Нэн ховор төрлийн “эрт хөгшрөх” өвчний улмаас 16 настай охин хоёрхон жилийн дотор эмээ шиг болтлоо өөрчлөгджээ

0

Өдгөө дөнгөж 16 настай Райзел Калаго охин прогериа хэмээх ховор төрлийн өвчний улмаас өөрийн наснаасаа 4 дахин хөгшин харагдах болжээ. Үзэсгэлэнтэй, өсвөр насны цовоо охин байсан тэрээр энэхүү өвчний улмаас ердөө хоёрхон жилийн дотор эмээ шигээ харагдах болж, хүмүүс ч эмээтэй нь андуурах явдал гарах болсон аж. Биеэр нь тууралт гарч эхэлснээс хойш хэдхэн хоногийн дараагаас нүүрэнд нь үрчлээс сууж, биеэр гарсан загатнасан тууралт нь хүрэх төдийд л маш ихээр өвдөж эхэлсэн тул тэрээр эмчид ханджээ. Тухайн үед түүнийг ямар нэгэн шавьжид хазуулсан хэмээн оношлож, эмчилгээ бичиж өгсөн ч үр дүнд хүрээгүй байна. Ийнхүү байдал улам дордсоор удалгүй танихын аргагүй болтлоо өөрчлөгджээ.

Түүний ээж 36 настай Жоела охиныхоо талаар, “Хүмүүс охин чинь чамаас хөгшин харагдаж байна гэж хэлэх үед л үнэхээр хэцүү санагдаж байлаа. Түүнийг нас биед хүрч, хичнээн үзэсгэлэнтэй болох талаар төсөөлдөг байсан надад энэ их хүндээр туссан. Хөөрхөн охин минь одоо өөрийн наснаасаа хэд дахин хөгшин харагдаж байна” хэмээн ярьжээ. Ийнхүү гадаад төрх нь асар их өөрчлөгдсөн охин найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэхээ больж, амны хаалтгүйгээр хэнтэй ч уулзахаа больжээ.

Тэрбээр, “Хүмүүс надаас яагаад ийм өөр болчихсон талаар их асуудаг. Гэвч би өөрөө ч надад юу тохиолдсон талаар мэдэхгүй байхад яаж ийм асуултанд хариулж чадна гэж?” хэмээн GMA Network хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ийнхүү өөрт нь чухам юу тохиолдоод байгааг ойлгохгүй хүнд байдалд орсон Райзел охин саяхан “Kapuso Mo, Jessica Soho” нэртэй телевизийн шоунд оролцох үеэрээ Жеймс Яанг хэмээх даавар судлаачтай ярилцаж, үзлэгт оржээ. Үзлэгийн эцэст Жеймс Яанг охинд эрт хөгшрөх синдром буюу прогериа гэх өвчний оног тавьсан байна. Энэхүү өвчин нь үрчлээс суух, цагаасаа эрт хөгшрөх байдлаар илэрдэг бөгөөд цаашилбал зүрх зогсох, цус харвах зэрэг амь насанд халтай аюулд ч хүргэх эрсдэлтэй байдаг ажээ.

Харамсалтай нь энэ өвчинд эмчилгээ байдаггүй тул зүрх судасны хүндрэл, үе мөчний өвчнөөс сэргийлэх эмчилгээ хийлгэхийг л зөвлөдөг байна. Райзел охины гэр бүлийн хувьд тэдгээр эмчилгээний зардлыг төлөх санхүүгийн боломжгүй учраас сайхан сэтгэлт хүмүүсээс хандив цуглуулж эхлээд байгаа аж.

16
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *