Энэтхэг эр өөрийн мөрөөдөл болсон “Титаник” хэлбэртэй байшингаа 13 жилийн турш барьжээ

0

Энэтхэгийн Баруун Бенгал мужид амьдардаг фермер эр 1912 онд мөсөн уултай мөргөлдөж сөнөсөн алдартай усан онгоц “Титаник”-ыг санагдуулам хэлбэртэй байшин барих мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэсээр байна.

Бенгалийн Даржижлин дүүргээс гаралтай Минту Рой Калькутэд амьдарч байхдаа л багаасаа Титаникийн хэлбэртэй байшинд амьдрах мөрөөдөлтэй байжээ. Дурга-пужа их наадмын үеэр пандал их гүн сэтгэгдэл үлдээсэн. Пандал – шашны баярын үеэр бурхдад мөргөх гэж түр босгосон байгууламжууд. Тухайн үед Титаник хэлбэртэй пандал барьсан нь Рой өөртөө яг ийм байшинтай болох мөрөөдлийг бий болгосон байна. Рой өнөөдөр 52 настай ч мөрөөдлөөсөө огт буцсангүй, Даржилин дахь өөрийн “Титаник”-ийг барьж дуусгах ажилд харин ч хичээнгүйлэн ажилласаар л байгаа юм.

“Би бага насаа ер нь л Калькутын Боубазар дүүрэгт өнгөрөөсөн. Бага насандаа үзэж харсан тэр л Дурга-пужа надад хамгийн их гүн сэтгэгдэл үлдээжээ. Бурхны баяр дууссан ч гэсэн хүмүүс тэр л пандалд мөргөх гэж цуварсаар л байлаа. Би ч гэсэн өөртөө яг ийм байшин барих хүсэлтэй үлдсэн” хэмээн Минту Рой энэтхэгийн сэтгүүлчдэд ярьсан байна.

odditycentral.com

Рой ажил, сайхан амьдралтай болох гэж Энэтхэгийн олон муж, хотуудаар явсаар эцэстээ Баруун Бенгальд суурьшиж тэндээ мөрөөдлийн байшингаа барьж эхэлсэн гэдэг. Титаник хэлбэртэй байшин барьж өгөх хүн олоход даанч амаргүй байв. Ихэнх инженерүүд түүний саналыг хүлээж авсангүй, түүний мөрөөдөлд итгэж хамтран ажиллахыг зөвшөөрсөн хэд нь хэтэрхий өндөр хөлс шаардаж байсан гэдэг. Харамсалтай нь фермерт тэдэнд төлөх мөнгө байхгүй. Тийм учраас өөрөө байшингийн зураг төслөө гаргаж өөрөө барихаар шийджээ.

Балбад чулуугаар байшин барих нарийн ур чадвар, мэдлэгт суралцахаар гурван жилийг өнгөрөөжээ. Ингээд Минту Рой гурван давхар мөрөөдлийнхөө байшингийн ажилд орлоо. Тэр цагаас хойш 13 жил өнгөрсөн байна. Учир нь байшинг бушуухан барьж дуусгахад санхүү дутагддаг. Гэхдээ л мөрөөдлийнхөө байшинд гэр бүлтэйгээ амьдрах болно гэдэгт итгэсээр л яваа.

“Бид байшинд яг хэдэн төгрөг орох тооцоо хийгээгүй л дээ. Ямартай ч одоогийн байдлаар ойролцоогоор 15 лак (182,000 ам.доллар) зарцуулаад байна. Бид их ядуу амьдралтай, охиноо төрсний дараа газар түрээсэлж тэндээ ногоо тариалах болсон” гэж Минтугийн эхнэр Ити ярьжээ.

odditycentral.com

“Титаник”-ийн шүтэн бишрэгч ойрын жилүүдэд байшингаа барьж дуусгана гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд тэндээ жижигхэн ресторан эсвэл дээд давхарт нь нэмэлт орлого олох ямар нэгэн үйлчилгээ нээх төлөвлөгөөтэй ажээ. Одоогийн дуусгаагүй байдлаараа гэхэд л байшин нь 12 метр урт, 4 метр өргөн, 9 метр өндөр байгаа юм. Энэ дүүрэгтээ л жуулчдын очиж үзэх дуртай газруудын нэг болж, сэтгүүлчдийн хөл ч тасрахгүй. Тэд бүгд Минтугийн барьж байгаа байшингийн зургийг дарахын зэрэгцээ сурвалжлага авдаг ажээ.

52 настай фермерийн хэлж байгаагаар бол Титаник байши нь дотор талдаа гаднах байдал шигээ бас л сүртэй гэжээ. Дотор засал чимэглэл: ёслолын гоёмсог шат, нарийн ур хийцтэй модон засал чимэглэл, модон хүрд зэргийг бүгдийг урлахаар төлөвлөсөн байна.

“Энэ бол миний нөхрийн мөрөөдөл, тэгэхээр миний бас бидний хүүхдүүдийн ч мөрөөдөл гэсэн үг юм. Бид бүгд туслахыг хичээдэг” гэж Минтугийн эхнэр нөхрөө дэмжин ярина.

“Холын газраас ирж бидний барьж байгаа байшингийн зургийг авахад бид их баярладаг. Сэтгүүлчид ч гэсэн бидэн рүү ярьж сурвалжлага авья гэдэг юм. Аавынхаа мөрөөдлийг биелүүлэхийн тулд би санхүүгээр дэмжихийг хичээдэг” гэж Минтугийн хүү Киран хэлсэн байна.

7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *