Одоо бараг бүх л кинонд CGI ашигладаг болсон: цаад талын дүр зургийг өөрчилнө, жүжигчнийг нэг бол хөгшрүүлнэ эсвэл залуужуулна. Харин блокбастер дээр компьютероор бүхэл бүтэн үйл явдлыг “зурдаг”.
The Dark Knight Rises
Кристофер Нолан орооцолдсон ээдрээтэй үйл явдал өгүүлэх кино бүтээдгээрээ алдартай. Түүнийг гоц ухаантан гэж нэрлэх болсон нь зөвхөн үүнтэй холбоотой төдийгүй компьютер графикгүйгээр бүтээж болохооргүй хэсгийг ч бүтээж чаддагтай нь холбоотой.
“The Dark Knight Rises” киноны онгоцтой хэсгийг эхэлж павильонд аваад дараа нь компьютер графикаар янзалсан гэж бодогдмоор. Нисэж байгаа онгоцноос нэг нэгээрээ унах энэ хэсгийг бүтээхэд үнэндээ ямар ч компьютер график ашиглаагүй юм, зөвхөн орлон тоглогчид л ур чадвараа гайхуулсан хэрэг.
“Transformers: Dark of the Moon”
Майкл Бэй өөрийн кинондоо компьютер график ашиглахаас огт цааргалдаггүй хүн. Ялангуяа “Transformers” кинондоо: маш их тусгай эффекттэй, маш их АНУ-ын далбаатай – үүгээрээ Бэй өөрийгөө болон киноны дүрүүд эх оронч гэдгээ илэрхийлэхийг зорьдог.
Гэхдээ компьютер графикгүй бүтээсэн хүнд үзүүлбэрүүд түүний кинонд бий. Онгоцноос үсрээд вингсьютуудын араас нисэх цэpгүүд бол үнэндээ орлон тоглогчид юм. Эцсийн дэлбэpэлтийг зурахад хүрсэн нь үнэн л дээ, гэхдээ тусгайлан сургагдсан мэргэжлийн орлон тоглогчдын хүнд үзүүлбэрийг үнэлэх ёстой. Хамгийн сонирхолтой нь, үсэрч байгаа тэр хэсгийн зураг авалтыг орлон тоглогчдын хамгаалалтын дуулга дээр суурилуулсан камераар бичиж үзэгчдэд үсэрч байгаа бодит мэдрэмжийг хүргэжээ.
“The Lord of the Rings”
Одой эсвэл жижигхэн биетэй дүрүүдэд урьд нь үнэхээр одой жүжигчдийг сонгодог байсан. Даанч гадаад төрхөөс нь болоод хоббитод тохирох жүжигчид олдсонгүй. Тийм учраас “The Lord of the Rings” ч тэр, “The Hobbit”-д ч тэр ердийн өндөртэй жүжигчид тоглосон, зарим нэг нь бүр ердийнөөс ч илүү өндөр. Бүх зүйл зураг авсан өнцөг, байрлалаас шалтгаалжээ. Камер, жүжигчдийг зогсоосон байрлал: бараг адилхан өндөртэй жүжигчдийг нэг нь том, нөгөө нь хүүхэд шиг жижигхэн биетэй харагдахаар хооронд нь зайтай зогсоодог ажээ. Гэхдээ “The Hobbit”-ын зураг авалтын үеэр Питер Жексон энэ аргаасаа татгалзаж жүжигчдийн зураг авалтуудыг тус тусад нь хийсэн байна.
“Spider-Man”
“Spider-Man” киноны нэгдүгээр анги дээр гарах Питер Паркер шиг тавагтай хоолыг поднос дээр тосч авах боломжгүй мэт санагдана. Үнэндээ боломжтой юм, гэхдээ нарийн арга ашиглаж байж л – тэр бол соронз. Поднос, хоолтой аяга, таваг бүгд соронзтой.
