
Энэ дэлхий дээрх хүн бүр цор ганц. Бүр тантай хамтдаа бага насаа өнгөрүүлж, нэгэн дээвэр дор өссөн ах дүүс ч өөр хоорондоо ялгаатай байдаг билээ. Тэгвэл сэтгэлзүйчид хүнийг төрсөн дарааллаар нь чухам ямар зан араншинтай хүн болж өсдөг талаар ийнхүү өгүүлдэг ажээ.
Айлын хэд дэх хүүхэд болж төрөх нь тухайн хүний зан араншинд нөлөө үзүүлдэг.

Сэтгэл судлаач Алфред Адлер хүүхэд бага насандаа хэнтэй, хэн болж тоглож байсан нь тухайн хүний сэтгэлзүйд нөлөө үзүүлдэг ба иймээс айлын хэд дэх хүүхэд болж төрөх хүний зан араншинд ул мөрөө үлдээдэг хэмээн үзэж байжээ.
Айлын бага хүүхэд гэрийнхээ хамгийн хөгжилтэй нэгэн болж өсдөг.

Алфред Адлерын энэхүү онол өнөөг хүртэл хүчтэй дэмжигдсээр буй ажээ. Их Британийн YouGov судалгааны компани 18-аас дээш насны 1782 хүнийг хамруулсан нэгэн судалгаа хийжээ. Ингэхдээ тэд судалгаанд хамрагдсан хүмүүсийг ах эгч нартайгаа өөрсдийн сэтгэлзүйг харьцуулах даалгавар өгчээ.

Судалгааны үр дүнд айлын бага хүүхдүүдийн 46 хувь нь өөрсдийгөө ах, эгч нараасаа илүү хөгжилтэй гэж тодорхойлсон бол 42 хувь ах, эгч нараасаа өөрийгөө илүү тайван хэмээн тодорхойлжээ. Харин айлын том хүүхдүүдийн 54 хувь нь өөрсдийгөө дүү нараасаа илүү хариуцлагатай, илүү эмх цэгцтэй хэмээн хариулсан бол 38 хувь нь өөрийгөө илүү амжилттай нэгэн хэмээн тодорхойлсон байна.
Айлын том болон дунд хүүхдүүдэд ч өөрийн гэсэн тодорхойлолт бий.

Айлын бага хүүхдүүд ихэвчлэн хошин шогийн өндөр мэдрэмжтэй байдаг бол ууган хүүхдүүд аливаа зүйлд илүү үүрэг хариуцлагатай, хянуур нэгэн болох хандлагатай байдаг аж.

Айлын бага хүүхдүүд аливаа зүйлсийг ах, эгч нараасаа өөрөөр сэтгэж, өөрийгөө тэднээс өөрөөр ойлгуулахыг эрхэмлэдэг бөгөөд тэднээс илүү сэтгэл хөдлөлтэй, бүтээлч сэтгэхүйтэй байх нь элбэг.

Харин айлын дунд хүүхдүүдийн хувьд ах, эгч нарын адил үүрэг хариуцлага хүлээх чадвар өндөр, бусадтай харилцах чадвар сайтай, нийтэч нэгэн болон өсөх магадлал өндөртэй байдаг ажээ.

Тэгвэл айлын ганц хүүхдүүдийн хувьд эцэг эхийнхээ бүх анхаарлын төвд өсдөг тул эрх танхил боловч тун ухаалаг, хэрсүү, аливаа зүйлд идэвхтэй, амжилттай нэгэн болох магадлалтай байдаг байна.







