Хүүхэд нь дутуу мэндэлсэн эцэг эхэд нэгэн нялх охин жинхэнэ сэтгэлийн тэнхээ бэлэглэжээ. Төрөөд дөнгөж тав хонож буй Фрея охины инээмсэглэсэн гэрэл зураг дэлхий дахинд маш хурдтай тарсан юм. Охин аав Дэвид, ээж Лорен Винье рүү харан нүүр дүүрэн инээмсэглэнэ. Түүнийг одоо “дэлхийн хамгийн аз жаргатай хүүхэд” гэх болжээ. Фрея 2014 онд Талархлын баярын өдөр мэндлэхдээ дөнгөж 1,7 кг жинтэй байжээ. Дөнгөж төрсөн хүүхдийн дундаж жин 2,5–5 кг байдаг.
2 охины ээж Лорен ярихдаа:
“Би охинтойгоо ярилцаж байхдаа: “За, хоёулаа аавдаа зураг явуулах уу?” гээд гэрэл зураг дарахад тэр нүүр дүүрэн инээмсэглэсэн юм. Энэ л гэрэл зургийг би хүмүүстэй хуваалцах дуртай. Тухайн үед миний сэтгэлийг ямар их догдлуулсан гэж санана. Би зургийнхаа нэг хувийг эмнэлгийн сувилагчид өгсөн юм. Дараа нь хоёр дахь охиноо төрүүлэхээр эмнэлэгт ирэхэд өгсөн зураг маань амралтын өрөөний хананд өлгөөтэй хэвээрээ л байна лээ”.
Лорены жирэмслэлт бусдын адил амар байсангүй. Жирэмсний 28 дахь долоо хоног дээрээ преэклампстэй тэмцэж эхэлжээ. Энэ нь жирэмсний үед цусны даралт ихсэх нэгэн төрлийн хүндрэл юм. Хэвлийд бойжиж буй үрийн зүрхний цохилт удаашралтай байсан учраас яаралтай хийсвэр хийхэд хүрчээ. Бяцхан Фрея мэндэлсний дараа бүх айдас арилсан гэдэг. Тийм ч учраас Лорен хүүхэд нь хугацаанаасаа өмнө төрсөн эцэг эхчүүдэд урам зориг өгөхийн тулд охиныхоо гэрэл зургийг Birth Without Fear (“Айдасгүй төрөлт”) блогоор дамжуулах хуваалцах болжээ.
Тэр цагаас хойш Фреягийн нүүр дүүрэн инээмсэглэсэн гэрэл зураг дэлхий дахинд хурдтай тарж эхэлсэн юм. Түүний зургийг Фейсбүүк дээр байрлуулснаас хойш 35 мянган шейр хийгдэж, 300 мянга гаруй хүн лайк даржээ.
Нар сар шиг гэрэлтэх Фрея өнгөрсөн оны 10 дугаар сард 8 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. “Үнэнийг хэлэхэд, тэр минь бидэнд ирсэн хамгийн том бэлэг. Дэлгүүр ороход тэр хамгийн эелдэг нь, хажуугаар өнгөрөх хүн болгонтой мэндэлдэг.
Их хөгжилтэй бас хамгийн аз жаргалтай хүүхэд. Тэр гэрэл зураг дээр төрөөд дөнгөж л 5 хоногтой байсан, түүний араншин гэрэл зурагнаас шууд харагдаж байгаа биз дээ? Тэр л охин хэвээрээ, огт өөрчлөгдөөгүй. Аз жаргалыг бүрэн мэдрэх тэр л охин хэвээрээ” гэж Лорен ярьжээ.
Хугацаанаасаа өмнө хүүхэд минь төрөх вий гэж айж суугаа аав, ээж болгонд зориулсан гэгээлэг нийтлэл байсан гэж бид найдаж байна. Та бүхэндээ аз жаргал хүсье.