Хүмүүсийн хамгийн их хэрэглэж буй мэс заслын цэнхэр амны хаалт нь ковидоос хамгаалахад ердөө 10%-ийн үр дүнтэй болохыг шинэ судалгаагаар баталжээ

0
  • Ватерлоогийн Их Сургуулийн судлаачид хүмүүсийн хамгийн их хэрэглэж буй цэнхэр амны хаалт халдварын эсрэг 10% хамгаална гэжээ.
  • Ингэхдээ тэд энэ төрлийн амны хаалт нь нүүрийг зохистой хааж чаддаггүй талаар дурдсан байна.
  • N95 болон KN95 загварын амны хаалтнууд агаар дуслын замаар халдах халдварыг хамгийн сайн хамгаалж байгаа аж.
  • Түүнчлэн судалгаагаар өрөө, тасалгааны агааржуулалт халдварын эрсдлийг бууруулахад өндөр үр нөлөөтэй байгаа нь ажиглагдсан байна.
  • Ийнхүү дельта хэлбэрийн коронавирус тархсан улс орнуудад амны хаалтны талаар маргаан үргэлжилсээр байна.

Нэгэн судалгаагаар ковид-19 өвчний эсрэг мэс заслын цэнхэр амны хаалт үр дүн маш бага байгааг тогтоожээ. Түүнчлэн Канадын Ватерлоогийн Их Сургуулийн судлаачид N95 болон KN95 загварын амны хаалт амнаас ялгарч буй бичил дуслыг хамгийн сайн хязгаарлаж байгааг дурдсан байна.

Хүмүүсийн хамгийн түлхүү хэрэглэж буй мэс заслын цэнхэр болон энгийн даавуун амны хаалт нь халдварын эсрэг ердөө 10%-иар хамгаалж байгаа аж. Тус судалгааны удирдагч Serhiy Yarusevych хэлэхдээ, “Ямар ч төрлийн амны хаалт зүүсэн тухайн орчны агаар сэлгэлт, хүн хоорондын зайнаас хамаарч тодорхой хэмжээний хамгаалалт үүсгэнэ. Гэхдээ нэр дурдсан амны хаалтнуудын тухайд хоорондоо асар том ялгаатай байна” хэмээжээ.

Мөн тэрээр мэс заслын цэнхэр амны хаалт нь N95 зэрэг амны хаалтнуудтай харьцуулахад нүүрийг зохих ёсоор бүрэн хааж, чанга барьж чаддаггүй гэжээ. Ийнхүү хүний нүүр болон амны хаалтны дунд гарсан завсар хэсгээр вирус чөлөөтэй гарч байгаа нь халдвар ихээр тархах нэгэн шалтгаан болж байгааг онцолсон байна.

Түүнчлэн, “Эмч нар N95 болон KN95 зэрэг загварын амны хаалт зүүж байгаагаас л харахад ойлгомжтой зүйл гэж хүмүүс бодож болох юм. Харин бид энэ судалгаагаараа нарийн дүн шинжилгээ хийж, тоо баримтаар гаргаж ирсэн нь гол юм. Халдвар тарах магадлалыг бууруулах бас нэгэн гол xүчин зүйл бол агаар сэлгэлт гэдгийг хэлмээр байна” гэжээ.

Энэ сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Joe Biden-ийн цар тахалтай тэмцэх албаны зөвлөх, тархвар судлаач Michael Osterholm даавуун амны хаалт үр нөлөөгүй тул хүмүүс N95 загварын амны хаалт зүүж хэвших хэрэгтэй гэдгийг мэдэгдээд байсан билээ.

Тэрбээр, “Бид тун хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Вакцин яагаад хийлгэх хэрэгтэй гэдэгт ч хүмүүс эргэлзэж эхлээд байна. Бидний зүүж буй энгийн амны хаалт вирусын тархалтыг хязгаарлахад төдийлөн үр дүнтэй биш байгааг хэлэх хэрэгтэй” хэмээсэн юм.

Мөн албаныхны мэдээллэж буйгаар дархлаажуулалтад хамрагдсан хүмүүс хөнгөн хэлбэрээр өвчлөх боловч вирус тээгч болж болно гэжээ.

Саяхан Флорида болон Техас мужид анги танхимд амны хаалт зүүх журмыг халах талаар хэлэлцүүлэг өрнөсөн ч мужийн дээд шүүхийн зүгээс амбан захирагч Грег Абботтын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргаад байгаа юм.

Техас мужийн амбан захирагч Грег Абботт амны хаалт зүүх журмыг халах талаар Бүгд Найрамдах Намын гишүүдийн хамт хэлэлцүүлэг өрнүүлж, хүсэлт гаргаад байсан юм.

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр сурагчид ийнхүү амны хаалттай хичээлд оржээ.

Грег Абботтын хувьд өнгөрсөн мягмар гарагт халдвар авсан нь батлагдсан байна. Харин сургуулийн болон орон нутгийн удирдлагууд тархаад буй дельта хэлбэрийн вирусийн давалгаа хурдацтай нэмэгдэх эрсдлээс эмээж байгаа талаар мэдээ гараад буй юм. Гэсэн ч сурч мэдэх насан дээрээ яваа хүүхдүүдэд амны хаалттай ангид суух нь сэтгэлзүйн хувьд дарамт болно гэж үзэх хүмүүс байсаар байгаа аж. АНУ-ын Техас мужийн хувьд өнгөрсөн бямба гарагт нийт 19,000 тохиолдол нэмж бүртгэгдэж, 190 хүн эндсэн тоо баримт гарсан байна. Харин Флорида мужийн хувьд өнгөрсөн 7 хоногт нийт 150,000 хүн халдвар авч, 1500 нaс баралт бүртгэгджээ.

4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *