Кино урлагийг улс төртэй холбох нь утгагүй асуудал

0

Кино урлагийг улс төртэй холбох нь утгагүй асуудал

“Тэнгис” кинотеатрын Маркетингийн албаны дарга Х.Жигжидсүрэн: Кино урлагийг улс төртэй холбох нь утгагүй асуудал
Монгол кино урлаг ид сэргэн мандаж байна. Гэвч сайныг дагаад саар гэгчээр энэ сард нээлтээ хийсэн зарим кинонуудыг кинотеатрт гаргахгүй, хориглолоо гэсэн мэдээлэл шуугиан тариад байгаа билээ. Бид энэ удаа Тэнгис кинотеатрын Маркетингийн албаны дарга Х.Жигжидсүрэнгээс энэ талаар тодрууллаа. Бусад кинотеатруудын байр суурийг удахгүй та бүхэндээ хүргэх болно.
Сүүлийн үед кинотеатруудад монгол киног гаргахгүй, хориглолоо гэсэн яриа гарч үзэгчид ч нилээн бухимдангүй байна. Та энэ талаар кинотеатрынхаа зүгээс байр сууриа илэрхийлнэ үү?
– Тэнгис кинотеатрын хувьд бол анхнаасаа л кино урлагийг дэмжиж ажилладаг. Гэхдээ мэдээж манай техникийн шаардлагын түвшинг хангасан, үзэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн кинонуудыг гаргахыг зорьдог. Мэдээж энэ нь монгол киноны хөгжлийг дэмжиж байгаа хэрэг гэж бид үздэг. Сүүлийн үед урлагийг хэт улстөржүүлэх асуудал газар авч байх шиг байна л даа. Манай кинотеатрт “Бурхан өршөөг”, “Долоон бурхан харвадаггүй” хоёр кино хоёр долоо хоногийн зайтай нээлтээ хийсэн. Энэ хоёр киног манай техникийн шаардлагыг хангасан бас үзэгчдийн үзэх ёстой сэдэв мөн байсан учраас гаргадаг журмынхаа дагуу асуудалгүй гаргаж байгаа. Харин бусад кинотеатрууд гаргах, гаргахгүй нь өөрсдийнх нь дотоод асуудал. Гэхдээ ер нь кино урлагийг улс төртэй холбох нь их утгагүй юм.Бид үйлчилгээ үзүүлдэг байгууллагынхаа хувьд уран бүтээлчдэдээ шаардлага тавихдаа хэт нэг талыг барьсан, нийгэмд буруу, сөрөг үр дагавар өгөх кинонуудыг гаргахгүй байхыг шаарддаг. “Бурхан өршөөг” киноны хувьд ардчилалын тухай өгүүлсэн нэгхэн хэсгээс болж аль нэг намынх гэж харах нь өрөөсгөл гэж бодож байна. Харин “Долоон бурхан харвадаггүй” киноны хувьд бидний үеийн залуучууд түүхийг үнэн мөнөөр харах, ойлгох, мөн сүүлийн үеийн залуучуудад одоо бидний амьдарч байгаа эрх чөлөөт амьдралыг тэр долоон хүн яаж тэмцэж олж авсаныг яг үнэн бодитоор нь гаргаж өгч байгаа хамгийн анхны дэлгэцийн томоохон хэмжээний бүтээл болсон гэж үзэж байгаа. Энэ кино их нүсэр бүтээл болсоныг үзсэн хүмүүс бол мэдэж байгаа, үзээгүй хүмүүст сонирхуулахад массын хэсэг, дайн тулааны хэсэг гээд ямар их ажил, хүн хүч орсон нь тодорхой харагдах байхаа. Харин хувь хүнийхээ үүднээс дүгнэхэд залуу уран бүтээлчид хийсэн гэхэд сайн кино болсон гэж бодсон. Яагаад гэвэл хамгийн наад зах нь киноны дүр сонголт маш оновчтой, яг бодит түүхэн хүмүүстэйгээ их адилхан болсон байна лээ. Үзсэн хүмүүс надтай маргахгүй байхаа. Кино урлаг бол маш олон урлагийн нийлмэл, маш богино хугацаанд асар олон мэдээллийг өгдөгөөрөө онцлог л доо. Энэ кинон дээр 30 гаруй жилийн түүхийг кино урлагаар дамжуулж,XXI зууны залуучууд 2 цаг 20 минутанд багтааж авах боломжтой болж байгаа юм. Би өөрөө киноны салбарт ажиллаад арав гаруй жил болж байгаа хүний хувьд 1921 оны хувьсгалын тухай ардчилалаас хойш хийгдсэн хамгийн далайцтай бүтээл гэж хэлмээр байна. Кинонд тулаантай хэсгүүдийн тэсрэлт дэлбэрэлт, буудалцаан зэрэг пиротехникийн ажлыг асар өргөн хэмжээнд хийсэн байсан. Гэхдээ эцсийн дүндээ хэний захиалгаар яаж хийсэн нь чухал биш хамгийн гол нь сайн бүтээл бий болж олны хүртээл болж байгаагаараа үзэгчид л хожиж байгаа юм.

Гадуур гарч байгаа мэдээлэл тэгвэл үндэслэлгүй гэсэн үг үү?

– Тэнгис кинотеатрын хувьд тийм асуудал байхгүй. Манайх байгуулагдсан цагаасаа киног урлагынх нь хэмжээнд, монгол киногоо аль болох дэмжиж ажиллах бодлого барин ажилладаг. Сүүлийн 2,3 жилийн хугацаанд монгол кино урлагийн хувьд асар том тэсрэлт бий болсон. Үүний хүчинд өнөөдөр ийм том хэмжээний уран бүтээл төрөх боломжтой болсон нь баярлууштай. Монголын кино урлагын түүхэнд бас нэгэн том түүх бичиж байна гэсэн үг л дээ. Тэрийг үзэгчид үзэж байна, энэ л хамгийн гол нь. Хэн санхүүжүүлсэндээ биш.

Тэнгис кинотеарт кино үзэгчдийн хэдэн хувь нь зорьж очиж байгаа вэ, танай дээр судалгаа байдаг уу?

– Манайх найман жил өмнө байгуулагдсан, дэлхийн стандартад нийцсэн монголын хамгийн анхны кинотеатр. Тэр ч утгаараа монголын кино урлагтманлайлагч, тэргүүлэгч компани нь байсан, байсаар ч байгаа. Тиймээс ч үзэгчдийн 55-60 хувь нь манайхыг зорин ирж үйлчлүүлдэг. Зах зээлийнхээ дийлэнх хувийг эзэлж байгаагийн хувьд бусад кинотеатрууддаа үлгэр дууриал үзүүлж явдаг. Урьд нь Тэнгис кинотеатр гадны хөрөнгө оруулалттай байсан бол 2011 оноос 100 хувь монгол компани болсон.

Тэгвэл үзүүлж байгаа киноны хувьд монгол гадаад гэсэн харьцаа нь ямар байгаа вэ?

– Анх байгуулагдахдаа дан холливудын кино гаргадаг байсан бол сүүлийн жилүүдэд үзүүлж байгаа киноны 70 хувийг монгол кино эзэлж байгаа. Энэ бол асар хурдан хугацаанд хийгдэж байгаа өөрчлөлт. Учир нь монгол кино их хийгдэж байгаа учраас тэднийгээ дэмжих үүднээс холливудын кино захиалгаа багасгаж байгаа. Тэрний хүчинд кино урлагийг ойлгодог бизнесменүүд, сангууд бий болж, төр засаг ч их анхаарч үздэг болсон байна. Үүнийг дагаад уран бүтээлийн чанар чансаа ч мэдэгдэхүйц дээшилж байгааг үзэгчид мэдэж байгаа байхаа.

Танд баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *