Бидний хувьд энгийн мэт санагддаг боловч гэрийн тэжээвэр амьтдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй 9 хоол хүнс

0

Бид гэрийн тэжээвэр амьтдаа гэр бүлийн гишүүд гэж үздэг, гэхдээ тэдний бие махбод биднийхээс өөр бөгөөд амьтдын биед шаардлагатай хоол тэжээл биднийхээс өөр гэдгийг мартаж болохгүй. Бид муурандаа сүү, нохойдоо газрын самар өгч эрхлүүлдэг. Гэхдээ жинхэнэ асуулт бол: “Бид тэднийг эрхлүүлж байна гээд эсрэгээрээ хордуулж байдаг бол яах вэ?”

Ингээд өнөөдрийн нийтлэлээрээ энгийн мэт хэрнээ амьтдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг хоол хүнсийг онцолж байна.

1. Зориулалтын хоолыг зориулснаас нь өөр амьтанд өгөх

Энэ хоолноос зайлсхийх ёстой тэжээвэр амьтад: муур, нохой

Нохойн хоолыг мууранд өгөх нь тийм ч хортой биш ч өөр төрлийн амьтдад өөр өөр тэжээл шаардлагатай байдаг. Муурны хоолонд уургийн хэмжээ, илчлэг их агуулагддаг бол нохой илүү их эслэг агуулсан хоол идэх ёстой.

Муурны хоол өндөр түвшний тауринаас бүрддэг бөгөөд энэ нь бодисын солилцоог тэнцвэржүүлэхэд хэрэгтэй байдаг. Энэ найрлага нь нохойн хоолонд байдаггүй учраас нохойн хоолыг мууранд өгөх нь тийм ч сайхан санаа биш юм.

Шийдэл:

Хэрэв та гэрийн тэжээвэр амьтандаа хангалттай шим тэжээлтэй хоол өгч байгаадаа эргэлзэж байгаа бол малын эмчид хандаж хооллолтын зөвлөгөө аваарай.

 

2. Шош

Энэ хоолноос зайлсхийх ёстой тэжээвэр амьтад: муур, нохой

Лаазалсан шошны гол асуудал нь тэжээвэр амьтдад аюултай бодис болон давс агуулагдсан байдаг нь юм. Жишээлбэл, хагас аяга лаазалсан шош 400-500 миллиграмм натри агуулдаг. Гэвч тэжээвэр амьтад натрит тэсвэргүй буюу натрийг хоргүйжүүлж, эсэргүүцэх чадвар маш бага байдаг.

Шийдэл:

Хэрэв таны гэрийн тэжээвэр амьтан шошонд дуртай бол ногоон шош, сэвэг зарам, эсвэл хатаасан шош зэргийг сонгоорой. Гэхдээ тэдгээр шош нь даршлагдаагүй, мөн давсгүй байх ёстой. Мөн тэжээвэр амьтандаа зөвхөн маш бага хэмжээтэйгээр өгөх тохиолдолд л зөвшөөрөгдөнө гэдгийг санаарай.

 

3. Лаазалсан туна загас

© depositphotos.com, © depositphotos.com

Энэ хоолноос зайлсхийх ёстой тэжээвэр амьтад: муур, нохой

Муурнууд бол туна загасны хамгийн том шүтэн бишрэгчид юм. Заримдаа бүр нохойд ч туна өгөх нь бий. Гэсэн ч муур тань туна загасанд дуртай гээд өдөр бүр өгөөд байж болохгүй. Учир нь лаазалсан бүтээгдэхүүнд тос болон давс их хэмжээгээр агуулагддаг.

Шийдэл:

Харин оронд нь тунатай муурын хоол буюу зориулалтын хоол нь хамгийн сайн сонголт байх болно. Тэдэнд ийм хоолыг өдөр бүр өгсөн ч ямар нэг асуудал гарахгүй.

 

4. Самрын тос

© shutterstock.com, © shutterstock.com

Энэ хоолноос зайлсхийх ёстой тэжээвэр амьтад: муур, нохой

Самрын тосыг ихэвчлэн нохдод хоол болгон өгдөг. Гэвч сүүлийн үед зарим үйлдвэр самрын тосны агуулгад ксилит нэмэх болсон бөгөөд энэ нь гэрийн тэжээвэр амьтдад маш их хортой юм. Ксилитийг чихрийн оронд хэрэглэдэг бөгөөд энэ калори багатай учраас олон хүмүүс хэрэглээндээ нэвтрүүлж эхэлсэн байна. Гэвч энэ бодис нь тэжээвэр амьтныг элэгний дутагдалтай болгох аюултай.

Шийдэл:

Самрын тосны найрлагад ксилит агуулагдаж буй эсэхийг сайтар шалгаж өдөр бүр тэжээвэр амьтандаа өгөхөө болих хэрэгтэй. Учир нь хэт их чихэр таргалалт үүсгэх аюултай.

 

5. Исгэгчтэй хоол

© depositphotos.com, © depositphotos.com

Энэ хоолноос зайлсхийх ёстой тэжээвэр амьтад: нохой

Исгэгч агуулсан түүхий гурил нь нохойд маш аюултай. Зуурмаг нь нохойн ходоодыг хийгээр дүүргэж, хэвлийн хөндийн эмгэг үүсгэдэг. Исгэгч нь нохойн цусан дахь этанолын хэмжээг аюултай хэмжээнд хүртэл ихэсгэдэг сөрөг талтай. Ингэснээр нохойн биеийн хэвийн байдал алдагдаж бөөлжих, суулгах гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно.

Шийдэл:

Хамгийн зөв арга бол хайртай нохойдоо исгэгч агуулсан түүхий хоол өгөхгүй байх юм.

 

6. Сүү

© depositphotos.com, © depositphotos.com

Энэ хоолноос зайлсхийх ёстой тэжээвэр амьтад: муур, нохой

Гэрийн тэжээвэр амьтдадаа өдөр бүр их хэмжээний сүү өгдөг хүмүүс олон байдаг. Нохойд хэдэн халбагыг өгөхөд бол асуудалгүй ээ. Ямартай ч сүү сүүн бүтээгдэхүүн хэт их тослогтой учраас таргалалт үүсгэдэг гэдэг нь тодорхой. Тэжээвэр амьтандаа бүхэл бүтэн аяга дүүрэн сүү өгөх нь суулгах, ходоод цочрох, бөөлжих шалтгаан болдог. Тэд бидэнтэй адилхан лактозод тэсвэргүй гэдгийг санаж байх хэрэгтэй. Мөн бүх төрөл зүйлийн муурнууд лактозод тэсвэргүй.

Шийдэл:

Цэвэр ус бол амьтны амны цангааг тайлах хамгийн сайн уух зүйл юм.

 

7. Түүхий мах

Энэ хоолноос зайлсхийх ёстой тэжээвэр амьтад: муур, нохой

Гэрийн тэжээвэр амьтдад зориулсан түүхий хоолны дэглэм нь ихээхэн маргаантай байдаг. Энэ нь нэг талаараа маш сайн уургийн эх үүсвэр боловч нөгөө талаас таны гэрийн тэжээвэр амьтныг хордуулж болох олон төрлийн нян агуулсан байдаг. Ямар нэг бактери амьтан гэлтгүй хүнд ч аюултай учир үүнийг тайлбарлах нь илүүц биз. Мөн зарим түүхий махыг ястай нь өгвөл нохой хахах аюултай.

Шийдэл:

Малын эмчээс өгсөн зөвлөмжийн дагуу хоолны дэглэм бариарай. Тэд танд гэрийн тэжээвэр амьтдын эрүүл мэндэд ямар мах хамгийн сайн бэ гэдгийг маш сайн хэлж өгөх болно. Хэрэв та хэрэглэж байгаа түүхий махныхаа чанарын талаар сайн мэдэхгүй байгаа бол зориулалтын хоол сонгохдоо хангалттай хэмжээний уураг агуулсан эсэхийг анзаараарай.

 

8. Бүйлс

© depositphotos.com

Энэ хоолноос зайлсхийх ёстой тэжээвэр амьтад: муур, нохой

Ихэнх мэргэжилтнүүд бүйлсийг хориглодоггүй ч зарим нэг эрсдэлүүдийг нь мэдсэн байхад илүүдэхгүй. Бүйлсийг их хэмжээгээр тогтмол идэх нь (эсвэл ганц удаа ч бай) гэрийн тэжээвэр амьтанд ходоодны хямрал, таргалалт, нойр булчирхайн үрэвслийг үүсгэдэг. Шинж тэмдгүүд нь бөөлжих, хавдах, суулгах зэргээр илэрнэ.

Шийдэл:

Өгч байгаа самарныхаа хэмжээг хянах хэрэгтэй. Маш бага хэмжээгээр зөвшөөрөгдөнө.

 

9. Цитрус

© depositphotos.com, © depositphotos.com

Энэ хоолноос зайлсхийх ёстой тэжээвэр амьтад: муур

Ерөнхийдөө исгэлэн төрлийн үнэр муурын идэх дуршлыг өдөөдөг. Гэвч ямар ч тохиолдолд мууранд исгэлэн төрлийн зүйл өгөхгүй байсан дээр. Учир нь ийм төрлийн жимс идвэл муурын бие сульдаж, сэтгэл нь хямрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илрэх болно.

Шийдэл:

Цитрусын төрлийн жимсийг муурандаа хэзээ ч битгий өг.

16
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *