
Чухам ямар байдлыг дур булаам гэх вэ гэсэн сэдэв шинжлэх ухааны хүрээнд ч таамаглахад хүндхэн сэдвүүдийн нэгт тооцогддог билээ. Хэн нэгний хувьд шооч байдал дур булаамд тооцогдох бол нөгөөд нь өөртөө итгэлтэй байдал эсвэл гадаад төрх нь дур булаам хэмээн тооцогдох нь бий. Хүний нүүр царайны хувьд нүүр дээрх сорви ч нэг талаар тухайн хүнийг дур булаам харагдах шалтгаан болох явдал байдаг ажээ.
Нүүрэн дээрх сорви эр зориг, хүч чадлыг илэрхийлнэ.

Өмнө нь нүүр дээрх сорви нь барууны соёлд тийм ч эерэг мэдрэмж төрүүлдэггүй байсан бол дорнын соёл иргэншилд эр зориг, хүч чадлыг илэрхийлдэг байжээ. Тэгвэл өдгөө барууны орнуудад нүүрэн дээрх сорви нь эр хүнийг илүү дур булаам болгодог хэмээн үзэх болсон нь судалгаагаар харагджээ.
Түүх, уламжлал сөхвөл Бразил болон Венесуэль улсын нутагт аж төрөх Ямомами овгийнхон нүүрний сорвийг жинхэнэ дaйчин эрийг илэрхийлэх шинж хэмээн ихэд үнэлдэг ажээ.

Сорвитой эрчүүд эмэгтэй хүний нүдэнд цэвэрхэн арьстай залуусыг бодвол илүү эршүүд, зоримог сэтгэгдэл төрүүлдэг аж. Гэвч урт хугацаандаа сорви нь эмэгтэй хүний анхаарлыг тийм ч их татахаа больдог байна.
Сорви бол кино урлагт муу залуусыг илтгэх гол шинж тэмдэг

Кино урлагт муу залуусыг бусдаас илүү дур булаам, романтик болгон харуулах нь бий. Тухайлбал “Lethal Weapon 3” кинонд жүжигчин Rene Russо-ын тоглосон дүр шархадсан жүжигчин Mel Gibson-ын дүрд эмчилгээ хийж байх үед нэгэндээ сорвио харуулж буй үзэгдэл тухайн үеийн үзэгчдийн анхаарлыг ихээр татаж байсан гэдэг. Түүнчлэн “Jaws” кинонд жүжигчин Robert Shaw-ын бүтээсэн ахмадын дүр жүжигчин Richard Dreyfus-ын бүтээсэн дүртэй өөрсдийн аварга загаст хазуулсан сорвио харьцуулан ярьж буй үзэгдэл, “Vikings” цуврал дээрх сорвиор өөрийгөө чимсэн залуус гэх мэт бүсгүйчүүдийн харааг булаасан сорвитой эрчүүдийн үзэгдэл их гардаг билээ.
Сорви эр хүнийг чимдэг гэдэгтэй та санал нийлэх үү?







