
8 сартай нэгэн тоть 21 алмаз эрдэнэ залгиж амьтны эмнэлэгт хүргэгдсэн явдал саяхан гарчээ. Уг урт сүүлт тоть эзнийхээ үнэт эдлэлийн хайрцгийг нээгээд, алмазан чимэглэлтэй зүүлтний чулуунуудыг залгисан байна.
Уг явдал Тайландын Бангкок хотод болсон бөгөөд тоть тус чулуунуудын өвөрмөц төрхөнд татагдаж залгисан байх магадлалтай аж.

Эмч нар рентген зураг авч ходоодонд нь жижиг сувд мэт зүйлс байгааг олж тогтоосон аж. Улмаар эмч Kuntita Paveenasakorn үүнийг сувд биш 0.2 каратын 21 ширхэг алмаз эрдэнэ гэдгийг олж мэджээ.

Энэ тухай тэрээр, “Тоть шувуу гялалзсан зүйлд тун дуртай байдаг. Тиймээс ч үнэт чулуу залгисан тоть шувуунууд олныг харж байлаа. Гэхдээ энэ удаагийнх шиг ийм олон тооны, үнэ бүхий зүйлс залгисан явдал өмнө нь байгаагүй. Түүний ходоодонд орсон тэдгээр чулуунууд хурц өнцөгтэй тул ходоодыг нь гэмтээх эрсдэлтэй. Эзэн нь бидэнд авч ирж үзүүлээгүй бол ходоодыг нь шaрхлуулах байсан” хэмээжээ.

Улмаар шувуунд өвчин намдаагч хэрэглэж, 2 цаг орчим мэс ажилбар хийсний эцэст 21 алмаз эрдэнийг гарган авч чаджээ. Харин Frosty тотийн хувьд эмнэлэгт хамгийн багадаа 7 хоног байж, хяналтад байх шаардлагатай болсон гэнэ.
Ийнхүү бяцхан тоть шувуу энэ сарын сүүлээр эмнэлгээс гарах аж.







