Эх орны ирээдүй оюутан залуусын АСК-ын аваргууд тодорлоо

0

Эх орны ирээдүй оюутан залуусын АСК-ын аваргууд тодорлоо

Эх орны ирээдүй оюутан залуусын АСК-ын аваргууд тодорлоо

Оюутан залуусыг мэдлэг оюун, сэтгэлгээ, авхаалж самбаа, авъяас билэг, ур чадвар зэрэг бүхий л талаар өрсөлдүүлдэг нэгэн тэмцээн бол “АСК” гэдгийг эрхэм уншигчид маань андахгүй биз ээ. Өнгөрсөн Бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр “АСК-2011” тэмцээний ялагчид тодорлоо. Тэмцээнд 50 гаруй их, дээд сургууль оролцсноос шилдэг гуравт СЭЗДС-ийн “Санхүүгийн шонхорууд”, ШУТИС-ийн “Супер инженерүүд”, Идэр дээд сургуулийн “Happy Lions” багууд тунан үлдсэн билээ. Эдгээрээс “АСК 2011” тэмцээний аваргаар “Санхүүгийн шонхорууд” шалгарч Амжилтын төлөө хамтдаа гэсэн уриан дор үйл ажиллагаа явуулж байгаа Yндэсний шилдэг үйлдвэрлэгч UFC группээс 10 сая төгрөгийг гардан авсан юм.
Оюутан залуус “АСК” тэмцээнийг 2009 оноос л эхэлсэн хэмээн эндүү бодох нь бий. Гэтэл “Авхаалж сэргэлэнчүүдийн клуб” нэртэйгээр 1970-1980-аад он хүртэл зохион байгуулагдаж байсан ажээ. Хожим 1990 оноос “ДЭВЖЭЭ” нэртэйгээр зохиогдож байгаад хэсэг хугацаанд завсарласныг санаж байгаа байх.
Харин энэхүү цэнгээнт нэвтрүүлэг, залуусын тэмцээнийг МYОНТВ, “UFC” групп хамтран хоёр жилийн өмнөөс дахин эхлүүлсэн билээ. Тэмцээний хөтлөгч гэхээр А.Мөнхбаатарыг хэн ч хэлэх бол Ерөнхий ивээн тэтгэгчээр UFC группыг шууд л нэрлэнэ. Шагналын сангийн 14 сая төгрөгөөс дэд байранд орсон “Супер инженерүүд” багаараа гурван сая төгрөг, гуравдугаар байранд орсон “Happy Lions” нэг сая төгрөг тус тус авсан билээ.
Ялагч болсон “Санхүүгийн шонхорууд”-ын багийн гишүүн С. Болороотой ярилцаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.-Ялагч багаар шалгарснаа сонсоод тайзан дээр хамгийн түрүүнд баярын нулимс унагаж харагдсан. Тэмцээнд ялалт байгууллаа, баярын сэтгэгдлээ хуваалцаач?

-Бидний 11 сараас хойш өдөржин, шөнөжин бэлтгэл хийж, хичээн зүтгэсний эцэст өнөөдөр үр дүнг өглөө. Yнэхээр сэтгэл хөдөлж байсан, дүнгээ сонсох үнэндээ “аймаар” байдаг юм байна. Гэхдээ ялалтын амтыг мэдэрлээ маш их сэтгэл хангалуун сайхан байна.

-Танай багийнхан болон бэлтгэл сургуулилтыг хангаж өгсөн гэр бүл, багш нартаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Бид бүхнийг дэмжиж, амжилтын гол хөшүүрэг болсон сургуулийн хамт олон болон найз нөхөд, аав, ээж, гэр бүлийнхэндээ үнэхээр их талархаж, баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.

Мөн олон мянган оюутныг цуглуулж, өрсөлдүүлж, нэгэн зорилгод хөдөлмөрлүүлж чадсан зохион байгуулагч МYОНТВ болон Монгол орныхоо ирээдүй болсон оюутан залуус бидэнд бодитой дэмжлэг үзүүлсэн Yндэсний шилдэг үйлдвэрлэгч UFC группын хамт олондоо маш их баярлалаа. Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Ийнхүү ялагчдын сэтгэл догдолж, баяраа хэрхэн тэмдэглэхээ ярилцахаар сургуулийн зүг одсон бол Супер инженерүүд “Бид үнэхээр сайн байсан. Гэхдээ “Шонхорууд” илүү сайн байж чадлаа” хэмээн өрсөлдөгчиддөө баяр хүргэсэн юм. Харин “Happy Lions”-ууд “Хэдий түрүүлж чадаагүй ч гэсэн шилдэг гуравт үлдэнэ гэдэг багагүй амжилт, баяртай байна” гэсэн юм. Эдгээр цогтой, авхаалжтай, сэргэлэн залуусын сэтгэл зүтгэл, хичээл хөдөлмөрийг үнэлж, өнөөдрийг хүргэсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд СТА Г.Золжаргал сэтгүүлч удирдан ажиллаж, мэргэжлийн үүднээс үнэлгээ, дүгнэлт өгөх шүүхээр жүжигчин СТА Н.Онон, “Нисванис” хамтлагийн ахлагч Амгаа нар оролцсон билээ.

Тэмцээний талаар ерөнхий шүүгч Г.Золжаргалтай ярилцсан юм.

-Бүтэн зургаан сарын турш үргэлжилсэн “АСК 2011” тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллалаа. Энэ их ажлын ард гарахад сэтгэгдэл ямар байна?

– Өнгөрсөн жил анхны улирлын тоглолтууд эхэлж байхад сэтгэл дундуур байсан л даа. Харин энэ жилийн тоглолтуудыг харьцуулахад чанарын хувьд ч, тооны хувьд ч тэр толгой илүү байлаа. Тэгэхээр жил ирэх бүр илүү болно гэдэгт найдаж байгаа. Анхандаа манай залуус зөвхөн дуулдаг, бүжиглэдэг байсныг энэ чинь “Авхаалж сэргэлэнчүүдийн клуб” шүү гэж шүүмжилж байсан.

Тэгвэл энэ жилээс өгсөн сэдвийн дагуу нийгмийн, залуусын өөрсдийн асуудлыг уран сайхны аргаар, хөгжилтэй, хурц, хошин байдлаар илэрхийлж, олон жил алдагдсан тэр авхаалж сэргэлэнчүүдийн гэх үндсэн утгатайгаа илүү ойртож ирсэн.

Хоёрдугаарт, оюутнууд үнэхээр шилдэг, сэргэлэн цовоо авъяастнуудаа шилж, түүж баг бүрдүүлсэн нь энэ жил илт мэдэгдэж байна. Энэ бол их ололт юм.

50 гаруй их, дээд сургуулийн оюутнуудыг бүхэлд нь хамарна гэдэг бол цаагуураа нийгмийн ач холбогдол өндөр л дөө. Зөвхөн сургууль, мэргэжил сурталчлах биш Монгол залуус юу сэтгэж, ямар авъяастай байна гэдгийг дэлгэн харуулах зорилго АСК-д байдаг. Тиймээс 21-р зууны эхний 10 жилийн залуу үе ийм болсон байна шүү гэдгийг л 2,7 сая үзэгчдэд байнга харуулах ёстой.

Тэгэхээр энэ жил зорилгоо сайн биелүүллээ гэж ойлгож болно. Тэмцээн маань уйлж, дуулж, баяр гуниг дүүрэн байх тусам илүү сонирхолтой болж байна.

-Нэвтрүүлгийг үзэж байхад дугаар болгоноос илүү чанартай, дэвшүүлж байгаа санаа нь ч жинтэй, хүчтэй байсан. Авхаалж сэргэлэнчүүдийн клуб цаашдаа яаж үргэлжлэх вэ?

-Ер нь 1968 онд анх эхлүүлэхдээ л Монголын залуучуудын шилдэг сайн нэвтрүүлэг байгаасай гэж л эхлүүлсэн. Хожим гуч, дөчин жилийн дараа ч гэсэн тэр чинээгээрээ үргэлжлээд явна гэдэг бол эргэлзээгүй.

Гол горхи, бороо цас тасарч байна аа л гэдэг, оюун санаагаараа бүтээсэн энэ үйлс тасрахгүй байгаасай л гэж бодож байна. АСК бол монголын залуучуудын таних тэмдэг юм.

-Монгол залуусын дунд маш өрсөлдөөнтэй, өргөн хүрээтэй ийм нэвтрүүлэг, тэмцээн зохион байгуулж байгаагаараа оролцогч байгууллагууд бол нийгэмдээ их тустай үйлс хийж байна гэж ойлгож болох уу?

-Олон ч телевизээр шоу, нэвтрүүлэг явагддаг. Нэг нь дуулуулж, нөгөөх нь уйлуулж, нөгөө нь зургаа дахь мэдрэхүйг нь шалгаж, өрсөлдүүлж байна. Гэтэл оюутан бол ажилтан биш, ажилгүй хүн биш, харин эх орны оюун ухаан юм л даа. Оюун ухаан учраас оюунаараа өрсөлдөх давуу чанартай юм. Сайхан дуучинтай болж болно оо, сайн оюунлаг хүнтэй болох нь улс орны хувьд зайлшгүй байх ёстой юм. Цаашдаа ч үл тасалдаж болох тийм л зүйл юм л даа. Бусад нэвтрүүлгээс ялгарах чанар нь бол илүү оюунлаг гэж хэзээ ч хэлэх байна.

Дөч гаруй жилийн турш явуулж байгаа энэ нэр хүндтэй АСК тэмцээнийг дахин сэргээхэд боломж олгосон, санхүүгийн дэмжлэг үзүүлж, оюутан залуусын оюуны сэтгэн бодох чадварыг уралдуулах, нийгэмд болж буй үйл явдлыг ард түмэнд бодитоор харуулах, шударгаар өрсөлдөх боломжийг олгож байгаа UFC группын хамт олонд их, дээд сургуулийн удирдлагууд, оюутны холбоод, мянга мянган оюутан залуусын өмнөөс баярлалаа гэж хэлье. Хэдий санаа нь байлаа ч яг одоо явах хөлгүй бол бид яах билээ дээ. Тиймээс цаашдаа хамтран илүү хамтарч ажиллаасай, үйл ажиллагааг минь үргэлж дэмжиж байхыг хүсч байна. Та бүхэнд ч бас баярлалаа.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *