Биедээ ганц ч грамм өөхний хуримтлалгүй залуу: үнэндээ юу хамгийн чухал болохыг эргэцүүлж бодоход хүргэх нэгэн онцгой хүний түүх

0

Гуалиг, туранхай байх моод олон төрлийн хоолны дэглэмийг бий болгож, богино хугацаанд өөрийгөө цэгцлэх хэв маягийг тогтоожээ. Үүнтэй зэрэгцэн багагүй асуудал үүснэ: өөрийгөө голохооргүй галбиртай хүмүүс, ялангуяа бүсгүйчүүд микро өөхний давхаргыг хайлуулах зорилгоор өөрийгөө өлсгөж, эцэс сүүлд нь гүн сэтгэл гутралд орох нь элбэг. Үнэндээ бодит биш гэмээр. Зарим нэг цөөн тохиолдол нь бүр анорексид хүргэнэ.

Харин энэ залуу уг нь ганц, хоёр килограмм нэмсэн бол зүгээр байсан юм. Даанч амьдрал тэр болгон боломжийг хүн бүрд өгдөггүй нь харамсалтай. 1,9 метрийн өндөртэй залуу ердөө 66 кг жинтэй. Үүнээсээ болоод эцэж турсан шоpонгийн xоригдол шиг л харагдах ажээ. Ёстой л ясан дээр нөмөрсөн арьс гэмээр. Арьсны цаана дотор эрхтэн, булчин. Ингээд л болоо. Түүнд ямар ч өөх байхгүй. Байхгүй гэдэг үгний шууд утгаар бүр юу ч байхгүй.

miloserdie.ru

Ийм хүн дэлхий дээр үсрээд л гарын арван хуруунд багтахаар тоологдоно. Угтаа бол ямар ч асуудал байгаагүй ажээ. Хүү 1989 онд Англид төрж, таван нас хүртлээ бусад хүүхдүүдийн л адил хөөрхөн хайр татсан цэнхэр нүдтэй хүү байв. Балчир бие өсөхийн хэрээр жин нь ч гэсэн нэмэгдэх ёстой байтал Том Стэнифорд турж эхэлжээ. Бэлгийн бойжилтын үе дээр ирэхэд залуугаас ердөө араг яс, арьс л үлдэв. Дээрээс нь сонсголын асуудал, гэнэт чихрийн шижин оношлогджээ. Уг нь чихрийн шижин өвчин нь жингийн дутагдалтай биш харин илүүдэл жинтэй хүмүүст оношлогддог.

Олон удаагийн шинжилгээний ачаар өсвөр насны хүүгийн бие махбод өөх тос огт шингээхгүй байгааг олж тогтоож чадсан юм. Мөн ууж идсэнээ ч хуримтлуулах чадваргүй. Ийм тохиолдолд санаагаар унаад бууж өгөхөөс өөрцгүй. Гэхдээ Том өөрөөр шийджээ: гэрээсээ гарч унадаг дугуй худалдаж авсан юм.

udiwis.ru

Өөрийгөө сатааруулах гэнэтийн санаагаа л шууд хэрэгжүүлсэн нь тэр. Төмөр хүлэг нь түүний амьдралыг аварч, түүнийг эрс өөрчилж чадсан юм. Стэнифорд одоо паралимпийн тамирчин болсон, унадаг дугуйны тойрог трекийн аварга. Энэ төрлийн спорт нь түүний хувьд мах цусны тасархай нь болжээ. Дугуй унахгүй болбол гар, хөлгүй л болсон мэт санагдана.

Өөхгүй амьдрал ямар байдаг бол? Энэ талаар Том олон цаг ярьж чадах ажээ. Зовлонг нь өөрийнхөө биеэр мэдэрсэн хүн шүү дээ. Унахад ямар их өвддөгийг тэр мэдэрсэн. Жирийн хүн унахад түүний өөхний давхарга нь зөөлөвч болж өгдгийг та мэдэх үү? Харин Томд биднийх шиг зөөлөвч байхгүй. Уналаа гэхэд түүний яс хуурай мөчир шиг л хугарна. Бас өөхөн давхаргагүй болохоор их даардаг. Тийм учраас хувцсыг яг л байцаа шиг давхарлаж өмсдөг, зуны халуун улиралд ч ноосон оймс өмсөхийн зэрэгцээ биеийн хэмээ байнга хянаж байх ёстой. Ингэж л амьдарч байна. Явахад их хүндрэлтэй. Хөлийн уланд ч гэсэн өөхөн давхарга байхгүй учраас тэр.

Жирийн хүн өглөө босоод ажил, сургуульдаа явахад 30 минут л хангалттай байдаг бол Томд хэдэн цаг зарцуулахад хүрнэ. Иллэг хийнэ, үе мөчөө халааж сунгана. Өөхөн давхаргагүй тул үе мөчний хөдөлгөөн сааждаг ажээ. Хөдлөхгүй бол зэвэрч өгөрсөн Төмөр хүн шиг л болохоор.

miloserdie.ru

Томын тохиолдол эмч нарын сонирхлыг ихэд татдаг. Тэд залуугийн шинжилгээний хариу болгоныг сайтар судалдаг болсон бөгөөд адил төстэй хүмүүсийг олж шалтгааныг тогтоохын тулд ойрын хамаатан саднуудын ДНХ-г шинжлэхээр шийджээ.

2kgamer.com

Шалтгааныг ч олсон байна. 2013 онд Том албан ёсны оноштой болж чадсан – MDP хам шинж. Уг өвчин үнэхээр генийн гаралтай болох нь тогтоогдсон. Ген түүний эцгийн биед үр тогтоохоос өмнө “эвдэрчээ”. Тиймээс урьдчилан таах, урьдчилан анхаарах боломж даанч байгаагүй байна. Хэдий хязгаарлагдмал хөдөлгөөнтэй ч гэлээ ийм хүмүүс бусад хүмүүсийн адил амьдардаг. Оюун ухааны өндөр чадамжтай (Том их сургуулийн хууль зүйн факультетыг дүүргэсэн, одоо тоон маркетингийн салбарт ажиллаж байна). MDP хам шинжтэй хүмүүсээс хамгийн ахмад нь 65 настай. Энэ нь жирийн гентэй, мутацигүй бидэнд ч өндөр нас.

dailymail.co.uk

Том энэ жил 33 нас хүрсэн, Лондонд амьдарч байна. Ажил хийхийн зэрэгцээ сайн үйлсийн сангуудад туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Өөртэй нь адилхан оноштой хүмүүст амьдрал үүгээр дуусахгүй гэдгийг ойлгуулахын тулд өөрийнхөө амьдралаас ч хуваалцдаг ажээ.

blogspot.com

Том гэр бүл зохиогоод 7 жил болжээ. Элистэй сошиал сүлжээнд байрлах унадаг дугуйны форум дээр танилцсан гэдэг. Залуу өөрийнхөө оношийг бүсгүйд шууд л хэлсэн. Танилцаад уулзаж эхлэх үед зөрөх хүмүүсийн харц бүсгүй дээр ихэд гайхан тусдаг байжээ. Элисийн хайрт залуу түүнийг хайр халамжаар дутаахгүй бөөцийлөх тул бусдын харц ямар байгаа нь түүнд огтхон ч хамаагүй.

dzeninfra.ru

Хосын хайр цугтаа дугуй унахаар ч илэрнэ. Дараагийн эргэлтэд тэднийг шинэ, хурц үйл явдал хүлээж буй. Бие махбод галзуурч доголдсон ч гэлээ санаагаар унах хэрэггүй, харин ч өөрийнхөө хүслээр амьдрах ёстойг Том өөрийн биеэр баталж чадсан юм. Амьдрал – харахыг хүссэн тийм л байдалтай байх ёстой. Аз жаргалтай байхын тулд зүгээр л амьдар.

6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *