Хамгийн эрүүл, шим тэжээл ихтэй хэрнээ хийхэд маш амархан жимсний салатны 10 жор

0

Сироп, тараг, зайрмаг эсвэл зөгийн балаар амталсан жимсний амттай салат, мөн жимс, жимсгэнийн микс зэрэг нь үзэмжтэй бөгөөд эрүүл мэндэд тустай десерт болно. Салатанд өөрийн дуртай ямар ч жимсийг ашиглах боломжтой. Өнөө цагт дэлгүүрийн лангуун дээр төрөл бүрийн жимс худалдаалах болжээ. Жимсний салат хийхэд хэцүү зүйл байхгүй, амталгаанд анхаарал хандуулахад л хангалттай. Их тослогтой тарагнаас зайлсхийнэ, аль болох нэмэлт орцгүй цэвэр тараг байх нь чухал. Ингэснээр жимсний өөрийн амтыг алдагдуулахгүй юм. Илүү калорилог салат болгоё гэвэл зайрмаг, цөцгий ч нэмж болно.

Та бүхэндээ жимсний салатны жорыг зургийн хамтаар танилцуулж байна. Өдөр тутмын амттан болгоод идэж ч болно, баярын ширээ чимэхэд ч болохгүй зүйлгүй.

1. Давхарласан жимсний салат

Орц:

  • Тоор
  • Гүзээлзгэнэ
  • Илжгэн чих
  • Нэрс
  • Алим
  • Тослог багатай тараг
  • Чимэглэх лайм

Хийх арга:

1. Алим, илжгэн чих, тоороо хальсалж дөрвөлжин хэрчинэ.

2. Харин гүзээлзгэнээ дунд зэргийн хэмжээтэй хуваагаарай.

3. Лаймыг нимгэн хагас цагираг байдлаар хэрчинэ.

4. Жимснүүдийг нэвт харагддаг шилэн стакан, хундага эсвэл өндөр салатны саванд үелэж хийнэ.

5. Тараг эсвэл зайрмагаар амтлаарай, мөн чанаж болгосон бялууны крем, цөцгийтэй бяслагаар амталсан ч амттай салат болдог.

6. Салатыг зүссэн лаймаар чимнэ.

 

2. Жимс, жимсгэнэ, тарагтай салат

Орц:

  • Гадил
  • Жүрж
  • Гүзээлзгэнэ
  • Тоор
  • Хан боргоцой
  • Нэрс
  • Тараг

Хийх арга:

1. Жимс, жимсгэнээ угааж цэвэрлэнэ, жүржээ хальслаарай.

2. Жимсгэнийг голоос нь цэвэрлээд дөрвөлжин хэрчинэ.

3. Хан боргоцойг цэвэрлээд том дөрвөлжин хэрчинэ.

4. Жүржийг хальсалж үрийг нь аваад дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ.

5. Тоороо жижиглээрэй.

6. Шүүслэг жимсийг цаасан алчууранд хатаана.

7. Бэлдсэн жимс, жимсгэнүүдээ гүн ёроолтой саванд хийж зөөлөн хутгаарай, шүүсийг нь ялгартал хутгаж огт болохгүй шүү. Орцуудыг адил тэнцүү байхаар тохируулна.

8. Амтлагчаар тараг сонгоно, нэмэлт амт оруулагч, орцгүй байх ёстой. Мөн зөгийн бал, сироп, нунтаг сахар цацсан ч болно.

9. Шавар аяга, өндөр хундага, нэвт харагддаг том стакан гээд өөрийн хүссэн савандаа хийгээрэй. Салатыг гааны ногоон навчаар чимэглэнэ, мөн үхрийн нүд, нэрсээр ч чимэглэж болно. Кокосын цагаан зөөлөн эд, нунтагласан самар, какао гээд чимэглэлийн сонголт их.

10. Салатыг аягалаад л шууд иднэ, эс бөгөөс жимснүүд хэлбэрээ алдаж эхэлдэг.

 

3. Ногоон жимстэй хүйтэн салат

Орц:

  • Ногоон амтат гуа
  • Киви
  • Ногоон усан үзэм
  • Лайм
  • Гааны навч

Хийх арга:

1. Амтат гуаг хальсалж, үрийг нь цэвэрлэнэ. Тусгай халбагаар зөөлөн эдийг нь бөөрөнхийлж аваарай.

2. Кивиг хальслаад, нимгэн тал цагираг байдлаар хэрчинэ.

3. Усан үзмийг бутнаас нь салгана.

4. Лаймын бага зэрэг шүүс шахаж бэлдэнэ.

5. Жимснүүдийг гүн ёроолтой саванд хийж хутгаад амтлагчаар амтална.

6. Амтлагч: лаймын шүүс, чихэргүй тараг. Уг салат калори багатай тул бүх насныханд тохиромжтой.

 

4. Хан боргоцой, тарвас болон жимсгэнэтэй анхилуун салат

Орц:

  • Хан боргоцой
  • Тарвас
  • Усан үзэм
  • Гүзээлзгэнэ
  • Бөөрөлзгөнө
  • Тоор
  • Киви
  • Тараг, цөцгийн бяслаг эсвэл хөөсрүүлсэн цөцгий

Хийх арга:

1. Тарвасны зөөлөн эдийг авч үрийг нь цэвэрлэнэ, том дөрвөлжин хэрчиж эсвэл бөмбөлөг хэлбэрээр салатанд бэлдэнэ.

2. Кивиг хальслаад өөрийн хүссэн хэмжээгээр хэрчээрэй.

3. Бөөрөлзгөнийг цэвэрлэж дундуур нь хуваана.

4. Гүзээлзгэнийг дундуур нь хувааж хэрчинэ.

5. Тоороо хэрчээрэй.

6. Шүүслэг жимсний илүүдэл шүүсийг шингээж авна.

7. Жимснүүдийг гэмтээхгүйгээр зөөлөн хутгана.

8. Тараг, цөцгийн бяслаг эсвэл аарцтай хольсон таргаар амталж болно. Мөн хөөсрүүлсэн цөцгийтэй ч гоё болдог.

9. Хүчиллэг болгоё гэж үзвэл хэдэн дусал лайм эсвэл жүржийн шүүс дусаагаарай.

10. Хундага эсвэл гоёмсог шилэн салатны саванд хийж иднэ.

 

5. Усан үзэм, гүзээлзгэнэ болон халуун орны жимстэй салат

Орц:

  • Усан үзэм
  • Гадил
  • Мандарин (жүрж)
  • Хан боргоцой
  • Киви
  • Гүзээлзгэнэ
  • Гааны навч
  • Тараг

Хийх арга:

1. Кивиг цагираг эсвэл дөрвөлжин хэрчинэ.

2. Гадилын зөөлөн эдийг цагираг байдлаар хэрчээрэй.

3. Усан үзмийг цэвэрлэнэ.

4. Хан боргоцойг хальслаад зөөлөн эдийг нь авна, жижгэвтэр хэрчинэ.

5. Мандариныг хумс бүрээр нь хальснаас нь салгаж авна.

6. Гүзээлзгэнийг дундуур нь эсвэл дөрөв хувааж хэрчинэ.

7. Жимс, жимсгэнийг салатны гоёмсог саванд эсвэл өндөр хундаганд хийнэ.

8. Гааны навчаар чимэглээрэй.

9. Тараг, сироп эсвэл сахарын нунтгаар чимж амтална. Нунтагласан самар, шоколадны нимгэн үйрмэг зэргээр чимэглэж бас туршаарай.

 

 

6. Амтат гуа, алим, жимсгэнэтэй салат

Орц:

  • Бөөрөлзгөнө
  • Үхрийн нүд
  • Нэрс
  • Аньс
  • Тарвас
  • Лийр эсвэл алим
  • Тараг
  • Чимэглэх гааны навч

Хийх арга:

1. Жимснүүдийг сайтар цэвэрлэнэ.

2. Алим эсвэл лийрээ цэвэрлээд хэрчинэ.

3. Тарвасаа хальслаад дөрвөлжин хэрчээрэй.

4. Гадилаа цагиргаар нь хуваана.

5. Алим эсвэл лийрний үртэй хэсгийг цэвэрлэж аваад нимгэн хагас цагираг байдлаар хэрчээрэй, салатаа чимэглэх юм.

6. Жимснүүдийг бэлдсэн салатны саванд эсвэл тарвасны хальсаар хийсэн тавганд хийнэ.

7. Тараг зэрэг өөрийн хүссэн соусаар амтлаарай, жишээ нь, зайрмаг, хөөсрүүлсэн цөцгий ч гоё болно.

8. Гааны навчаар чимэглэнэ.

 

7. Өнгө өнгийн жимс жимсгэнэтэй салат

Орц:

  • Интоор
  • Киви
  • Гүзээлзгэнэ
  • Усан үзэм
  • Тоор
  • Бөөрөлзгөнө
  • Нэрс
  • Тараг

Хийх арга:

1. Усан үзэм, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, нэрс зэргийг угааж хатаана, жимсгэнүүдийн голыг авч цэвэрлээрэй.

2. Гүзээлзгэнээ нимгэн хэрчинэ.

3. Тоорыг яснаас нь салгаж зөөлөн эдийг авна.

4. Кивиг хальслаад дундуур нь хэрчээд нимгэн зүсээрэй.

5. Жимс, жимсгэнүүдийг адил хэмжээгээр гүн саванд хийнэ. Тараг (сироп, зөгийн балаар ч юм уу)-аар амтална, мөн зайрмаг ч хийсэн болно.

6. Чимэглэлд гааны ногоон навч, нунтагласан самар, шоколад, мюсли хийнэ.

 

8. Жимсгэнэ, хан боргоцойтой салат

Орц:

  • Хан боргоцой
  • Жүрж
  • Тоор
  • Гадил
  • Грейпфрут
  • Киви
  • Алим

Хийх арга:

1. Хан боргоцойн зөөлөн эдийг авч дөрвөлжин хэрчинэ. Хан боргоцойн тал хальсыг аяга болгож бэлдээрэй.

2. Жүрж болон грейпфрутыг хальслаад нимгэн хэрчинэ, тоорын зөөлөн эдийг мөн адил хэмжээгээр хэрчинэ.

3. Киви, гадилыг хальслаад нимгэвтэр хэрчинэ.

4. Алимыг хальсалж голыг нь цэвэрлэнэ, нимгэн хэрчинэ.

5. Тал хан боргоцойн хальсыг жимсээр дүүргээд тараг зэргээр амтална.

 

9. Амтат гуа, жимсгэнэтэй салат

Орц:

  • Дунд зэргийн хэмжээтэй амтат гуа
  • Интоор
  • Гүзээлзгэнэ
  • Хар усан үзэм
  • Тоор эсвэл илжгэн чих
  • Чимэглэлд гааны ногоон навч

Хийх арга:

1. Амтат гуагаа угааж дундуур нь хуваана, иддэггүй гол, үрийг нь цэвэрлэж аваарай.

2. Зөөлөн эдийг хальснаас 1,5 см зузаантай авна, хальсны амсрыг үзүүр гаргаж бэлдээрэй. Салатны сав болох юм.

3. Амтат гуаны зөөлөн эдийг бөөрөнхий халбагаар бэлдэнэ.

4. Жимсгэнийн голыг авч цэвэрлэнэ.

5. Тоор эсвэл илжгэн чихийг хальсалж нимгэн хэрчинэ.

6. Жимсгэнээ бэлдсэн амтат гуаны хальсандаа хийж гааны ногоон навчаар чимэглээрэй.

7. Ширэн дээр тавихдаа амтат соусаар амтална: жимсний сироп, зайрмаг зэргээр.

 

10. Чангаанзтай шүүслэг салат

Орц:

  • Чангаанз
  • Киви
  • Тоор
  • Гүзээлзгэнэ
  • Нунтаг сахар
  • Тараг эсвэл өтгөн цөцгий

Хийх арга:

1. Чангаанз болон тоорыг яснаас нь салгаж дөрвөлжин хэрчинэ.

2. Кивиг хальслаад жижиглэж хэрчээрэй.

3. Гүзээлзгэнийн голыг цэвэрлэж дундуур нь хуваана.

4. Жимс, жимсгэнүүдээ салатны сав эсвэл хундаганд хийнэ.

5. Өөрийн хүслээр амтална. Тослоггүй тараг, цөцгий, зайрмаг, сироп гэх мэт.

6. Яг идэхийнхээ өмнө нь амтална, яагаад гэвэл зайрмаг хайлах магадлалтай, цөцгий жимсэндээ доош урсана, харин жимсний шүүс нь гоожиж өөрийн жинхэнэ амтаа гээдэг. Мөн гадаад үзэмжний хувьд ч мууддаг.

3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *