. Найз чинь ч бас зүгээр яаж байх билээ? Та уурандаа шатах шахам сууна.

Одоо ажлаа хийж чадах уу? Нэг минут ажиллаад, арван минут нөгөө хэрүүлээ бодно биз дээ?

Эсрэг жишээ авч үзье. Дарга чинь утасдаж, таны хийсэн ажлыг тун ч сайшаан магтлаа. Энэ харин өөр хэрэг шүү! Ажил гэдэг чинь гялалзаад л өгнө.

Таашаал, урам, адал явдал, боломж – таны сэтгэл хөдлөлийн эрч хүчийг сэргээнэ. Уур хилэн, гомдол, бухимдал – түүнийг сорж үгүй болгоно.

3. Оюун санааны эрч хүч

Энэ бол төвлөрөх, төлөвлөх, бүтээх чадвар.

Оюуны эрч тань мохоод байна уу? Ажил хийж байгаа ч нэг л үлбэгэр, санаснаар болохгүй байна уу?

Төвөгтэй санагдах болсон ажлын оронд шатар тоглох, ном унших, хөгжим тоглох, зураг зурах, бясалгал хийх зэргээр оюунаа сэргээгээрэй.

Компьютер тоглоом, интернэтэд олон цаг суух, зурагт хэт их үзэх ч бас таны оюуныг ядраана.

4. Дотоод сэтгэлийн эрч хүч

Та ер нь яах гэж амьд яваа юм бэ? Яагаад заавал энэ ажлыг хийж байна? Таны хийж байгаа энэ ажил ямар үр дүнд хүргэх юм бол? Энэ тухай огт бодолгүй, хүмүүс олон арван жил нэг л газартаа эргэлдэж, өдөр хоногийг барсаар байдаг.

Ажил хийх хэрэгтэй байлгүй яах вэ. Харин асар том үр дүнд хүрч чадах уу?

Том зорилго тавь. Сайн санааны, буяны ажил хий. Өөрт хэрэгтэй, бусдад тустай ажил хий.

Амьдралын хэмнэл

Энэ бол эрч хүчний менежментийн үндсэн ойлголт. Ажил – амралт – ажил – амралт. Энэ дарааллыг алдаж болохгүй.

Ямар үед асуудал үүснэ гээч? Ажил – ажил – ажил – кофе уулаа – ажил.

Дараах хугацаанд амралтаа зохицуулах нь маш чухал.

  • Өдрийн турш /Pomodoro аргыг харж болно/
  • Хоногийн турш /шөнийн нойр, өдрийн нойр/
  • Долоо хоногийн турш /амралтын өдрүүд/
  • Жилийн турш /ээлжийн амралт/

Амрах зав өөртөө заавал гаргаж байх хэрэгтэй.

Энергийг хуримтлуулж болно

Булчинг хөгжүүлэхэд дасгал сургуулилтаас гадна сайн амралт хэрэгтэй байдаг. Амарч сэргэсэн булчин илүү чанга, тэсвэртэй болж хөгждөг юм.

Яг үүнтэй ижил зарчмаар бидний эрч хүч хуримтлагдаж байдаг ажээ. Хэрвээ ажил амралтаа зөв хослуулж, ачааллаа бага багаар нэмж чадвал эрч хүч улам нэмэгдэнэ.

Орчин тойрондоо энерги түгээсэн, гэрэл цацарсан хүмүүс байдаг биз дээ? Ажил үйлс нь дэвжээд л. Тэд хэн юм бэ? Яаж ингэж чадав? Тэд бол энергийн том “нөөц”-тэй хүмүүс юм.

Юунаас эхлэх вэ?

Мэдлэгээс эхэлнэ.

Эрч хүчний менежментийн онолыг судаллаа гээд тогонд залгаастай юм шиг эцэж ядрахгүй болчихно гэж байхгүй. Гэхдээ та хэт туйлширч зүтгэхээ лав орхино. Цадаж цанхайтлаа хооллох, нойр алдах, аяга аягаар нь кофе уухаа ч болино. Эдгээрийг больдоггүй юмаа гэхэд “нас яваад ингэж байна”, “чадал алга” гэж худлаа үглэхээ лав болино!

Дүгнэлт

Гоншигонохоо боль! Санаа алдаж, сэтгэлээр унахаа ч боль!

Та – шуудайтай ногоо биш! Та бол хүн!

Таны боломж хязгааргүй. Танд зүгээр л эрч хүч дутаад байна.

Харин одоо та хаанаас эрч хүч авахаа мэднэ!

20
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Г. Цэрэнпүрэв

    Г. Цэрэнпүрэв

    2016/10/26 at 13:52

    chatnii xariu ogooroi

  2. zochin

    2016/10/26 at 21:58

    Bayrlala

  3. Ulara

    2016/10/30 at 06:43

    Saihan medeelel ugsund talarhaj bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *