Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор

1

Ази хоолыг ресторанаас захиалж эсвэл өөрсдөө гэртээ бэлтгэж болох цаг үе иржээ. Энэхүү хоолны зарим зальтай аргуудыг сурчихвал ямар ч гэрийн эзэгтэй гэртээ хийх боломжтой. Дараах гайхалтай амттай 15 хоолыг өөрийн гал тогоондоо хийж үзэхийг зөвлөж байна.

1. Өндөгтэй будаа

Энэхүү хятад хоол нь маш өвөрмөц амттай. Энэ хоолыг үдийн эсвэл оройн хоолондоо идвэл тохиромжтой.

Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор 8

Орц:

  • 150 гр будаа
  • 3 өндөг
  • 2 хумс сармис
  • 5 сонгино
  • 2 хоолны халбага ургамлын тос
  • 125 гр ногоон вандуй
  • 1 хоолны халбага шар буурцагны сүмс
  • давс

Бэлтгэх арга:

  1. Будаагаа 10-12 минутын турш буцалгана. Будаа бараг болсон байх боловч хэт зөөлөн болоогүй байх ёстой. Усыг нь асгаад будаагаа хүйтэн усанд сойно.
  2. Саванд өндгөө хийнэ. Бага зэрэг хутгаад зөөлөн гал дээр тавина. Бага зэрэг биетэй болтол нь хуурна.
  3. Том тогоонд тосоо халаана. Дээрээс нь бяцалсан сармис, жижиглэсэн сонгино, чанасан вандуй нэмээд 1-2 минут хутгаад шараарай.
  4. Тогоондоо будаагаа хийгээд хутгана.
  5. Өндөг, шар буурцагны сүмс, чимх давс нэмнэ. Сайтар холино.
  6. Таваглаад идэхэд бэлэн боллоо.

2. Сам хорхой, гоймонтой салат

Цаг зав байхгүй ч амттай хоол идэхийг хүссэн үедээ энэ салатыг хийж идээрэй.

Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор 9

Орц:

  • 600 гр нарийн гоймон
  • 1 кг сам хорхой (бэлэн болсон)
  • 1 багц цагаан лууван
  • 1 багц базилик
  • 150 мл чихэрлэг шар буурцагны сүмс
  • Давс, перц
  • Оливийн тос

Бэлтгэх арга:

  1. Гоймонгоо халуунд тэсвэртэй саванд хийнэ. Халуун ус хийгээд, давслаад, перцээр амтлаад бэлэн болтол 5 минут түр орхиорой.
  2. Гоймонгоо том саванд хийнэ. Дээр нь сам хорхой, хэрчсэн цагаан лууван, базилик, бага зэргийн оливийн тос нэмээд болгоомжтой хутгана.
  3. Салатаа таваглана. Дээр нь шар буурцагны сүмс асгаад идэхэд бэлэн боллоо.

3. Гахайн мах, өндөгтэй гоймонтой шөл

Ази хоолны шөлний амт юутай ч зүйрлэшгүй амттай. Хамгийн гол нь орцоо урьдчилан худалдаж аваад яг жорын дагуу хийх хэрэгтэй.

Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор 13

Орц:

  • 1 хоолны халбага ургамлын тос
  • 250 гр гахайн мах
  • 8 ногоон сонгины иш
  • Үрсэн цагаан гааны үндэс
  • 6 стакан тахианы шөл
  • 120 гр өндөгтэй гоймон
  • 1 хоолны халбага шар буурцагны сүмс
  • 1 лууван
  • 2 цагаан лууван
  • 1/2 стакан яншуй
  • 2 өндөг
  • Давс, нунтаг хар перц

Бэлтгэх арга:

  1. Дунд зэргийн гал дээр хайруулын тавганд тос хийгээд халаана.
  2. Гахайн махаа давс, перцээр амтална.
  3. Гахайн махаа бэлэн болтол хайруулын тавган дээр шарна.
  4. Өндөгтэй гоймонгоо зааврын дагуу бэлэн болтол буцалгаарай.
  5. Хайруулын тавганд жижиглэсэн сонгино, цагаан гаа нэмнэ. Гал дээр зөөлөн болтол 1-2 минут хуурна.
  6. Дээр нь шөлөө хийгээд буцалгана.
  7. Дараа нь гоймонгоо хийгээд зөөлөн болтол 2-3 минут буцалгаарай.
  8. Шар буурцагны сүмсээ нэмнэ.
  9. Гоймонтой шөлөө гахайн мах, лууван, хэрчсэн цагаан луувантайгаа хутгаад дээр нь чанасан өндөг дундуур нь зүсэж тавина.
  10. Таваглаад амтархан идээрэй.

4. “Филадельфи” ороомог

Гэртээ ороомог хийж сураарай. Нэгт, энэ тийм ч хэцүү биш. Хоёрт, хөгжилтэй бас сонирхолтой байх болно. Найзуудаа гэртээ уриад энэхүү япон хоолыг хамтдаа хийгээрэй.

Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор 11

Орц:

  • 200 гр сүшиний будаа
  • 1 нори далайн байцааны навч
  • 150 гр хулд загас
  • 20 мл будааны цуу
  • 150 гр филадельфи бяслаг
  • 1 өргөст хэмх

Бэлтгэх арга:

  1. Будаагаа зааврын дагуу агшаана. Бэлэн болсны дараа гал дээрээс аваад өөр саванд хийгээд цуу нэмээрэй.
  2. Хулсан дэвсгэр аваад дээр нь хүнсний уут тавина. Дээр нь далайн байцаагаа тавина (ширүүн талыг нь дээш харуулна).
  3. Далайн байцааны дээд хэсэгт (гадаргуугийн 2/3) будаагаа тавина. Будаан дээрээ хулсан дэвсгэрээ тавиад эргүүлнэ. Будаа доор нь гарсан байх ёстой шүү.
  4. Далайн байцааны голоор цөцгийтэй бяслагаа тавина.
  5. Өргөст хэмхээ уртаар нь 4 хэсэг болгож хуваана. Өргөст хэмхээ бяслагныхаа хажууд тавина.
  6. Дэвсгэрийн тусламжтай ороомгоо орооно.
  7. Хулд загасаа нарийхан хэрчинэ. Ороомог дээрээ сайтар шахаж тавина. Дахин нэг удаа дэвсгэрээр ороогоорой.
  8. Усанд норгосон иртэй хутгаар 6-8 хэсэг зүснэ.
  9. Таваглаад амтархан зооглоорой.

5. Тахианы мах, ногоотой пүнтүүз

Пүнтүүз өөрөө тийм ч өег биш. Харин түүн дээр тахиа, ногоо нэмбэл илүү амттай бас өег болох болно.

Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор 14

Орц:

  • 500 гр тахианы цул мах
  • 200 гр пүнтүүз
  • 400 гр ногоон шош
  • 2 сонгино
  • 1 лууван
  • 1 амтат чинжүү
  • 50 мл будааны цуу
  • 50 мл шар буурцагны сүмс
  • Давс, нунтаг хар перц
  • 1 хумс сармис

Бэлтгэх арга:

  1. Тахианы цээж махыг нарийн савхан хэрчинэ. Хүчтэй гал дээр шарна.
  2. Цагирган хэрчсэн сонгиноо махан дээрээ нэмж шаргал өнгөтэй болтол амталж хуурна.
  3. Пүнтүүзээ зааврын дагуу чанаж болгоно.
  4. Амтат чинжүүгээ савхан хэрчинэ.
  5. Луувангаа том үрүүл дээр үрнэ.
  6. Ногоон шошоо чанаж буцалгана.
  7. Ногоон шош, лууван, амтат чинжүүгээ бэлэн болтол нь шарна. Дээр нь амтлагч болон нухсан сармисаа нэмнэ.
  8. Том саванд тахианы махаа хийж сонгино, пүнтүүз, ногоотойгоо холино.
  9. Будааны цуу болон шар буурцагны сүмсээр амтлаарай.
  10. Хоолоо 1 цаг амраагаарай. Уг хоолыг халуун болон хүйтэн аль ч байдлаар идэж болдгоороо давуу талтай юм.

6. Соба гоймонтой халуун ногоотой гахайн мах

Салахын аргагүй амттай хоол. Хэрэв ямар нэг үдэшлэг зохиох гэж байгаа бол энэ хоолыг санал болгож байна.

Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор 5

Орц:

  • 240 гр соба гоймон
  • 550 гр гахайн мах
  • Давс, нунтаг хар перц
  • 1 хоолны халбага ургамлын тос
  • 1/2 өргөст хэмх
  • 2 ногоон сонгины иш
  • 1 улаан чинжүү
  • 2 хоолны халбага будааны цуу
  • 2 цайны халбага гүнжидийн тос

Бэлтгэх арга:

  1. Соба гоймонг зааврын дагуу бэлэн болгоно.
  2. Гахайн махаа давс, перцээр амтална.
  3. Том хайруулын тавганд тос хийгээд дунд зэргийн гал дээр халаана.
  4. Хэрчсэн гахайн махаа сайтар хуурч шарна.
  5. Гахайн махаа гоймонтойгоо холино. Хэрчсэн өргөст хэмх, жижиглэсэн сонгино, жижиглэсэн улаан чинжүүгээ нэмээрэй.
  6. Хоолоо цуу, гүнжидийн тосоор амтална. Давслаарай.
  7. Хоолоо таваглаад идэхэд бэлэн боллоо.

7. Хан боргоцой, чихэрлэг чинжүүтэй цагаан будаа

Будааг өвөрмөц аргаар болговол түүний өөр нэгэн амтыг амтлах боломжтой гэдгийг мэдэх үү? Азийн орнууд будаандаа хан боргоцой, чихэрлэг чинжүү хийх дуртай байдаг. Ингэснээр үнэхээр амттай бас шүүслэг болдог!

Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор 6

Орц:

  • 200 гр бор будаа
  • 1 лаазалсан хан боргоцой
  • 1 амтат улаан чинжүү
  • 1 сонгино
  • 3 хумс сармис
  • 1 хоолны халбага оливийн тос
  • Цагаан гаа
  • 3 хоолны халбага шар буурцагны сүмс
  • 2 хоолны халбага гүнжидийн тос
  • 1 хоолны халбага гүнжидийн үр
  • Ногоон сонгино
  • Давс, перц

Бэлтгэх арга:

  1. Будаагаа давстай усанд агшаана.
  2. Хайруулын тавганд оливийн тос хийгээд дунд зэргийн гал дээр халаана. Халаасан тосон дээрээ жижиглэсэн сонгино, сармис, цагаан гаагаа нэмээд 3 минутын турш сонгиныг тунгалаг өнгөтэй болтол шараарай.
  3. Шоо дөрвөлжин хэрчсэн амтат чинжүүгээ нэмээд дахин 3-5 минут шарна. Дараа нь дээр нь агшаасан будаа, хан боргоцойгоо нэмнэ.
  4. Дээрээс нь шар буурцагны сүмс, гүнжидийн үр нэмээд давс, перцээр амтлаад сайтар хутгана. Хоолон дээрээ жижиглэсэн ногоон сонгино, гүнжидийн үр цацаад халуунаар нь идээрэй.

8. Зөгийн бал, гүнжидийн үртэй тахианы цээж мах

Зөгийн бал, гүнжидийн үр хоёр нь тахианы махтай хамгийн сайхан зохицдог.

Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор 10

Орц:

  • 500 гр тахианы цээж мах
  • 4 хоолны халбага шар буурцагны сүмс
  • 2 хоолны халбага зөгийн бал
  • Ургамлын тос
  • 4 хумс сармис
  • Нунтаг хар перц
  • Карри
  • Нунтаг цагаан гаа

Бэлтгэх арга:

  1. Тахианы цээж махыг сайтар угааж зүснэ. Махаа давс, перц, цагаан гаа, карри зэргээр амтална.
  2. Сармисаа бяцалж нухаад махан дээрээ нэмнэ.
  3. Цээж махаа амтлагчтайгаа сайтар хольж 1 цаг орхиорой.
  4. Хайруулын тавган дээр ургамлын тос халаагаад зөгийн бал нэмнэ. Зөгийн бал хайлтал хүлээгээд ургамлын тостой болгоомжтой холино. Ингэснээр зөгийн бал хайруулын тавгаар сайн тарах болно.
  5. Тахианы цээж махаа хайруулын тавган дээр тавиад зөөлөн гал дээр алтан шаргал өнгөтэй болтол хоёр талаас нь шарна.
  6. Сүүлд нь гүнжидийн үр цацаад хутгана. Хэдэн минутын дараа хоолоо гал дээрээс аваарай.

9. Спринг-ролл

Спринг-роллыг зууш гэхээсээ илүү хоолонд тооцож болно. Бүх зүйл таны сонгосон дүүргэгчээс л шалтгаална даа.

Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор 1

Орц:

  • 30 гр лууван
  • 30 гр жууцай
  • 50 гр өргөст хэмх
  • 12 гр сармис
  • 5 гр цагаан гаа
  • Яншуй
  • Нунтаг цагаан перц
  • 30 гр шар буурцагны нахиа
  • 30 гр шиитаке мөөг
  • 30 гр хясаа
  • Тайланд чихэрлэг сүмс
  • Цагаан будааны цуу
  • Гүнжидийн тос
  • Шар буурцагны сүмс
  • 20 гр будааны гоймон
  • 1 спринг-роллын зуурмаг (хуудас)
  • 100 гр тахианы шөл
  • 1 өндөг
  • 200 гр гахайн хүзүүний мах
  • 200 мл ургамлын тос

Бэлтгэх арга:

  1. Махаа махны машинд хийж машиндана.
  2. Сармисаа цэвэрлээд, 3 хэсэг болгон хуваана: эхний хэсгийг жижиглэж хэрчинэ, хоёр дахь хэсгийг хавтгай нимгэн зүснэ, гурав дахь хэсгийг нухна.
  3. Жууцай, мөөг, шар буурцагны нахиаг жижиглэж хэрчинэ. Лууван, өргөст хэмхээ нарийн савхан хэрчинэ. Цагаан гаагаа жижиглэнэ.
  4. Гоймондоо халуун ус хийж 8 минут байлгана (гоймонгоо буцалгаж болохгүй шүү), дараа нь усыг нь асгаад гоймон, яншуйгаа жижиглэж хэрчинэ.
  5. Хайруулын тавганд гүнжидийн тосны талыг, мөн 2 хоолны халбага наран цэцгийн тос хийж халаана.
  6. Махан нухшаа хүчтэй гал дээр 1 минут шараад жижиглэсэн сармис, шанцай, лууван, мөөгөө нэмнэ.
  7. Дунд зэргийн гал дээр 3 минут орчим шараад дараа нь шөлнийхөө талыг шар буурцагны сүмстэй хамт нэмээд дахин 5 минут шөл ширгэтэл жигнэнэ.
  8. Будааны цуу, үлдсэн шөл, тайланд сүмс, хавтгай хэрчсэн сармис, жижиглэсэн цагаан гааг хольж сүмс бэлтгэнэ.
  9. Махан нухаш, гоймон, яншуй, нухсан сармис, шар буурцагны нахиа, өргөст хэмхээ саванд хийж сайтар холино. Дээрээс нь нунтаг цагаан перц, үлдсэн гүнжидийн тосоо хийгээрэй.
  10. Өндгөө сэрээгээр хутгана.
  11. Зуурмаган хуудсан дээр дүүргэгчээ тавиад орооно. Ирмэгийг нь өндгөөр арчаад наагаарай.
  12. Саванд 200 мл наранцэцгийн тос хийгээд халаана.
  13. Халбага ашиглан спринг-роллоо тосондоо хийнэ – хэрэв спринг-ролл шарагдаж байвал тос хангалттай халсан гэж үзнэ.
  14. Спринг-роллоо тосонд 1 минут шарна.
  15. Ороомгоо таваглаад сүмстэй идээрэй.

10. Сам хорхой, ногоотой гоймон

Гоймон далайн гаралтай хүнстэй гайхалтай зохицдог. Таны хийх хоолны ногоо бага зэргийн шаржигнасан байх хэрэгтэй шүү.

Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор 7

Орц:

  • 300 гр гоймон
  • 300 гр цэвэрлэсэн сам хорхой
  • 1 улаан амтат чинжүү
  • 1 ногоон амтат чинжүү
  • 1 шар амтат чинжүү
  • 2 лууван
  • 1 сонгино
  • 2 хоолны халбага шар буурцагны сүмс
  • 2 хоолны халбага гүнжидийн эсвэл оливийн тос

Бэлтгэх арга:

  1. Гоймонгоо чанана.
  2. Сонгино, чинжүүгээ жижиг шоо дөрвөлжин хэрчинэ. Луувангаа 5 мм-ээс хэтрэхгүй өргөнтэй, урт савхан хэрчээрэй.
  3. Хайруулын тавганд гүнжидийн тос хийж халаагаад ногоогоо хүчтэй гал дээр 3 минутын турш хутгаж шарна.
  4. Сам хорхой дээр нь нэмээд дахин 2 минут шарна.
  5. Дараа нь гоймон, шар буурцагны сүмсээ нэмээд дахин 2-3 минут шарна. Шарахдаа тасралтгүй хутгах ёстойг анхаараарай.

11. Цагаан луувантай даршилсан лууван

Хоолны дэглэмээ төрөлжүүлэх сайхан арга.

Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор 12

Орц:

  • 1 стакан ус
  • 1/4 стакан уксус
  • 2 хоолны халбага элсэн чихэр
  • 2 цайны халбага давс
  • 250 гр лууван
  • 250 гр цагаан лууван

Бэлтгэх арга:

  1. Лууван, цагаан луувангаа нарийн савхан хэрчинэ.
  2. Усаа гал дээр тавиад бүлээн болтол халаана.
  3. Усаа уксус, элсэн чихэр, давстай холино. Элсэн чихэр бүрэн уустал сайтар хутгаарай.
  4. Хэд хэдэн ширхэг шил аваад лууван, цагаан луувангаар дүүргээрэй.
  5. Уксустай усаа шилэндээ хийнэ.
  6. Шилээ сайтар таглаж даршлаарай.

12. Том ям кунг

Тайландын өнгөт шөлийг амтлахын тулд заавал өөр орон луу явах шаардлагагүй. Зүгээр л өөрийн гараар гэртээ тэдний уламжлалт шөлийг хийгээд сурчих.

Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор 15

Орц:

  • 300 мл кокосын сүү
  • 300 мл загасны шөл
  • 5 ногоон сонгино (лемонграсс)
  • 5 каффир лаймны навч
  • Цагаан гааны үндэс
  • 1 улаан чинжүү
  • 10 сам хорхой
  • Яншуй
  • 4 шиитаке мөөг
  • 1 хоолны халбага загасны сүмс
  • 1/2 цайны халбага бор элсэн чихэр
  • 3 хумс сармис
  • 1 хоолны халбага ургамлын тос
  • 1/2 цайны халбага гүнжидийн тос
  • 1 нимбэг

Бэлтгэх арга:

  1. Мөөг болон сам хорхойг сайн чанаж болгоно.
  2. Лемонграсс болон каффир лаймны навч, сармис, перц, цагаан гааг жижиглэнэ.
  3. Сармис, чинжүүгээ халаасан ургамлын болон гүнжидийн тосонд 1 минут шарна. Дараа нь нүдүүрээр нухаарай.
  4. Кокосын сүү болон шөлөө тогоонд хийж буцалгана. Шөлөндөө лемонграсс, цагаан гаа, каффир лаймны навчнаас хийнэ.
  5. Дараа нь сармис чинжүүтэй холимогийг нэмээд 1-2 минут болгоно.
  6. Загасны сүмс нэмнэ. Дараа нь хэрчсэн мөөгөө нэмж дахин 2 минут болгоно.
  7. Нимбэгний шүүс, элсэн чихэр нэмнэ. Болгоомжтой хутгана.
  8. Сам хорхойгоо шөлөндөө хийгээд шөлөө гал дээрээс авна.
  9. Идэхийн өмнө жижиглэсэн яншуй цацаарай.

13. Вьетнам аргаар бэлтгэсэн загас

Загас бол ази гал тогооны салшгүй нэг хэсэг юм. Загасыг олон төрлийн аргаар бэлтгэж болдог.

Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор 4

Орц:

  • 450 гр цагаан загасны ясгүй мах
  • 2 хумс сармис
  • 3-4 ширхэг булцуут сонгино
  • 3 ногоон сонгины (лемонграсс) иш
  • 1 цайны халбага куркума
  • 1 цайны халбага үрсэн цагаан гаа
  • 1/2 цайны халбага нунтаг улаан чинжүү
  • Давс, нунтаг хар перц
  • 2 хоолны халбага ургамлын тос
  • 1 хоолны халбага шар буурцагны сүмс
  • Яншуй эсвэл ногоон сонгино

Бэлтгэх арга:

  1. Сармис, булцуут сонгино, лемонграсс, куркума, цагаан гаагаа хамтад нь жижиглээд нунтаг улаан чинжүү, давс, нунтаг хар перц нэмж холино. Тос нэмнэ.
  2. Загасаа угаагаад дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ. Бэлдсэн амтлагчиндаа загасаа хийгээд хөргөгчинд 15 минут байлгана.
  3. Дараа нь загасаа тугалган цаасан дээр тавина. Шарах шүүгээнд 15-20 минут эсвэл дунд зэргийн гал дээр 10-15 минут шарж болно.
  4. Загасаа идэхийн өмнө шар буурцагны сүмс цацаад яншуй эсвэл ногоон сонгиноор чимэглээрэй.

14. Базиликтэй үхрийн мах

Тайландад үхрийн махыг будаатай зооглодог. Өвөрмөц амт оруулахын тулд яншуй нэмж өгдөг аж.

Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор 2

Дараах жор нь хоёр хүний порц юм.

Орц:

  • 240 гр зүсмэл үхрийн мах
  • 15 гр ногоон сонгино (лемонграсс)
  • 1 нимбэг
  • 1 хумс сармис
  • Яншуй
  • Ногоон сонгино
  • 1 улаан чинжүү
  • Базилик
  • 10 гр хясааны цуу
  • 25 гр загасны сүмс
  • 10 гр шар буурцагны сүмс
  • 100 гр тахианы шөл
  • Чихрийн нишингэ
  • 10 гр эрдэнэ шишийн цардуул
  • 160 гр жасмин будаа
  • Оливийн тос

Бэлтгэх арга:

  1. Будаан дээр хүйтэн усыг 1:1,5 харьцаатайгаар нэмээд буцалгана. Тагийг нь тавиад 6-7 минут бэлэн болтол агшаагаарай.
  2. Лемонграссаа том хэрчинэ. Үхрийн махаа нарийн жижиг зүсээд дээр нь лемонграсс, шар буурцагны сүмс, 1/2 цардуул нэмээд хутгана.
  3. Сонгиноо бяцлаад жижиглэж хэрчээд сайтар нухаарай. Улаан чинжүүгээ нарийн хэрчээд сармистайгаа холино. Сармисан дээрээ загасны сүмс, 1/4 нимбэгний шүүс, элсэн чихэр нэмнэ.
  4. Ногоон сонгиноо том хэрчинэ. Үлдсэн цардуулаа тахианы шөлөндөө нэмээрэй.
  5. Лемонграссаа тусад нь аваад үхрийн махаа хүчтэй гал дээр оливийн тосонд хийж 2 минутын турш шарна. Тасралтгүй хутгангаа сүмс, цардуул, хясааны цуу нэмээд буцалгана.
  6. Сонгино, базилик нэмж хутгаад гал дээрээс аваарай.
  7. Ногоотой үхрийн махаа будаан дээрээ тавиад жижиглэж хэрчсэн яншуй цацаад зооглоорой.

15. Гуриланд ороосон гадил

Энэ бол хятадад хамгийн алдартай амттан юм. Үүнийг хийхдээ будааны гурилыг уламжлал болгон хэрэглэсээр ирсэн ажээ. Ингэснээр зуурмаг нь маш зөөлөн амттай болдог.

Бэлтгэхэд хялбар 15 төрлийн ази хоолны жор 3

Орц:

  • 3 дунд зэргийн хэмжээтэй гадил
  • 100 гр цагаан будааны гурил
  • 50 гр нунтаг элсэн чихэр
  • 100 мл хийжүүлсэн ус
  • 2 хоолны халбага газрын самрын тос

Бэлтгэх арга:

  1. Гурилаа саванд хийгээд дээрээс нь хийжүүлсэн уснаас аажим хийнэ. Зуурмаг яг тослоггүй зөөхий шиг болсон байна.
  2. Гадилаа хальслаад дундуур нь нэг эсвэл хөндлөнгөөр нь 3 тэнцүү хэсэгт хуваана. Гадилаа зуурмагтаа дүрээд газрын самрын тосонд хэд хэдэн минутаар хоёр талаас нь шарна.
  3. Шарсан гадил дээрээ нунтаг элсэн чихрээ цацаарай.

 

41
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
11
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *