
Энэ онд Монголын үзэгчид дахин нэг дэлхийн одтой эх орондоо уулзахаар болсон нь Германы реппер, DJ Nana. Тэрбээр Ази тивээр хийх аялан тоглолтоо Монголоос эхлүүлэхээр болсон баяртай мэдээг бид өмнө нь дуулгасан билээ. Тэрээр энэ сарын 28-нд Улаанбаатарт буун, ирэх гуравдугаар сарын 1-нд нийслэлд “Remember the Time” тоглолт хийхээр товоо зарлаад байгаа юм. Уг тоглолтын тасалбар 40, 80 мянган төгрөг бөгөөд VIP тасалбар нь 120 мянга аж. Тасалбар энэ сарын 10-наас эхлэн худалдаанд гарах нь ээ.
Алдарт дуучныг Монголд тоглох саналыг тавьсан “Монгол Австрийн залуучуудын холбоо” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм. Тэд өнөөдөр 12 цагт “Blue Sky” -ын 3 давхарт хэвлэлийн бага хурал хийх гэж байна.
Реппер Nana Kwame Abrokwa-г 90-ээд оны залуус андахгүй. Учир нь түүний уран бүтээлүүд 90-ээд онд ид мандаж байсан бөгөөд түүний хэв маягыг “euro-rap” хэмээн нэрлэдэг. “Too much heaven”, “Remember the time”, “Lonely”, “Dreams” дуугаар нь үзэгчид түүнийг андахгүй.








