Төмсөөр хийж болох 12 төрлийн амтат зуушны жор

0

Төмсөөр хүч хөдөлмөр шаардахгүйгээр олон сайхан хоол хийж болно. Магадгүй зарим нэг нь төмсөө чанаад эсвэл шараад дээрээс нь цөцгийн тос, ногоо цацаад л болно шүү дээ гэж хэлж болох юм. Энэ нь үнэний хувьтай ч бид та бүхэнд илүү амттай төмс шарах жоруудыг танилцуулахаар бэлдлээ.

Цөцгий, мөөгтэй шарсан төмс

Төмсөөр хийж болох 12 төрлийн амтат зуушны жор 1

Орц:

  • Том төмс – 10- 15 ш
  • Хатаасан мөөг – 100 г
  • Сонгино – 1 ш
  • Мөөгний шөл – ½ стакан
  • Цөцгий – 2 х.х
  • Гурил – 1х.х

Хийх арга:

  1. Хальстай төмсөө чанаж, эсвэл жигнэж болгоод завь хэлбэртэй адилхан байхаар төмсний голыг ухаж авна. Ухаж авсан төмсний голоо дахин ашиглах юм шүү.
  2. Хатаасан мөөгөө болтол нь чанаад уснаас нь шүүж хатаана. Мөөгөө жижиглэн хэрчээд тосонд шарж буй сонгино дээрээ нэмж цуг шарна.
  3. Дээрээс нь 1 х.х гурил болон ½ стакан мөөгний шөлөө нэмж сайтар хутгаад зөөлөн галаар буцалгана. Мөн, дээрээс нь цөцгийгөө хийж, давс зэргээр амтална. Бэлэн болсон цөцгийтэй соусаа хөргөж ухсан төмсөндөө хийнэ.
  4. Төмсөө шарах шүүгээний хавтан дээр өрж шарна. Шарахаасаа өмнө хайлуулсан цөцгийн тос, цөцгий, шарсан талхны үйрмэг зэргээр амталж болно.

Улаан лооль, рикотта бяслагтай шарсан төмс

Төмсөөр хийж болох 12 төрлийн амтат зуушны жор 3

Орц:

  • Төмс – 2ш
  • Жижиг үрийн улаан лооль – 2 стакан буюу ойролцоогоор 25-30 ш
  • Оливийн тос – 1 ц.х болон 1 х.х
  • Давс, перец
  • Рикотта /эсвэл давсгүй бусад төрлийн бяслаг байж болно/ – 1 стакан

Хийх арга:

  1. Шарах шүүгээнд 200 хэм хүртэл халаасан байна. Төмсөө оливийн тосоор тослоод шарах шүүгээнд шарна, хутгаар төмсийг хатгахад зөөлөн орж байвал төмсийг болсон гэж үзэн шарах шүүгээнээс гаргана. Ойролцоогоор цаг орчим болох болов уу.
  2. Шарах шүүгээний хавтан дээр фольга дэвсээд улаан лоолио өрнө. Улаан лооль дээр оливийн тос цацаарай, мөн давс, хар перец зэргээр амтална.
  3. Төмс болохоос 15 минутын өмнө улаан лоольтой хавтангаа хийж төмстэйгөө цуг болгоно. Улаан лооль зөөлөрч ирэхэд болсон гэж үзнэ.
  4. Болсон бүтэн төмсөө хувааж (дундуур нь адилхан хувааж болно, өөрийнхөө хүссэнээр хуваагаарай) дээрээс нь рикотта бяслаг, шарсан улаан лоолио өрнө. Мөн, жижиглэн хэрчсэн ногоон навчит ногоогоор амталж болно.

Гахайн утсан мах, мөөгтэй шарсан төмс

Төмсөөр хийж болох 12 төрлийн амтат зуушны жор 2

Орц:

  • Төмс – 8 ш
  • Шинэ мөөг – 100 г
  • Гахайн утсан мах – 100 г
  • Ногоон навчит ногоо
  • Чанасан өндөг
  • Хайлуулсан бяслаг

Хийх арга:

  1. Төмсөө сайтар угаагаад хальстай нь шарах шүүгээнд болгосны дараа дундуур нь хувааж зөөлөн эдийг нь халбагаар ухаж авна.
  2. Ухаж авсан төмсийг урьдчилан шарж бэлдсэн гахайн мах, мөөгтэй цуг холино.
  3. Давс, перец болон бусад амтлагч ногоогоор амтлаад чанасан өндөгний шараар чимэглэнэ.
  4. Бэлэн болсон төмсний зуурмагаа ухсан төмсөндөө хийн дээрээс нь үрсэн бяслаг, тос цацаж сайтар халаасан шарах шүүгээнд шаргал өнгөтэй болтол нь шарна.

Загастай шарсан төмс

Төмсөөр хийж болох 12 төрлийн амтат зуушны жор 4

Орц:

  • Төмс – 8ш
  • Жигнэсэн загасны мах – 500 г
  • Сонгино – 1-2 ш
  • Өндөг – 1 ш
  • Цөцгий – 2 х.х
  • Цөцгийн тос – 1 х.х

Хийх арга:

  1. Төмсөө хагас болгоод завь хэлбэр оруулж дээд талыг нь авна.
  2. Ухаж авсан төмсний зөөлөн эдийг загасны махтай цуг махны машинаар машиндаад, түүхий өндгөө хийж сайтар холино.
  3. Завь хэлбэртэй төмсөө бэлэн болсон загасны махаар дүүргэж урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж 3-5 минут орчим шарна.

Төмсний нухаштай төмсний хальс

Төмсөөр хийж болох 12 төрлийн амтат зуушны жор 5

Орц:

  • Төмс – 6ш
  • Үхрийн татсан мах – 330 г
  • Дунд зэргийн сонгино – 1 ш, жижиглэн хэрчсэн байна
  • Сармис – 3 хумс, жижиглэн хэрчсэн
  • Эрдэнэ шиш – ¾ стакан
  • Хар шош – ¾ стакан
  • Том улаан лооль – 1 ш, хальсыг авсан байх
  • Кинза – 2 х.х
  • Нунтаг чили чинжүү – ½ ц.х
  • Паприка – ½ ц.х
  • Тмин – ¼ ц.х
  • Давс, перец
  • Оливийн тос
  • Үрсэн бяслаг – ¾ стакан

Төмсний хучмалыг бэлдэх арга:

  1. Улаан чинжүү, паприка, тминээ жижгэвтэр саванд хийж сайтар холино.
  2. Ойролцоогоор 2 цайны халбага тосыг хайруулын тавганд халааж махаа шарна, хэрвээ мах тос, шүүс их ялгарч байвал асгаж болно.
  3. Махандаа сонгино, сармисаа хийж цуг шарна.
  4. Сонгино шаргал өнгөтэй болонгуут дээрээс нь улаан лоолио хийж 1-2 минут орчим зөөлөн галаар жигнэнэ. Мөн, дээрээс нь шош, эрдэнэ шишээ хийнэ. Урьдчилан хольж бэлдсэн амтлагчууд болон хэрчсэн кинзаг хийнэ. Бүгдийг сайтар хольж давс, перецээр амтлаад 5-7 орчим жигнэнэ.

Төмсний хальсыг бэлдэх арга:

  1. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана. Шарах шүүгээний хавтан дээр фольга дэвсэж тосолно. Төмсөө угааж хатаагаад хэд хэдэн газар нь сэрээгээр хатгаад тосолно. Халсан шарах шүүгээндээ төмсөө хийж ойролцоогоор 50 минут шарна – төмс зөөлөрч, хальс нь шаргал өнгөтэй болох ёстой юм.
  2. Шарах шүүгээнээс гаргаад төмсөө хөргөх бөгөөд дундуур нь адил хэмжээтэй зүснэ. Төмсний зөөлөн эдийг бараг бүгдийг халбагаар авна, хальсан хэсэгт бага зэргийг үлдээнэ. Үлдсэн хальсыг дотор талаас нь тосоор тосолно.
  3. Төмсний хальсыг тосолсон талаар нь эргүүлж шарах шүүгээнд 10 минут орчим шарсны дараа төмсний хальсаа эргүүлээд дахин 5-7 минут орчим шарна. Төмсний хальс шаргал өнгөтэй болсон байна.
  4. Шарах шүүгээнээс төмсний хальсыг гарган ирж махаараа дүүргэнэ. Дээрээс нь үрсэн бяслаг цацаад буцаагаад шарах шүүгээнд хийж бяслаг хайлтал байлгана. Төмсөө таваглаад жижиглэсэн кинзагаар чимж өгнө.

Бяслагаар бүрсэн брокколитой шарсан төмс

Төмсөөр хийж болох 12 төрлийн амтат зуушны жор 6

Орц:

  • Төмс – 4ш
  • Цагаан шош – 420 г /буюу нэг лааз/
  • Ус – ¾ стакан
  • Бяслаг – хагас, эсвэл бүтэн стакан
  • Давс – ½ ц.х
  • Брокколи – 1 багц
  • Сармис – 4 хумс
  • Оливийн тос – 1 х.х
  • Улаан чинжүү – 1 чимх

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана. Төмсөө сэрээгээр хэд хэдэн удаа хатгаад шарах шүүгээнд 45-50 минут орчим шарна.
  2. Төмс болж байх хооронд брокколийг цэцэг цэцгээр нь салгана. Махны машинаар брокколиг машиндаад, сармисаа бутална. Томоохон шиг саванд тосоо халааж сармисаа 30 секунд орчим шарсны дараа улаан чинжүү, брокколигоо хийж 5-7 минут орчим брокколи зөөлөртөл жигнэнэ.
  3. Шошоо задлаад шүүсийг нь асгаж цэвэр усаар зайлна. Блендерт шош, ус, ½ стакан бяслаг, давсаа хийж бутална. Мөн өөрийн дуртай амтлагчуудаа ч нэмж болно.
  4. Төмс болонгуут ихэнх зөөлөн эдийг авч эхлээд шоштой бэлдэц, дээрээс нь бяслаг брокколитой бэлдцээ хийж шарах шүүгээнд хийж бяслаг хайлтал шарна. Төмсөө халуунаар нь иднэ.

Итали маягаар шарсан төмс

Төмсөөр хийж болох 12 төрлийн амтат зуушны жор 7

Орц:

  • Төмс – 8ш
  • Цуккини (хурган гуа)- 200 г
  • Зөөлөн бяслаг – 150 г
  • Хатаасан улаан лооль – 100 г
  • Лаврын навч – 1
  • Оливийн тос – 3 х.х
  • Душицы цэцэг – 1 х.х
  • Тмин, перец, давс – 1 ц.х

Хийх арга:

  1. Давс, лаврын навч болон тминтэй усанд төмсөө чанаж болгоно.
  2. Том дөрвөлжин хэлбэртэйгээр улаан лооль, бяслагаа хэрчиж, харин цуккиниг урт нарийхан хэрчиж буцлам халуун усанд дүрж аваад хүйтэн усаар зайлна.
  3. Бяслаг, цуккини, улаан лооль, душицыг хольж дээрээс нь давс, перцээр амталж 2 х.х оливийн тос хийж сайтар холино.
  4. Төмсөө завь хэлбэртэй болгохын тулд зөөлөн эдийг авна.
  5. Бяслагтай бэлдцээ төмсөндөө хийж гадуур нь оливийн тосоор тосолж 200 хэмд урьдчилан халаасан шарах шүүгээнд 10 минут орчим шарна.

Сонгино, чихэрлэг мөөгний хачиртай төмс

Төмсөөр хийж болох 12 төрлийн амтат зуушны жор 9

Орц:

  • Шарах шүүгээнд шарж болгосон том төмс – 4 ш
  • Оливийн тос – 2 х.х
  • Сонгино – 1
  • Сармис – 1 хумс
  • Мөөг – 450 г
  • Улаан дарс – 250 мл
  • Бальзамийн уксус – 90 мл
  • Сахар – 1/8 ц.х
  • Эрдэнэ шишийн крахмал – ¾ ц.х
  • Шинэ петрушка – 2 ц.х /жижиглэн хэрчсэн байна/
  • Давс, перец
  • Ногоон сонгино /жижиглэсэн/

Хийх арга:

  1. Мөөгний малгайг 6 мм зузаантайгаар хэрчинэ. Сонгино хагас дугуй хэлбэрээр хэрчинэ.
  2. Улаан дарс, бальзамын уксус, элсэн чихэр болон эрдэнэ шишийн крахмалаа сайтар холино.
  3. Томоохон хайруулын тавганд оливийн тосоо халааж сонгиноо шарна.
  4. Сармисаа жижиглээд сонгино дээрээ хийж, мөн дээрээс нь мөөгөө хийж шаргал өнгөтэй болтол шарна.
  5. Харин дараа нь улаан дарс, уксус зэргээ хийнэ. Галаа нэмж буцлангуут нь галаа зөөлрүүлж бүгд өтгөртөл жигнэнэ. Дээрээс нь петрушка, давс болон перцээр амтална.
  6. Шарсан төмсөн дээрээ мөөгтэй зутангаа нэмж ногоон сонгино, бяслагаар чимнэ.

Хальстай төмсөнд шарсан өндөг

Төмсөөр хийж болох 12 төрлийн амтат зуушны жор 8

Орц:

  • Шарах шүүгээнд шарсан төмс – 4ш
  • Оливийн тос – 4 х.х
  • Дунд зэргийн өндөг – 4 ш
  • Ногоон сонгино, хиам, бяслаг
  • Давс, перец

Хийх арга:

  1. Шарах шүүгээнд болгосон төмсийг багахан ухан авч 1 х.х цөцгийн тос хийж, давс, перцээр амтална.
  2. Үүний дараа өндгөө хагалж нэг “төмсөн аяга”-нд нэг өндөг хийнэ. Өндөг дээрээ өөрийн хүссэн амтлагчаар амталж болно: хиам, сонгино, бяслаг …
  3. 190 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд хийж өндөг болтол буюу 20-25 минут шарна.

Шоштой амтат төмс

Төмсөөр хийж болох 12 төрлийн амтат зуушны жор 10

Орц:

  • Шарсан төмс – 4 ш
  • Оливийн тос – 1 ц.х
  • Нунтаг чили – 1 ц.х
  • Шинэ чили – 100 г /жижиглэсэн/
  • Хар шош – 1 лааз
  • Ус – ¾ стакан
  • Цөцгий
  • Авокадо – /дөрвөлжин хэрчсэн/
  • Шинэ кинза

Хийх арга:

  1. Хайруулын тавганд оливийн тосоо хийж халсны дараа нунтаг чилиний үнэр үнэрттэл шарна, энэ нь ойролцоогоор 1 минут орчим болно.
  2. Дээрээс нь чили, шошоо хийж нэгэн зуурмаг болтол нь сайтар хутгана.
  3. Үүний дараа шарсан төмсөн дээрээ тавьж, дээрээс нь бяслаг, авокадо, кинза болон цөцгийгөө асгана.

Далайн давс, руколатай шарсан төмс

Төмсөөр хийж болох 12 төрлийн амтат зуушны жор 12

Орц:

  • Том төмс – 2ш
  • Далайн давс
  • Цөцгийн тос, эсвэл оливийн тос
  • Рукола – 2 том овоолон
  • Шампанск эсвэл уксус – 1 ц.х
  • Гич – 1 ц.х
  • Өндөгний шар
  • Оливийн тос – 100 мл
  • Үрсэн пармезан – 2 х.х
  • Нимбэгийн шахсан шүүс – 2 ц.х

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана. Төмсөө сойзоор сайтар угаасны дараа хатааж сэрээгээр хэд хэдэн газар хатгаж далайн давс сайн цацна. Төмсний их багаас шалтгаалж төмс 1 цаг орчимд болно.
  2. Төмсөө шарж байх хооронд соусаа бэлдэнэ. Уксус, гич, өндөгний шар болон оливийн тосоо цугт нь хийж давс цацаж сайтар холино. Дээрээс нь бяслаг, дараа нь нимбэгийн шүүсээ хийнэ. Соусаа амталж үзээд болж байвал цааш тавина.
  3. Болсон төмсөө багахан ухаж аваад дунд нь цөцгийн тос, дараа нь соусаа хийж дээрээс нь давс цацна. Үлдсэн хэсэгт нь руколатай хольсон соусаа хийж өгнө.

Төмсөнд хийсэн пицца

Төмсөөр хийж болох 12 төрлийн амтат зуушны жор 11

Орц:

  • Том төмс – 3 ш
  • Дуртай кетчуп
  • Бяслаг – 2 стакан
  • Хэрчим салями

Хийх арга:

  1. Богино долгионы зууханд төмсөө 12-15 орчим шарна. Бэлэн болсон төмсөө дундуур нь хувааж голд нь багахан гүнзгий хэсэг гаргана.
  2. Давс цацаж, кетчуп түрхэнэ. Бяслагаа сайн цацаж хэрчим салямаагаа тавина.
  3. 200 хэм хүртэл урьдчилан халаасан шарах шүүгээнд төмсөө хийж 15 минут орчим буюу бяслаг хайлж шаргал өнгөтэй болтол шарна. Бэлэн болсон пиццаг гаргаж хөргөөд тавтай зооглоорой.

 

8
ГоёГоё
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *