
“John Wick 4” киног нээлтээ хийхээс ердөө 7 хоногийн өмнө 60 насандаа зуурдаар таалал төгссөн жүжигчин Ланс Реддикийн араас гашуудаж байгаагаа жүжигчин Киану Ривз илэрхийлээд, удахгүй нээлтээ хийх шинэ бүтээлээ түүнд зориулж байна хэмээн мэдэгджээ.

2002-2008 оны хооронд үзэгчдийн хүртээл болсон “The Wire” цувралаараа алдаршсан жүжигчин Ланс Реддик 2014 оноос Киану Ривзийн хамтаар “John Wick” кинонд дүр бүтээж байсан билээ.

Түүний үхлийн талаарх мэдээ ил болмогц жүжигчин Киану Ривз болон найруулагч Чад Стахелски нар мэдэгдэл хийж, “Дотны нөхөр, түшигтэй хамтрагчаа бид алдлаа. Түүн шиг мэргэжлийн ур чадвартай нэгэнтэй хамтран ажиллахад таатай байдаг байдаа. Түүний гэргий Стефани болон хүүхдүүд, төрөл төрөгсөд бүхэнд нь эмгэнэл илэрхийлж байна. Шинэ бүтээлээ түүний гэгээн дурсгалд зориулж байна” хэмээн мэдэгджээ.

“Lionsgate” студийн зүгээс ч урт хугацаанд хамтран ажилласан чадварлаг жүжигчнээ алдаж байгаадаа харамсаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд “John Wick-ийн ертөнцийг Ланс Реддикгүйгээр төсөөлөхийн аргагүй” хэмээн өгүүлжээ.







