
Аварга том модон баримлуудаараа алдартай зураач Gabor Miklos Szoke Европт хамгийн томд тооцогдох шувууны хөшөө бүтээжээ. Унгарын алдарт хөл бөмбөгийн клуб FTC-д зориулан бүтээсэн энэхүү аварга бүргэдийн баримлын дэлгэсэн далавчны нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл 16 метр, өндөр нь 8 метр, жин нь 15 тонн юм байна. Зураач эрхэм энэ удаад модыг бус өөр төрлийн материал болох зэвэрдэггүй ган төмрийг баримлынхаа үндсэн түүхий эдээр сонгожээ. Энэ нь түүний хувьд анх удаагаа зэвэрдэггүй ган төмрөөр бүтээл урлаж байгаа хэрэг төдийгүй түүний бүтээсэн хамгийн том баримал болж байгаа гэдгээрээ онцлог юм.
Эхнээсээ дуусах хүртлээ 7 сарын хугацааг хамарч, инженер гагнуурчин зэрэг 100 гаруй хүний хөлс хөдөлмөрийг шингээсэн аварга том төмөр бүргэд 5000 ширхэг олон талт ган төмөрнөөс бүрджээ. Олз руугаа довтолж буй бүргэдийн олз нь амьтан бус бөмбөг бөгөөд бүргэдээр хүсэл зориг, эрх чөлөө, ер бусын тоглолтыг илэрхийлсэн байна.







