Cosmopolitan 32, National Geographic №10 шинэ дугаарууд худалдаанд гарлаа

0

Cosmopolitan 32, National Geographic №10 шинэ дугаарууд худалдаанд гарлааThe Fast and the Furious киноны эхний ангийг би Америкт, Трэмонтон нэртэй нэгэн тосгоны жижигхэн кинотеатрт үзэж байсан юм. Кино дууссаны дараа хойд айлын маань ах хуучин тэргээ тултал нь гишгэж, хөгжмөө хамаг чанга дээр нь орилуулаад хальтхан дрифт хийсээр гэртээ харьж байсан юмдаг. Энэ кинонд л анх Michelle Rodriguez-тэй “танилцаж”, таалагддаг хүмүүсийнхээ жагсаалтад нэмчихсэн юм. “Бусад юу гэх надад хамаа байна уу? ҮГҮЙ!”гэсэн хэнэггүйхэн хандлага, дүр эсгэхгүй хэрнээ хүмүүсийг татах байдал, зэвүүн харц, ёжтой инээдэнд нь би дуртай. Түүний 180-тай давхидаг байсан дардан бус өдрүүд, дараагийн бүтээл, секс гээд өөрийгөө Cosmo-д бүрэн нээснийг 54-р нүүрэнд уншаарай.

 Дээрх кино намайг 16-тай байхад, анхны “бие даасан” аяллын минь үеэр гарч байсан юм. Аав, ээжээсээ хол, дэлхийн нөгөө өнцөгт өнгөрүүлсэн нэг жил хэзээ ч дуусашгүй мэт санагдаж, эргээд ирэхэд өмнө нь алхаж байсан газар, гэрийнхэн, би өөрөө хүртэл огт өөр болсон мэт санагдаж билээ. Аялал болгонд хугацаа, зорилгоос нь үл хамааран бид өөрийн мэдэлгүй өөрчлөгдөж, анзааралгүй байсан эсвэл зориудаар нүдээ анин, чихээ таглаж, зугтаж байсан зүйлсийг сануулж, Хэн билээ? Амьдралдаа юу бүтээх билээ? гэдгийг маань бас асуугаад, хариу түлхүүрийг нь заагаад өгдөг юм шигээ. “Монгол Бадарчин” төслийг эхлүүлэн 76 орны соёлыг нээн, залуусдаа таниулж, бусад улсын шилдэг туршлагыг Монголдоо нэвтрүүлэх чин эрмэлзэлтэй аялагч, судлаач Амайтай 60-р нүүрэнд бид ярилцлаа. Мөн аялалд гарахдаа санах, заавал авч явах зүйлс гээд энэ зуны хүсэн хүлээсэн амралтыг чинь мартагдашгүй олон дурсамжаар дүүрэн байлгахад хэрэгтэй зөвлөгөөг Cosmo нь энэ дугаарт өглөө.  Наран мандаж эхлэх өдөр бүр аялал. Харин аялал чамайг хаана аваачихыг аялагч чи л мэднэ.   


National Geographic Монгол №10 Нууцын гүнд саатахуй 

 

 

Цаг хугацаа, орон зайг товчлон гараг эрхсийн хийгээд хүн төрөлхтний үүслийн нууцыг хөндсөн сэтгүүлийн маань шинэхэн дугаар таны гарт очлоо. 
  4,5 тэрбум жилийн тэртээд аварга гараг эрхэс үймэлдэн бужигналдаж, бие биеэ чулуун бороогоор нүдэж байх тэрхэн “завшаанд” Дэлхий хэмээх бидний энэ цэнхэр гарагт амьдрал бий болсон нь юутай их аз завшаан, хувь заяа. Хязгааргүй уудмын тэр л өчүүхэн амьд орон зайд асар их нууц бий ажээ.  
 Олон сарын турш дэлхийн анхаарлын төвд байж, Ангараг гарагийн нууцаас бидэнд илгээн, итгэмээргүй гэрэл зургуудаараа олныг алмайруулан буй Куриоситигийн аяллын тухай эндээс уншаарай. Нэгэн цагт гол горхи урсч, бичил боловч өөр нэгэн амьдрал буцлан байсан энэ гараг бидний эх дэлхийтэй маань дэндүү адил санагдаж, дотно сэтгэгдэл төрүүлэх нь гайхалтай.

 Энэ хооронд Монгол, Казахстан, Хятад, ОХУ-ын хиллэх уулзвараас 350 километрт орших Денисовын агуй эртний хүмүүсийн нууцыг бидэнд бага багаар дэлгэнэ. 2008 онд олдсон чигчий хурууны маш жижигхэн ясны хэлтэрхий хүн төрөлхтний үүсэл гарвалын түүхийг орвонгоор нь өөрчиллөө. Тэрхүү гээгдсэн өвөг буюу бидний түүхийн эхлэлд зогсч байсан Денисовын хүн гэж чухам ямар хүн байв?Евразийн нүүдлийн шувуудын эмгэнэлт түүхийг өгүүлэх Жонатан Фразений “Сүүлчийн дуун” нийтлэлд өвөөлж, шаргач бялзуухай, бөднө, урианхайн дууч шувуу, халимагт зэржигэнэ зэрэг шувуудын нэрийг сонсох ахул танд танил санагдах нь гарцаагүй. Эдгээр шувууд Монголд ч гэсэн нүүдэллэн ирж нуур ус, ой моддыг маань чимж, өөр нэгэн амьдрал бэлэглэсээр оддог. Гэтэл эдгээр нүүдлийн шувуудыг Газрын Дундад Тэнгис орчмын улс орнуудын хууль бус анчид тор, цавуулаг бодис, хавх зэрэг увайгүй арга хэрэглэн, хомроголон устгасаар байна. Нэг л өдөр тэд бидэн дээр ирэхээ байна. Ингэснээрээ байгалийн бас нэгэн өнгө бөхнө. 

 Мөн дэлхийн дээвэрт ер бусын зүйл эрэн мөлхөх төвөдүүд, нөгөө хязгаарын өндөрлөгт орших Боливийн Потосигийн уурхайчид гээд бүгд л өөрсдийн “бичил” нууцыг тээнэ.    

 Нууцын гүнд саатахад түүнээс ч олон нууц оршдогийг мэдрэх нь хамгаас илүү гайхалтай. Эрхэм уншигч таныг хязгааргүй нууцын ертөнцөд урья.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *