
1939 оны 5-р сард анх Детектив комикс гарч ирсэн Batman-ы дүр өнөөгийн кино болон комик ертөнцийн хамгийн алдартай, нөлөө бүхий дүрүүдийн нэг. 75 жилийнхээ ойтой золгож буй Batman түүнээс ч урт настай байсан юм болов уу? Магадгүй бүр МЭӨ 2000-аас МЭ 1500 онуудад оршин тогтнож байсан Маяа соёл иргэншилтэй ч холбогдох урт настай байсан байж ч болох. Үүнийг дараах зургуудад харуулжээ.
Үнэн хэрэгтээ дээрх зургууд дээрх Маяагийн бурхан гэгдэж буй Batman нь энэхүү дүр бүтээгдсэний 75 жилийн ойд зориулан Мексикийн уран бүтээлч Kimbal-ын өөр 29 уран бүтээлчтэй хамтран бүтээсэн бүтээл юм. Тэдэнд Warner Home Entertainment Mexico ба Mexican Museum of Design-аас цулгай цагаан Batman-ы баримал өгснийг Маяагийн хуяг дуулга, чимэглэл сэлтээр өвч бүрхсэнээр дээрх бүтээл бий болжээ.
Kimbal хэлэхдээ Маяагийн сарьсан багваахай бурхан Camazotz гэж байсныг Batman-ыхаа сэдэл болгосон гэсэн байна. Тэрхүү бурхны нэр нь Гватемалын Маяа хэлээр бол “Үхлийн сарьсан багваахай” гэсэн утгатай үг аж. Мезоамерикийн үед сарьсан багваахай нь шөнө, үхэл, харанхуй, газар доорх ертөнц, амин өргөл, хүйтэн цэвдэг гэсэн бүхэнтэй холбогддог байжээ.







