Гэртээ бэлтгэж болох 12 төрлийн молекул хоол

1

Молекул хоол бэлтгэдэг ресторанууд нь дасал болсон хоол хүнсийг шинээр туршиж, шинэ соргог амт, өвөрмөц чимэглэл зэргийг байнга эрж хайж байдаг.

Молекул хоолны газрын зорилго бол үйлчлүүлэгчдээ ханаж цадтал хооллох бус, харин гайхашруулах, заримдаа бүр цочирдуулах явдал юм. Мэдээж хэрэг, ихэнх хоолыг нь гэрийн нөхцөлд хийх гээд хэрэггүй. Гэхдээ хамгийн энгийн, элдэв хэцүү арга чарга ордоггүй, тусгай нэмэлтгүй хоолыг нь гэртээ дуурайн хийж болох юм.

Химичийн дипломгүй, ахлах тогоочийн туршлагагүй хүмүүст зориулан дараах жоруудыг сонгож авлаа.

Зөөлөн өндгөн чихэр

Гэртээ бэлтгэж болох 12 төрлийн молекул хоол 1

Энэ бол молекул хоолны хамгийн амархан жор. Төмөр саванд ус, өндөг хийгээд, 64 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд хийж дундаж гал дээр жигнэнэ.

Хоёр цагийн дараа амсахад хачин гэмээр боловч хөнгөн, зөөлөн амттай чихэр шиг болно.

 

Зөөлөн бяслагтай хүрэн манжингийн ороомог

Гэртээ бэлтгэж болох 12 төрлийн молекул хоол 3

Орц:

  • Хүрэн манжин – 2 ш
  • “Агар агар” желатин – 1 уут
  • Зөөлөн бяслаг – 250 гр

Хийх арга:

Хүрэн манжингаа блэндэрт хийж нухаш болгоно. Шүүрээр шүүж шүүстэй нь гаргаад 1 уут “Агар агар” желатинаа нэмнэ. Сайтар холиод, буцалтал нь халаагаарай.

Халааж өтгөрүүлсэн хүрэн манжингаа хүнсний цаас дэвссэн хавтгай тавцан дээр нимгэвтэр түрхээд сайн хөргөнө. Дараа нь зөөлөн бяслагаа зузаан түрхэж орооно. Ороомгоо хурц хутгаар зүсээрэй.

Амтат жүржний спагетти

Гэртээ бэлтгэж болох 12 төрлийн молекул хоол 2

Орц:

  • Амтат жүржний шүүс /апельсин/ – 400 мл
  • Амтат жүржний өтгөн сироп – 25 мл
  • Элсэн чихрийн сироп – 75 мл
  • Желе – 25 гр

Хийх арга:

Бүх бүтээгдэхүүнээ холиод буцалгалгүй халаан, шприцээр соруулж авна. Хүссэн хэмжээгээрээ уртыг тооцож, силикон гуурсанд энэ шингэнээ шахаарай. Эмийн сангаас дуслын систем авч ашиглаж болно.

Гуурстай шингэнээ хүйтэн усанд 3 минут дүрээд, дараа нь шприцэндээ агаар соруулж гуурсны нэг талаас шахаж, амтат жүржин спагеттийг гаргана.

Шоколадан мусс

Гэртээ бэлтгэж болох 12 төрлийн молекул хоол 4

Орц:

  • Сайн чанарын шоколад – 225 гр
  • Ус – 200 мл

Хийх арга:

Ус, шоколадаа саванд хийж зөөлөн гал дээр халаана. Шоколадаа хайлж гүйцмэгц гал дээрээс авна. Том саванд хүйтэн ус хийж, дээрээс нь жижиглэн хагалсан мөс нэмнэ. Шингэн шоколад хийсэн жижиг савыг мөстэй усандаа суулгаж өгөөрэй. Хөрснийх нь дараа миксердэнэ.

Кофетой мах

Гэртээ бэлтгэж болох 12 төрлийн молекул хоол 12

Орц:

  • Гахайн хүзүүний мах – 1,5 кг
  • Эспрессо – 1 аяга
  • Нунтагласан кофе
  • Кофены тос – 50 гр
  • Давс, перец

Хийх арга:

Нэг аяга эспрессо бэлдэнэ. Кофены тос (цөцгийн тос орлуулж болно), давс, перец, нунтаг кофег хольж нухаш бэлтгэх хэрэгтэй. Гахайн хүзүүний маханд эспрессог (хөргөсөн байх) шприцээр шахаж өгнө. Махаа гадна талаас нь нухшаар үрж арчина.

Шарах шүүгээнд хийдэг тусгай зориулалтын гялгар уутанд махаа хийж амыг нь сайн бөхлөөрэй. Ус буцалгаж, ууттай махаа хийгээд, хамгийн бага гал дээр 2 цаг тавина. Ингээд хөргөж зүсээд таваглаарай.

Бальзам түрс

Гэртээ бэлтгэж болох 12 төрлийн молекул хоол 5

Орц:

  • Оливийн тос – 100 мл
  • Бальзам цуу – 60 мл
  • Ус – 30 мл
  • Элсэн чихэр – 1 хоолны халбага
  • “Агар агар” желатин – 1 уут

Хийх арга:

Оливийн тос хийсэн саваа хөргөгчинд хөргөнө. Бальзам цуу, ус, элсэн чихэр, желатинаа хольж, сайтар халаагаад 1 минут буцалгана. Хольц өтгөрч эхлэх бөгөөд гал дээрээс авч хэдэн минут хөргөх ёстой.

Зүүгүй шприцээр хольцоо соруулж аваад, шприцээ хөндлөн барьж хөрсөн оливийн тос руу дусал дуслаар хийнэ. Хамгийн гол нь, нэг дусал дээрээ ахиж дусааж болохгүй, тус тусад нь тосонд хийх юм. Ингээд савны ёроолд түрс маягийн бөмбөлөгнүүд үүсэх бөгөөд хэсэг байлгаад шүүж авна.

Луувангийн тос

Гэртээ бэлтгэж болох 12 төрлийн молекул хоол 6

Орц:

  • Дунд зэргийн лууван – 6 ш
  • Цөцгийн тос – 500 гр

Хийх арга:

Луувангийн шүүсийг шахаж авна. 500 гр цөцгийн тосоо гүнзгий хайруулын тавагт хайлуулж, халуун тосоо луувангийн шүүстэй хамт блэндэрт хамгийн их хурдаар сайн хольж өгнө. Дараа нь зөөлөн гал дээр халааж, буцалмагц хөөсийг нь хөнгөн шүүж аваарай.

Ингээд хэвэнд хийж, мөстэй саванд суулгаж тавиад хөргөгчинд хийнэ. Хөрч хатуурахад нь тавган дээр гаргах бөгөөд хачиртай талхны тос эсвэл бага зэрэг гэсгээгээд сүмс маягаар хэрэглэж болно.

Халуун трюфель

Гэртээ бэлтгэж болох 12 төрлийн молекул хоол 7

Орц:

  • Шоколад – 100 гр
  • Тослог ихтэй цөцгий – 75 мл
  • Цөцгийн тос – 20 гр
  • Хуурай халуун чинжүү – 1 чимх
  • Нунтаг какао

Хийх арга:

Шоколадаа жижиглэж үйрүүлээд, дээр нь цөцгий, цөцгийн тос, халуун чинжүү нэмж, зөөлөн гал дээр хайлуулна.

Хөргөсний дараа 2 цаг хөргөгчинд байлгана. Баримлын шавар шиг болонгуут халбагаар хутган авч бөөрөнхийлөөд нунтаг какаонд бөмбөрүүлнэ. Бэлэн болсон трюфелийг гүйцэд хөртөл нь хөргөгчинд байлгаарай.

Гэнэтийн бэлэгтэй өндөг

Гэртээ бэлтгэж болох 12 төрлийн молекул хоол 8

Орц:

  • Өндөг – 3-4 ш
  • Чихэрлэг сүмс
  • Элэгний нухаш
  • Нунтаг хатаамж
  • Шарах тос

Хийх арга:

Чанасан өндгийг цэвэрлэж, орой хэсгийг нь зүсэж авна. Өндөгний шарыг эвтэйхэн гаргаад, өндгөн дотроо бага зэрэг чихэрлэг сүмс, өндөгний шар, элэгний нухаш холиод чигчиж хийнэ. Зүсэж авсан өндөгний оройг буцааж тавиад хөргөгчинд тавина.

Хөрсөн өндгөө гуриланд дүрж, хутгасан түүхий өндгөөр норгоод, талхны хатаамжинд өнхрүүлнэ. Дараа нь төмс шарагчид шараарай.

Улаан лоолийн нухшаар хийсэн цэлцэгнүүр

Гэртээ бэлтгэж болох 12 төрлийн молекул хоол 9

Орц:

  • Тахианы шингэн шөл – 350 мл
  • Лууван – 1 ш
  • Том ногоон сонгино – бага зэрэг
  • Сармис – 2 хумс
  • Улаан лоолийн өтгөн нухаш – 2 хоолны халбага
  • Үрлэн улаан лооль – 6 ш
  • Яншуй – 15 гр
  • Ногоон сонгино – 15 гр
  • Давс, перец
  • “Агар агар” желатин – 1 уут

Хийх арга:

Шөлөндөө нимгэн дугуй хэрчсэн лууван, том ногоон сонгино, үрлэн лооль, сармис, улаан лоолийн нухаш, яншуй, давс, перец хийж зөөлөн гал дээр буцалснаас нь хойш 20 минут чанана.

Дараа нь блэндэрт хийж холиод шүүрээр шүүнэ. 1 уут желатин нэмж, зөөлөн гал дээр буцалтал халаагаад, хэвэнд хийж хөргөгчинд хөргөөд таваглаарай.

Хулуун бөмбөлөг /ахисан түвшинд зориулав/

Гэртээ бэлтгэж болох 12 төрлийн молекул хоол 10

Орц:

Бялуунд:

  • Хулууны нухаш /хүүхдийн/ – 400 гр
  • Цөцгийн бяслаг – 1 уут
  • Эрдэнэ шишийн цардуул – 2 хоолны халбага
  • Шар буурцагны сүү – 2 хоолны халбага
  • Зуун настын шүүс /хийхгүй байж болно/
  • Корица, лиш, задийн самар /сонголтоор/

Цэлцэгнүүрт:

  • Хүйтэн ус – 3 аяга
  • Альгинат натри – 1 цайны халбага

Бөмбөлөгт:

  • Хулуун бялууны зуурмагийн үлдэгдэл
  • Лактат кальци – 1 цайны халбага

Чимэглэлд:

  • Хутгасан цөцгий /шар буурцагных байж болно/
  • Бялууны үйрмэг

Хийх арга:

Бялууны бүх орцыг блэндэрт хийж жигд холино. Хулууны нухаш байхгүй бол хулуугаа блэндэрт нухаж болно. Үүнд 450 гр хулууны зөөлөн хэсэг ордог. Зуурмагаа хэвэнд хийж, шарах шүүгээнд 45 минут шарна.

3 аяга усаа альгинат натритай холиод блэндэрийн хамгийн их хурдаар 2 минутаас доошгүй эргүүлнэ. Хагас цаг орчим ил байлгаж хөөс нь дарагдахыг хүлээнэ.

Лактат кальцийг бялууны зуурмагийн үлдэгдэлтэй хольж, гараар хутган жигд зуурмаг болгоно.

10 см диаметртэй шилэн савны ёроолд альгинат натритай бага зэрэг ус хийнэ. Түрүүчийн зуурмагаас 2 халбагыг авч болгоомжтой нэмээрэй. Саваа 45 хэм хазайлгаж, альгинаттай хольцоо удаан нэмж гадаргууг хэсгийг гүйцэд бүрнэ. Дараа нь саваа тэгшилнэ. Дарс хундагалахтай ижил аргаар гэсэн үг. Саваа 30 секунд эргүүлж тойруулан бөмбөлөг хийнэ. Бөмбөлөгтэй савыг 2 минут хэртэй хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй.

Биежсэн бөмбөлгөө хүйтэн усанд хийж, дараагийн бөмбөлгүүдээ бэлдээрэй.

Таваглахдаа бөмбөлөгний доор бага зэрэг цөцгий асгаж өгөх бөгөөд дээр нь бялууны үйрмэг цацна.

Сувдаар чимсэн бүрхүүлтэй дүпү

Гэртээ бэлтгэж болох 12 төрлийн молекул хоол 11

Мөн хялбар биш жор бөгөөд хэрэв та сувд хийх шрирач сүмс олохгүй бол цэлцэгнүүр түрс, эсвэл бялуу чимэглэдэг үртэс ашиглаж болно.

Орц:

Сувд хийхэд:

  • Шрирач сүмс – 1/8 аяга
  • Кунжутын тос – 1 цайны халбага
  • Ногооны шөл – ¼ аяга
  • “Агар агар” желатин – 1 гр
  • Ургамлын тос – 2 аяга /урьдчилан 1 цаг хөргөх/
  • Шар айрагны өндөр аяга /урьдчилан 1 цаг хөргөх/

Бүрхүүлтэй дүпүнд:

  • Дүпү – 1 уут
  • Газрын самрын тос – 1 хоолны халбага
  • Кунжутын тос – 1 хоолны халбага
  • Шар буурцагны сүмс – 1 хоолны халбага
  • Будааны мирин дарс – 3 хоолны халбага /чихэрлэг цагаан дарсаар орлуулж болно/
  • Будааны уксус – 1 дусал
  • Бор элсэн чихэр – 1 хоолны халбага
  • 1 цайны халбага эрдэнэ шишийн цардуул нэмсэн хүйтэн ус – 1 хоолны халбага
  • Кунжутын хар, цагаан үр

Хийх арга:

Гүнзгий хайруулын тавагт шрирач сүмс, кунжутын тос, шөл, желатинаа хийж, дунд зэргийн гал дээр тавина. Буцалж эхэлмэгц 45 секунд болгоод гал дээрээс аваад 2 минут хөргөнө.

Хөргөсөн ургамлын тос, шар айрагны аягаа гаргаж, тосоо аяганд хийхдээ амсар хүртэл 5 см зай үлдээх хэрэгтэй. Буцалгаж хөргөсөн хольцоо шприцээр соруулан, аягатай тосондоо дүрэх шахам ойртуулж удаан шахна. Ёроолд нь сувдан хэлбэртэй бөмбөлөг тунах бөгөөд хооронд нь наалдуулахгүйн тулд нэг дор олныг хийх хэрэггүй. Сувднуудаа шүүрээр авна. Дүпү бэлдэх хооронд сувдаа хүйтэн усанд байлгах хэрэгтэй.

Дүпүг 6 хувааж, газрын самрын тосоо том хайруулын тавагт хийж дунд зэргийн гал дээр халаана. Дүпүгээ тосонд тал талаас нь шаргалттал хуураад, тавган дээр гаргана.

Гүнзгий хайруулын тавагтаа кунжутын тос, шар буурцагны сүмс, мирин дарс хийж дунд зэргийн гал дээр буцалтал халаана. Сайтар хутгаад уксус нэмж, бор элсэн чихэр холино. Устай эрдэнэ шишийн цардуулаа хийж мөн хутгаж өтгөрүүлээд гал дээрээс авна.

Хуурсан дүпүн дээрээ энэ зуурмагаа асгаж, дээр нь сувдаа тавьж кунжутын үр асгаж өгнө.

3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *