
Бусадтай өөрийгөө харьцуулах нь сэтгэл зүйн хувьд сөрөг нөлөө дагуулдаг гэж үзэх хүмүүс бий. Гэсэн ч юм бүхэн хоёр талтай байдагчлан бусадтай өөрийгөө харьцуулж өөрөө өөрийгөө хурцлах, эерэг дадал зуршлыг өөрийн болгож хэвшүүлэх чухал эерэг нөлөөг бусадтай өөрийгөө харьцуулснаар олж авах боломжтой байдаг ажээ. Манай сайт уншигч танд бусадтай өөрийгөө харьцуулах нь эерэг үр дагавартай байдаг гэдгийг батлах 5 шалтгааныг хүргэж байна.
1. Улам илүү амжилтад хүрнэ

Өөрийгөө бусадтай харьцуулж, тэднээс үлгэр дуурайлал авч бүтээлч байдлаа нэмэгдүүлж, өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломж бий. Цуцалтгүй хөдөлмөрлөж амжилтад хүрсэн, тууштай хүмүүсээс сайн дадал зуршлыг нь өөрийн болгож хэвшүүлэхийг хичээх нь гол аж. Харин санхүүгийн хувьд өөрийгөө бусадтай жиших хэрэггүй бөгөөд хэрэв ийнхүү бодож эхэлбэл стресст орох магадлалтай. Үүний оронд та тэд чухам хэрхэн ийм хөрөнгө чинээтэй болсон тухай судалж, тэднээс суралцах нь илүү өгөөжтэй.
Гэхдээ та тэднийг зүгээр л дагаж дуурайх бус тэдний амжилтад хүрсэн арга замуудыг өөрийн амьдралд нийцүүлэн мөрдөх нь чухал.
2. Аливаад талархалтай хандаж сурна

Аливаа зүйлсийг илүү дээр байх ёстой гэж хичээж, хөдөлмөрлөж эхлэх үед бид өөрт буй зүйлсээ умартах хандлага ажиглагддаг. Харин тэдгээр үнэ цэнэгүй мэт бодогдох болсон зүйлсийг бусдын амьдралтай өөрийгөө харьцуулж үзсэнээр үнэ цэнийг нь ахин мэдрэх боломж болдог ажээ. Тухайлбал, та орох оронтой, идэх хоол хүнстэй байхад хэн нэгэнд энэ бүхэн байхгүй гэдгийг санаад үзээрэй.
3. Харамсах мэдрэмжээс ангид байхад тусална

Конкордиа Их Сургуулийн явуулсан судалгаагаар өөрсдийн харамсаж явдаг зүйлсээ бусдынхтай харьцуулах үед хүний сэтгэл санаа уужирч байдаг нь ажиглагджээ. Уг судалгаанд нас насны 104 хүн оролцсон бөгөөд тэд нэгэндээ өөрсдийн хамгийн их харамсаж явдаг зүйлсээ хуваалцсан аж. Ийнхүү өөрийнх нь харамсаж явдаг зүйлээс ч илүү таагүй мэдрэмж тээж явдаг хүмүүстэй таарах үед хүний сэтгэл санаа уужирч эхэлж байжээ.
Үүнийг нийгмийн харьцуулалт гэж нэрлэдэг бөгөөд хэн нэгэн өөрөөс нь доогуур амьдралтай эсвэл өөрөөс нь таагүй зүйлстэй учирч байсан гэдгийг мэдээд хүний сэтгэлзүй тайвширч, эерэг мэдрэмж төрж, өөртөө итгэх итгэл нэмэгддэг гэдгийг ийнхүү нотолжээ.
4. Аливаа асуудлыг шийдэхэд тусална

Өөрт тулгарч буй асуудлуудаа ижил нөхцөл байдалд орж үзсэн хүмүүсийн жишээтэй харьцуулж үзэх нь тухайн асуудлыг хурдан шийдэхэд тань туслах нэг арга болдог аж. Түүнчлэн бусдын алдааг судалж, өөртэйгөө харьцуулж байх нь таныг ирээдүйд ижил төрлийн алдаа гаргах, бүтэлгүйтлээс урьдчилан сэргийлэх боломжийг олгох болно.
5. Өөрийн алдаа дутагдлыг засах боломж болно

Бусадтай өөрийгөө харьцуулж өөрөө өөртөө итгэх итгэлийг олж авах бүрэн боломжтой байдаг ажээ. Жишээлбэл, та ичимхий, бүрэг даруу нэгэн бол бусадтай өөрийгөө харьцуулах замаар илүү нээлттэй, нийтэч нэгэн болох үүд хаалга үргэлж нээлттэй байдаг байна. Хэрэв та эсрэгээрээ нийтэч нэгэн бол бусдыг даган дуурайж өөрийн дутагдалтай талуудыг засах боломжтой. Эцэст нь хүний хувьслын гол шинж бол бусадтай өөрийгөө харьцуулах, түүнийг дагаж дуурайх чадвар гэдгийг санах нь зүйтэй болов уу.
Түүнчлэн хэн нэгний гаргасан таагүй зан авирыг харж, дүгнэлт хийсний үндсэн дээр өөрт буй тийм зан авирыг бусдад гаргахгүй байхад анхаарах зэргээр сөрөг үйлдлүүдээсээ ангижрах боломжтой.
Та өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулдаг уу? Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах үедээ ямар мэдрэмж авдаг вэ?