Сэм Рэйми энэ удаад компьютер график ашиглахгүй байхаар шийджээ. Мөн хоёрдугаар анги дээр ч гэсэн тусгай эффект ашиглаагүй хэсэг бий – Оттогийн тэмтрүүлүүдийн хөдөлгөөн буюу хүмүүс алсын удирдлагаар тэмтрүүлийг удирдаж байсан гэнэ. Хоол поднос дээр унадаг хэсгийн зураг авалтыг амжилттай болгохын тулд Тоби Магуайр 155 удаа дубль хийсний эцэст 156 дээр нь амжилттай гүйцэтгэж чаджээ. Кирстен Данс 156 дахь дубль дээр хэлэх үгээ мартсаныг эс тооцвол энэ удаагийн зураг авалт амжилттай дууссан гэдэг.
“Iron Man 3”
Компьютер графикгүйгээр хэн амьдарч чадахгүй вэ гэвэл Marvel кино студи гэж хүн болгон хариулна. Тэд боломжтой хэсэг болгон дээр байнга үүнийг ашигладаг. Зарим нэг хэсэг дээр жүжигчид нь дүрийнхээ хувцсыг ч өмсөхгүй мэдрэгчтэй тусгай өмсгөлтэй л алхаад байх нь тэр. Жишээ нь, “Avengers: Endgame” киноны цаг хугацаагаар аялахад өмссөн бүх цагаан өмсгөлийг бүгдийг нь компьютер графикаар хийсэн юм. Жинхэнэ үйл явдлын тухайд бол яриад ч хэрэггүй. “Ойлгомжтой, бүх үйл явдлыг компьютер гарфикаар гаргасан” гэж шүтэн бишрэгчид бодох биз.
“Iron Man 3” кинонд Тони Старк нисэж байгаа онгоцноос унах хүмүүсийг авардаг хэсэг бий. Энэ уналт жинхэнэ, харин Төмөр хүн болон унаж байгаа хүмүүст Red Bull Skydiving Team-ийн орлон тоглогчид тогложээ. Энэ баг зөвхөн киногоор шүтэн бишрэгчдээ баярлуулаад зогсохгүй мөн өөрсдийн галзуу нислэгээ харуулах олон бичлэгээр баярлуулдаг.
“Mission: Impossible”
Том Крузын тоглосон “Mission: Impossible” кинонуудад онцгой анхаарал хандуулбал зохино. Учир нь тэр хүнд үзүүлбэр болгоныг өөрөө гүйцэтгэдэг. Бодит амьдрал дээр байж боломгүй үзүүлбэрийг үзүүлж байгаагаараа тэрээр өөртөө том эрсдэл үүрч байгаа юм.
Киноны хоёрдугаар анги дээр жүжигчин хамгаалалтын олсоор бэхлэгдэн өндөр хадан ууланд авирдаг. Эрүүл саруул ухаантай хэн ч түүн шиг ингэж авирахгүй байх. Том Круз тавдугаар анги дээр онгоцноос дүүжлэгдээд өндөрт нисдэг. Энэ үед жүжигчний аюулгүй байдлыг бүхий л талаас нь хангасан нь ойлгомжтой. Түүний нүд, чихийг бөглөсөн учраас тэрээр юу ч харж, сонсохгүй байжээ. Жүжигчний мэдэрсэн цорын ганц зүйл гэвэл онгоцны хөдөлгүүрээс үсрэх жижигхэн чулуунууд нүүр амыг нь цохиж байсан гэдэг. Дөрөвдүгээр анги дээр Дубай дахь Бурж Халиф цамхаг дээр хэдэн өдрийн турш авирчээ. Учир нь камер суурилуулсан нисдэг тэрэг хотын агаарын замд өдөрт ердөө гучхан минут л нисэх зөвшөөрөлтэй байсан юм.
Зөвхөн Том Крузийн аюулгүйн бүсийг арилгах гэж л эдгээр хэсгүүдэд компьютер график ашиглажээ.