
“The Simpsons” цуврал хүүхэлдэйн кино маш олон шүтэн бишрэгчидтэй. Гэхдээ уг цувралд Мельбурд амьдардаг 52 настай Майкл Бакстер шиг үнэнч фен ховор байх. Тэрээр хайртай дүрүүдийн шивээсээр биеэ бүрэхийн тулд маш их мөнгө, цагийг зарцуулжээ. Хоёр зуу гаруй шивээс бий. Энэ ч үзүүлэлтээрээ дэлхийн дээд амжилт тогтоосон байна.
Шоpонгийн хуяг хийдэг энэ эр өөрийгөө “The Simpsons”-ы үнэнч шүтэн бишрэгч гэдгээ баталлаа.

Майкл Бакстер ойролцоогоор 12,000 австрали доллар, 130 орчим цагийг шивээс хийлгэхэд зарцуулжээ. Жейд Бакстер-Смит гэх нэртэй тату мастераар шивээсээ хийлгүүлсэн байна.

“Би ямар нэгэн этгээд гоё зүйлтэй болохыг хүссэн, өөр хэний ч толгойд орж ирэхээргүй тийм л зүйл хийлгэхийг хүссэн”.
Симпсоны шивээстэй эр өөрөө 10 гаруй жилийн турш шивээс сонирхох болжээ. Гэхдээ “The Simpsons” бол цоо шинэ төсөл, бүтэн жилийн турш 15 үе шаттайгаар хэрэгжиж дууссан гэж хэлж болно.

“Нэг төрлийн донтoлт гэж хэлж болох юм. Ганц шивээс хийлгэхэд л дараагийн шивээсээ хийлгэхийг хүснэ”
Майклын бие дээр хүүхэлдэйн киноны зөвхөн гол дүрүүд болох Хомер, Марж, Барт, Лиза болон Мэгги нар дүрслэгдээд зогсохгүй мөн бусдад танил болсон дүрүүд, газрууд ч буужээ.

Дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд австрали эр Майкл Бакстерийн бие дээр нэг хүүхэлдэйн киноны маш олон дүрийн шивээс байгааг баримтжуулж дэлхийн дээд амжилтаар бүртгэн авсан байна. Тийм ээ, ийм төрлөөр бас нэр дэвшиж болдог байх нь ээ.

Энэ шивээснийх нь ачаар Майклыг одоо дэлхий дахинаараа таних болсон.

“Намайг гадуур явж байхад олон хүн таньдаг. Найз нарт маань ч их таалагддаг. Шивээснүүд нь их гоё гэдэг, ялангуяа шууд амьдаар нь үзэж байгаа хүмүүс. Эхнэр Шэрин, миний охид Мишель, Ребекка хоёрт их таалагддаг даа. Харин миний 7 настай зээ хүү Коэн, мөн 5 настай зээ охин Мила хоёр бол бүр үлгэрийн юм шиг л хүлээж авдаг”

Уг бүтээлд тату мастер Жейд багагүй хувь нэмэр оруулсан нь дамжиггүй. Бүсгүй олонд танил болсондоо эхлээд багахан зовдог байсан бол одоо дасаж эхэлжээ. Майклтай цуг нэг биш удаа тату-үзэсгэлэнд ч оролцжээ. Учир нь Майкл бол түүний хувьд хамгийн шилдэг “зотон” болохоор тату-мастерын хувьд сайн сурталчилгаа болно, тэгээд ч нэг сэдвээр уран бүтээлээ үргэлжлүүлэн бүтээх нь түүний хувьд том аз ажээ.
Уншигч та шивээсний талаар ямар бодолтой байдаг вэ?







