90 настай Японы фитнес дасгалжуулагч багш Такимика. Тэрээр 20 настнуудаас ч илүү эрүүл чийрэг идэвхтэй амьдралын хэв маягтай нэгэн юм

0

Ихэнх 90 настнуудын хувьд алхах нь хүртэл хүндрэлтэй байдаг бол Такишима Микагийн хувьд фитнессээр хичээллээд зогсохгүй, фитнессийн багшаар ажилладаг ажээ. Нас бол тоо гэсэн улиг болсон үгийг бид олон сонсож байсан ч Такишима Мика буюу Такимикагийн хувьд энэ үгийг үнэхээр бодит зүйл гэдгийг батлаад зогсохгүй 20 настнуудаас ч илүү эрүүл чийрэг идэвхтэй амьдралын хэв маягтай нэгэн юм. Тэрээр Японы хамгийн хөгшин фитнесс багшаар нэрлэгддэг бөгөөд Азийн орнуудад өөрийн бие галбир, эерэг хандлага, сайхан инээмсэглэлээрээ чамгүй алдартай болоод байгаа билээ. Хамгийн сонирхолтой нь Такимика амьдралынхаа туршид ийм үлгэр жишээ нэгэн байгаагүй ажээ. Тэрээр харьцангуй хожуу буюу 60-аад наснаасаа эхлэн амьдралын хэв маягаа өөрчилж, бие галбиртаа өөрчлөлт гаргаж эхэлж байсан гэжээ.

Тухайн үед тэрээр илүүдэл жинтэй, дасгал хөдөлгөөн хийх хүсэлгүй нэгэн байжээ. Гэвч түүний нөхрийн түүний жингийн талаар хэлсэн цөөн хэдэн үгс түүнд маш хүчтэй нөлөөлж, 65 настай бүсгүйн амьдралыг орвонгоор нь өөрчилжээ. Тэрээр өөрийгөө хэзээ ч фитнесст явж, бэлтгэл хийнэ гэж төсөөлж ч байгаагүй боловч нөхрийнхөө хэлсэн үгэнд хүч орж, тэр даруйдаа бэлтгэл хийж эхлэхээр явсан түүхтэй.

Ниппон сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр, “Би тэр үед одоо өмсөж байгаа өмдний хэмжээнээсээ хоёр дахин том хэмжээтэй өмд өмсдөг байсан. Гэсэн ч би өөрийгөө илүүдэл жинтэй байсан гэж тодорхойлох тийм ч дуртай биш. Гэтэл тэр үед нөхөр маань миний биеийн талаар сэтгэгдлээ хэлэх үед л би өөрөө хичээх хэрэгтэй болсон гэдгээ ухаарсан юм” хэмээжээ.

 

Анх бэлтгэл хийж эхлэхдээ 15 кг жин хасах зорилготой байсан ч тэрээр фитнессээр хичээллэх шинэ хоббитой болж, өөрийгөө цаашид ахин сорих хүсэл эрмэлзэлтэй болжээ.

Энэ тухайд тэрбээр, “Би анх жин хасахын тулд л фитнессээр хичээллэж эхэлж байлаа. Хүссэн жиндээ хүрсний дараа надад яг л бразил бүсгүйчүүд шиг хөлтэй болж болох юм байна гэсэн бодол орж ирсэн. Бас л тэр бодлоо бодит болгож чадсан. Үүний дараа нарийхан бэлхүүс, өргөн мөртэй болох хүсэл тээж эхэлсэн юм. Улмаар аэробекийн багшаар ажиллаж эхэлсэн. Би өөрийгөө ийм амьдралаар амьдарна гэж төсөөлж ч байгаагүй” хэмээсэн юм.

Тэрээр 87 насандаа өөрийн багшийнхаа хүсэлтийн дагуу фитнессийн багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд тус фитнессийн эзэн, түүний дасгалжуулагч багшаар ажиллаж байсан Накасава Томохару түүний эерэг нөлөө, бэлтгэл хийх чин хүсэл эрмэлзэлтэй байдлыг зүгээр алдахыг хүсээгүй тул ийм санал тавьсан хэмээж байжээ. Ийнхүү фитнессээр хичээллээд 8 жилийн дотор тэрээр мэргэжлийн тамирчин болтлоо өсч дэвжсэн нь энэ аж.

Power Aging фитнессийн захирал Накасава түүний тухай, “Түүнээс бэлтгэл хийх чин хүсэл эрмэлзэл ханхалдаг гэж хэлж болно. Тэр заавар зөвлөгөөг маш сайн дагадаг, урт хугацаанд түүнийг дасгалжуулах явцдаа би түүнийг зүгээр нэг тамирчин гэж харах нь алдаа болно гэдгийг ухаарсан юм. Ингээд л түүнийг багшаар ажиллах санал тавьсан. Тэр эхэндээ хүлээж аваагүй ч, түүний гаргаж байгаа амжилт түүнийг багш болох болсон гэдгийг гэрчилж байлаа” хэмээн ярьжээ.

Цар тахлын улмаас тэрээр 7 хоногт нэг удаагийн хичээл орж, бэлтгэл хийж байгаа боловч хоолны дэглэм, нарийн бэлтгэлийн хуваарийн ачаар бие галбираа төгс хадгалж чадаж байгаа аж. Хэдийгээр 90 настай боловч тэрээр шөнийн 23 цагаас 03 цаг хүртэл 4 цаг л унтаж, сэрмэгцээ 4 км зайд алхаж, 3 км газар хөнгөн гүйж, 1 км газарт хойшоо алхах зэрэг дасгалууд хийж өдрийг эхлүүлдэг байна. Үүнийхээ дараа тэрээр эрүүл, тэнцвэртэй өглөөний цай бэлдэж уунгаа гэрийн ажлаа хийж, телевизор үзэх зэргээр цагийг өнгөрүүлдэг. Үүнийхээ зэрэгцээ тэрээр гэдэс таталт хийх, сунгалт хийх зэрэг дасгалуудыг мөн хийдэг гэжээ.

Өдрийн хоолны тухайд тэрээр хөнгөн хооллох дуртай байдаг аж. Учир нь эрчимтэй бэлтгэл хийсний дараа хүнд хоол идэх нь нойр хүргэх хандлагатай байдгийг тэрээр онцолсон байна. Оройн хоолондоо тэрээр эрүүл хүнсийг, хундага дaрстай хослуулж хэрэглэдэг бөгөөд унтах хүртлээ англи хэлний хичээл үзэж, дасгалжуулагчийн зааврын дагуу дасгал хийж, компьютер дээр ажиллаж цагийг өнгөрүүлдэг гэжээ.

Түүний энэхүү түүх Японд олон өндөр настнуудад хүрч, 80,000 орчим хүмүүс түүнээс үлгэр жишээ авч, фитнессээр хичээллэж, эрүүл мэнддээ анхаарч эхэлсэн тооцоо бий ажээ. Өдгөө тэрээр 100 нас хүртлээ фитнессийн багшаар ажиллаж, хүн бүрийг эрүүл, чийрэг болгоход анхаарч ажиллах зорилго өөртөө тавиад байгаа хэмээжээ.

1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *