Олон цагаар цэвэрлэгээ хийж өөрийгөө ядраахыг хүсдэггүй хүн бүрд хэрэг болох Скандинавчуудын гэрээ цэвэр цэмцгэр байлгадаг 10 нууц

0

Хэрэгцээгүй эд хэрэглэл худалдаж авахаа больж, зай талбайг аль болох оновчтой байдлаар ашиглаж, яарч сандарч явахаас илүү тайван, тухтай байдлаар аливаа асуудалд хандаж сурч байгаа зэрэг бидний амьдралд Скандинавчуудын амьдралын хэв маягаас нэвтэрч байгаа зүйлс маш олон бий. Харин тэд чухам ямар аргаар цаг үргэлж цэвэрхэн, тохилог, хүн амьдрахад тааламжтай орчныг бүрдүүлж чаддаг юм бол? Манай сайт уншигч танд Дани, Норвеги, Швед тэргүүтэй Скандинавын хойгийн орнуудын гэр орноо цэвэр тохилог байлгадаг 10 нууцыг хүргэхээр бэлдлээ.

1. Цэвэрлэгээг тусдаа ажил гэж тэд үздэггүй

© Depositphotos.com

Тэд цэвэрлэгээ хийхдээ өдөр цаг гаргаж төлөвлөдөггүй бөгөөд өдөр бүр тодорхой орон зайг өөр ажил хийж байх явцдаа бага багаар цэвэрлэж хэвшсэн байдаг ажээ. Тухайлбал:

  • Өрөө дамжиж явахдаа тухайн өрөөнд байх ёсгүй зүйлсийг гаргаж тавих.
  • Цай буцлах хооронд гал тогооны өрөөний шалаа шүүрдэх.
  • Дуртай киногоо үзэх зуураа хувцсаа индүүдэх.
  • Утсаар ярих үеэрээ тоос шороогоо арчиж цэвэрлэх гэх мэт аль болох өөрт төвөггүйгээр гэрээ цэвэрлэхийг эрхэмлэдэг байна. Энэхүү дадлыг өөрийн болгож хэвшүүлснээр тодорхой хугацааны дараанаас гэр цэвэрлэж байгаагаа ч өөрөө анзаарахаа больдог аж.

 

2. Халууны улиралд гэр орноо илүү их давтамжтай цэвэрлэдэг

© Unsplash, © Unsplash

Скандинавын хойг өвлийн улиралд нарны гэрэл маш бага хардаг бол зуны улиралд халуу шарж эхэлдэг цаг ууртай. Иймээс ч зуны улиралд Скандинавын хойгт маш урт өдөр үргэлжилдэг ажээ. Скандинавчуудын ахуй амьдрал судлаач, нийтлэлч Rebecca Thandi Norman нэгэнтээ, “Скандинавын хойгийн ард түмэн зуны улиралд гэр орноо маш олон давтамжтай цэвэрлэдэг. Учир нь өдөр урт үргэлжилж буй нөхцөлд эд хэрэглэл хурдан бохирдож эхэлдэг” хэмээсэн байдаг.

 

3. Орчиндоо тохирсон хивс хэрэглэх

© Depositphotos.com © Depositphotos.com

Lagom: The Swedish Art of Living a Balanced, Happy Life номын зохиолч Niki Brantmark Скандинавын хойгийнхон шалаа бүрэн хивсээр хучих тун дургүй талаар ярьж байжээ. Тэд өрөөндөө бүхэлд нь хивс дэвсэх нь хүний эрүүл мэндэд сайн биш ба модон шалтай бол түүн дээр хивс дэвсэх шаардлагагүй гэж үздэг байна. Гэсэн ч өрөөнийхөө аль нэг хэсэгт жижиг хэмжээтэй олбог эсвэл хивс дэвсэхийг xориглодоггүй ажээ. Энэхүү уламжлал нь шал цэвэрлэхэд илүү хялбар болгоод зогсохгүй гэр доторх агаар цэвэр байх нөхцлийг бүрдүүлдэг байна.

 

4. Эд хэрэглэл хураах, агуулах газрыг сайтар тооцож авч үздэг

© Depositphotos.com © Depositphotos.com

Орчин үеийн барилга, орон сууц, Скандинав хэв маягийн сууцнуудад нэг ижил нийтлэг хэв шиж ажиглагдах болсон нь шүүгээ байршуулах газар багатай, эд хогшил хураах газаргүй байдаг явдал юм. Мэдээж хүн амьдрах газарт бүхий л хэрэгцээт зүйлсээ хурааж тавих орон зай хэрэгтэй боловч мининмалтист хэв маягаар амьдарч хэвшсэн тэд өөрт чухал хэрэгцээгүй зүйлсийг худалдаж авдаггүй аж. Түүнчлэн аливаа орон сууцанд орохдоо хамгийн түрүүнд өөрийн эд зүйлсийг хаана хэрхэн байршуулах боломжтой байгаа талаар хардаг байна.

 

5. Дэрээ гадаа гаргаж гөвдөг

© Benita Larsson / YouTube

Дээр үед хүмүүс орны цагаан хэрэглэл, дэр гэх мэт зүйлсээ гадаа гаргаж гөвж цэвэрлэдэг байсан ч орчин цагт ийм үйлдэл хийх нь зохимжгүй мэт болсон билээ. Гэвч Скандинавчууд тэдгээр үйлдлийг өдөр тутамдаа хийдэг бөгөөд ялангуяа дэрээ гадна байгалийн гэрэлд гаргаж цэвэрлэн, хүний биеэс шингэсэн үнэрийг нь ийнхүү гадагшлуулдаг ажээ. Ийнхүү гадаа гөвж цэвэрлэсэн дэрээ тоос сорогчоор мөн соруулж бохирдлыг нь авдаг гэнэ.

 

6. Хувцас хэрэглэлээ зохистой өмсөж чаддаг

© Unsplash

The Gentle Art of Swedish Death Cleaning: How to Free Yourself and Your Family from a Lifetime of Clutter номын зохиогч Margareta Magnusson Скандинавын хойгийн ард түмний хувцас хэрэглэлээ хэрхэн сонгож өмсөж, хурааж янзалдаг тухайд, “Хэрвээ бид нaс бaрчихвал бидний хувцас хэний мэдэлд очих болж байна? Үүрд мөнх амьдрахгүйгээс хойш хүнд тийм их хувцас хэрэггүй байдаг. Өмсдөггүй хувцас хэрэглэлээ хадгалаад байх нь ч утгагүй хэрэг. Мэдээж дурсгалтай эд зүйлсээ хадгалдаг ч хэрэгцээгүй зүйлсээсээ тэр даруйдаа салж чаддаг нь гол онцлог юм” хэмээжээ.

 

7. Цэвэрлэгч бодисын хэрэглээ маш бага

© Depositphotos.com

Бид долоо хоног бүр цэвэрлэгээ хийхдээ угаалгын шингэн ихээр хэрэглэдэг билээ. Гэвч скандинавчуудын хувьд эд хэрэглэлээ өдөр тутамдаа арчиж дадсан байдаг тул угаалгын шингэн хэрэглэх хэмжээний их бохирдол төдийлөн их үүсдэггүй аж. Тэд зөвхөн шаардлагатай тохиолдолд л угаалгын шингэн ашигладаг гэнэ.

 

8. Цагаан өнгийн хэрэглэл хэрэглэхээс бүү ай

© Unsplash, © Depositphotots.com

Цагаан өнгийн алчуур сонгож хэрэглэх явдал бидний хувьд тийм ч түгээмэл биш байдаг. Энэ нь ч цагаан өнгийн алчуур маш хурдан бохирдож, мууддаг гэх бодолтой шууд холбоотой. Гэвч үнэн хэрэгтээ бараан өнгийн алчуур, хэрэглэл цагаан өнгөтэй хэрэглэлээс удаан бохирддог гэх ямар ч үндэслэлгүй. Зүгээр л бохирдсон, толбо суусан нь хүний нүдэнд харагддаггүйд л бүх учир байдаг билээ. Скандинавын хойгийн иргэдийн хувьд ор хөнжлийн хэрэглэл, хөшиг, алчуур зэрэг зүйлсийг цагаан өнгөтэй байлгахыг эрхэмлэдэг бөгөөд ингэснээр аливаа бохирдлыг цаг алдалгүй мэдэж, тэр даруйдаа цэвэрлэх нь зүйтэй гэж үздэгтэй холбоотой ажээ. Түүнчлэн цагаан хэрэглэлийг удаан хугацааны туршид цасан цагаан өнгөтэй хэвээр байлгахын тулд тэд 60 хэмийн халуун усанд угаагаад, хатаасны дараа дахин цэвэрлэдэг аж.

 

9. Модон эдлэлийг уламжлалт “савангийн арга”-аар өнгөлөг сайхан харагдуулдаг

© Popular Woodworking / YouTube, © Popular Woodworking / YouTube, © Popular Woodworking / YouTube

Скандинавын орнуудын барилга байшингийн эдлэл хэрэглэл ихэвчлэн модон материалаас бүтсэн байдаг. Тэд модон материалтай эд хэрэглэлээ шинэ мэт харагдуулахын тулд савангийн арга хэрэглэдэг байна. Ингэхдээ модон эдлэлээ савангийн хөөсөөр арчаад модонд шингэж хаттал нь байлгадаг аж. Энэ арга модыг яг л лак түрхсэн мэт сайтар хамгаалж, өнгө үзэмж нэмдэг гэдгээрээ алдартай.

 

10. Унтлагын өрөөг цэвэрлэх гэж төдийлөн их хичээдэггүй

© Depositphotos.com © Depositphotos.com

Тэд аливаа зүйлсийг төгс төгөлдөр байлгах гэж төдийлөн их хичээдэггүй. Олон хүмүүс ор хөнжлийн цагаан хэрэглэлээ индүүдэж, дэрээ угааж, өдөр бүр ор хөнжлөө эвхэж хурааж, ороо эмх замбараатай байлгах гэж маш их хичээдэг. Гэвч Норвеги, Дани, Шведийн иргэд эдгээр зүйлсийг төдийлөн их хийдэггүй бөгөөд байх зүйл байх ёстой газартаа байхад л хангалттай, тэр бүр бүх зүйл төгс эмх замбараатай байх албагүй гэж үздэг байна.

 

Бонус: Гэрийнхээ дотор заслыг улирал бүр шинэчилж байдаг

© Unsplash, © Unsplash

Тэд гэрийн дотор засал чимэглэлд цаг тутам шинэлэг зүйлс нэмж засах туйлын дуртай. Баримал, цэцэг, уран зураг гэх мэт зүйлсээр цаг ямагт гэр орноо чимэхийг урьтал болгодог боловч хананд өлгөж тогтоодог зүйлсээс татгалзах хандлага ажиглагддаг ажээ. Энэ нь гэр цэвэрлэх үедээ эд зүйлсийнхээ байршлыг чөлөөтэй сольж байрлуулах боломжийг олгохоос гадна улирал бүр гэрийнхээ дотоод заслыг өөрчлөх давуу талыг олгодог.

Скандинавчуудын энэхүү аргуудыг та өөрийн амьдралд нэвтрүүлж үзэхийг хүсч байна уу?

13
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *