Бусдыг үргэлж тэргүүнд тавьж, өөрийнхөө хэрэгцээг хойш тавьдаг хүний 10 шинж. Хэрхэн энэ байдлаа болих вэ?

0

Бусдыг аз жаргалтай болгож, нийгмийн харилцаанд эерэг хандлагатай оролцох нь маш сайн зүйл. Гэхдээ зөвхөн хэмжээндээ байсан тохиолдолд шүү дээ. Учир нь бүх хүмүүст таалагдах гэж хэт их хичээвэл эсрэгээрээ энэ нь хортой зуршил болон үлдэх эрсдэлтэй юм. Нэг л мэдэхэд та бусдыг жаргалтай болгохын тулд өөрийн хэрэгцээг хойш тавьж, хувийн цаг завгүй болж, сэтгэлийн дарамт мэдэрч эхэлсэн байх болно. Тиймээс бид танд зориулан өөрийгөө хүндэлж, өөрийнхөө мөн чанарыг үгүйсгэхгүй байхад тань туслах дараах зөвлөгөөг бэлтгэлээ.

1. Үгүй гэж хэлэхэд хэцүү байдаг уу?

Та цаг үргэлж л бусдад тус болохыг хичээдэг. Шалтгаан нь маш энгийн: та тэдний хүсэлтэд “үгүй” гэж хэлж чаддаггүй. Хэрэв та татгалзвал тэд уурлаж, таныг тэдэнд анхаарал хандуулахаа больжээ гэж хэлнэ гэж боддог. Түүнээс гадна “үгүй” гэж хэлэх нь танд гэм буруутай мэт таагүй мэдрэмж төрүүлдэг. Ингэснээр та өөртөө зарцуулах ёстой бүх чөлөөт цагаа хэн нэгний тусын тулд зарцуулах хэрэгтэй болдог.

Шийдэл: “Үгүй” гэж хэлэх нь ямар чухал гэдгийг ухамсарла. Эхэндээ маш хэцүү мэт санагдавч эргээд үр дүн нь танд таалагдах л болно. Чөлөөт цагаа өөртөө зориулах нь тийм ч хувиа хичээсэн зан биш шүү дээ. Тиймээс өөрийгөө хайрла, хүндэл.

 

2. Эргэн тойрныхондоо таалагдахыг хүсдэг

Үл ойшоох гэдэг бол бусдад таалагдахыг хүсдэг хүмүүсийн хувьд бараг л боломжгүй зүйл юм. Хэрэв хүмүүс танд дургүй болчихвол та ганцаараа үлдэнэ гэдгээс айдаг. Үр дүнд нь та өөрийн зан авирыг бусдад ашигтай байдлаар өөрчилж, юу ч хамаагүй хийж эхэлдэг. Харин үүнийг эргэн тойрны хүмүүс тань анзаарч таныг өөрт ашигтай зүйл хийхдээ ашиглаж магадгүй.

Шийдэл: Өөрийгөө бялдууч хүмүүсийн бай болж байгаа эсэхийг анзаар. Ихэнх хүмүүс бусдын цайлган сэтгэлийг өөрт ашигтай байдлаар ашиглахаас сийхгүй. Тэдний амнаас “Чи л үүнийг хамгийн сайн хийдэг” гэх мэт нялуун үгс гарч байвал таныг ашиглах зорилготой ашигч хүмүүс байна гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв та иймэрхүү зүйлийг олж анзаарвал өөрийгөө болон хувийн цаг хугацаагаа нэн тэргүүнд тавих нь дээр.

 

3. Бусдын сөрөг сэтгэл хөдлөл танд нөлөөлдөг

Зөрчилдөөнөөс зайлсхийж, аливаа зүйлийг хөнгөхөн хошигнол болгоод өнгөрөхөд буруу зүйл байхгүй. Гэхдээ бусдад таалагдахыг хүсдэг хүмүүс өөрсдөд нь ямар ч хамаагүй асуудал байсан ч ойшоохгүй өнгөрч чаддаггүй сул талтай. Бусдад таалагдах гэж амьдардаг хүмүүс бусад хүмүүс сөрөг сэтгэл хөдлөл гаргаж байгааг хараад хүмүүсийг өөрөөс нь болоод ундуйцаад байна гэж боддог. Тиймээс нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд өөр дээрээ бурууг авч бусад хүмүүсийг аз жаргалтай болгох арга хайж эхэлдэг.

Шийдэл: Хэдийгээр зөрчлөөс зайлсхийх боломжгүй ч зарим тал дээр ашигтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Сөрөг сэтгэл хөдлөл нь хүмүүст өөрсдийгөө илэрхийлэх, тэднийг зовоож буй олон зүйлийн талаар ярих боломжийг олгодог. Өөрийн болон бусад хүний мэдрэмжийг хүчээр дарах нь эрүүл бус бөгөөд бүх хүнд заримдаа зүгээр л уурлаад уураа гаргамаар үе байдаг.

 

4. Үргэлж гэмтэй мэт санагдаж, шаардлагагүй үед уучлалт гуйдаг

Хэрэв ямар нэгэн нөхцөл байдал төлөвлөсний дагуу болохгүй бол таны хийдэг анхны үйлдэл “Уучлаарай!” юу? Юу ч тохиолдсон хамаагүй та үргэлж өөрийгөө буруутгаж, үр дагаврыг нь засах гэж хичээдэг. Энэ нь эелдэг, найрсаг байх гэсэн дотоод хүслээс үүдэлтэй боловч эцэст нь ийм зан таныг өөртөө итгэх итгэлгүй, уучлал гуйдаг хорт зуршилтай болгож хувиргах болно.

Шийдэл: Хийж, хэлж, мэдэрч байгаа зүйлдээ анхаарлаа хандуул. Яг ямар үед уучлал гуйх ёстой гэдгийг сайтар тунгаан бод. Мөн тантай хамт байгаа хүн ийм үйлдэл гаргадаг бол анзаарах хэрэгтэй. Заримдаа зүгээр л зарим зүйлд өөрийгөө буруутгахаа больж цаг үргэлж хэн нэгэнд тайлбар тавьдаг зангаа болих хэрэгтэй.

 

5. Та өөрийн хэрэгцээ, хүслээ хойш тавьдаг

Та бусад хүн юу бодож байгаа бол гэж бодсоор байгаад өөрийнхөө тухай бодох ч завгүй яваа. Энэ нь та өөрийн сэтгэл хөдлөлөө хойш тавьж, яг одоо яг юу хүсэж байгаагаа мартдаг маш муухай чадвартай болжээ гэсэн үг. Тиймээс л та өөрийнхөө юунд дуртай, юу хүсдэг гэдгээ хормын дотор л мартаж орхидог. Ингэснээр чухам таныг юу бодож байна гэдэг бусдын хувьд оньсого болж хувирна гэсэн үг.

Шийдэл: Өөрийгөө илүү их сонс. Юу хүсэж байгаа, юунд дуртай гэдгээ олж мэд. Өөрийн үнэт зүйлс болон таныг аз жаргалтай болгодог зүйлсийг жагсааж бич.

 

6. Та авахаас илүү өгөхийг илүүд үздэг

Хүмүүсийг баярлуулахыг хичээдэг хүмүүсийн хувьд бусдын төлөө өөрийгөө золиослох нь хэвийн л үзэгдэл. Жишээлбэл, авахаасаа илүү өгөх хандлагатай хүний хувьд токсик үерхэл буюу хортой харилцаатай болох магадлал өндөр байдаг.  Магадгүй та бусад хүмүүс үүнийг анзаарч, талархах байх гэж найдаж магадгүй ч ихэнх хүмүүс танаас авч л сурсан болохоос таныг авах хэрэгцээтэй адилхан л хүн гэдгийг ухамсарлах ч үгүй.

Шийдэл: Өөрийн үнэт зүйлсийн талаар бод: танд юу хамгийн чухал гэдгийг тодорхойл. Бусад хүмүүст биш шүү. Хэрэв та бусдад туслах бүрэн боломжтой нөхцөл байдалд байгаа бол түүндээ цагийн хязгаар тогтоогоод үзэх хэрэгтэй. Жишээлбэл, Мягмар, Пүрэв гаргийн орой гэх мэт. Ингэснээр та өөрийн хувийн ажил, сонирхсон зүйлдээ зав гаргаж чадна.

 

7. Бусад хүмүүсийн мэдрэмжинд хариуцлага хүлээх гээд байдаг

Та найз нөхөд, гэр бүлийнхнийхээ сэтгэл хөдлөл, өөрчлөлт бүрийг анзаарч үргэлж санаагаа зовоож явдаг. Хүнд хэцүү үед та хэн нэгнийг тайвшруулж, тэднийг аз жаргалтай болгож чадахгүйдээ өөрийгөө буруутгаж магадгүй. Үнэндээ хүн бүр өөр өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж, хариуцлагаа өөрөө хүлээх ёстой.

Шийдэл:Зовнилоо нотлох” аргыг ашигла. Та бусад хүмүүс юу мэдэрч, юу хүсэж байгааг ойлгохыг оролдож болно, гэхдээ та үзэл бодолдоо хатуу зогсох хэрэгтэй. Жишээ нь: “Таныг яагаад уурлаад байгаа би ойлгож байна. Гэхдээ одоо миний хийж чадах зүйл бол зөвхөн хажууд чинь байх.” гэж хэлж болно.

 

8. Эргэн тойрны хүмүүстэйгээ таарамжтай байхыг хичээдэг

Бусдад таалагдахыг хүсдэг хүмүүс өөрсдийн жинхэнэ зан чанарыг бусдад харуулахаас айдаг. Үүний оронд тэд урсгалаа дагаж бусад хүмүүсийг аялдан дагахыг илүүд үздэг. Ингэснээр эргэн тойрныхоо хүмүүст илүү их таалагдаж, хүрээлэн буй орчноо илүү тухтай болгож байна гэж боддог.

Шийдэл: Бусдын хажууд өөрийнхөөрөө байж сур. Хэдийгээр бусдын санаа бодлыг хүндлэх нь зөв ч гэсэн таны ч гэсэн үзэл бодол чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Зүгээр л та чухам ямар хүн бэ гэдгээ ухамсарлаж эргэн тойрныхоо хүмүүст жинхэнэ өөрийгөө зоригтой харуул. Таныг зөвхөн та болгодог өвөрмөц онцлогуудаа бусдаас нуух хэрэггүй.

 

9. Бусад хүмүүсээс магтаал хүлээдэг

Ийм хүмүүс үргэлж л бусдаас магтаал сонсохыг хүсдэг. Энэ нь тэд ихэнх тохиолдолд өөртөө итгэх итгэл бага байдагтай холбоотой байдаг. Таны нүдээр бол бусад хүмүүс танд маш их анхаарч, үнэлдэг юм шиг санагдаж магадгүй ч энэ эцэст нь таныг биеэ тооход хүргэж магадгүй.

Шийдэл: Хэн гэдгээ батлах гэж хичээхээ болих цаг нь болжээ. Бусдаас магтаал авахын тулд ямар нэг зүйл хийж байгаа эсэхээ анзаар. Үүнийг нийгмийн сүлжээндээ зураг хийчхээд коммент хүлээх, гэр бүлийнхэндээ сүүлд гаргасан амжилтаа ярих гээд энгийн зүйлсээс анзаарч болно. Үүнийгээ анзаарсныхаа дараа та алдаагаа аажмаар засаж эхлэх болно.

 

10. Сэтгэл тань шархалж байгааг үл ойшоодог

Та үргэлж бусдыг аз жаргалтай байлгахыг хичээдэг болохоор өөрөө өөрийнхөө жинхэнэ мөн чанарт маш том хана босгодог. Бусад хүмүүсийн сэтгэлийг зовоохгүй байхын тулд та өөрийнхөө сөрөг мэдрэмжийг нуухыг хичээдэг. Та ямар нэг юманд сэтгэл дундуур, уурлаж, сэтгэл дундуур байгаагаа үгүйсгэж, аз жаргалтай мэт баг зүүж амьдардаг. Энэ нь та чухам юу мэдэрч байгаагаа мэдэхээ болих хүртэл ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй.

Шийдэл: Мэдрэмжээ хүлээн зөвшөөрч сур. Сэтгэл хөдлөлөө нуух нь таны биед маш их стресс үүсгэж, эрүүл бус үр дагаварт хүргэдэг. Өөрөө өөрийгөө анхаарч, хайрлах нь бусдад анхаарал халамж тавихтай адил чухал юм. Өөртөө анхаарч, өөрийгөө хайрлаж сур.

Дээрх 10 үйлдэл дунд таны хийдэг зүйлс байна уу? Өөрчлөхөд бэлэн үү?

36
ГоёГоё
10
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. З. Төгөлдөр

    З. Төгөлдөр

    2020/08/30 at 00:45

    4 ni nadaa taaraad bdg shvv🤣🤣🤣

  2. Temuulen Temka

    Temuulen Temka

    2020/08/30 at 08:20

    яг л би

  3. Eien No Takaramono

    Eien No Takaramono

    2020/08/30 at 14:13

    Б. Анужин уншаарай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *