Гэрийн нөхцөлд хийхэд хамгийн амттай болдог 10 жигнэмэгний жор

1

Дэлгүүрийн эсвэл нарийн боовны газрын лангуун дээр нарийн боов, жигнэмэг төрөл бүрийн сонголттойгоор байна, гэхдээ сэтгэл зүрхээ гарган өөрийн гараар хийсэн жигнэмгээр хайртай хүмүүсээ дайлж баярлуулах шиг сайхан зүйл хаа ч үгүй.  Эмээ, ээж нарын минь хийж өгдөг байсан бялуу, пирог, талх, кекс давтагдашгүй бөгөөд мартагдашгүй амттай байжээ.

Гэрийн нарийн боовыг жигнэмэггүйгээр төсөөлшгүй. Бидний танилцуулах амттаныг хийхэд маш амархан бөгөөд орц нь олдоц ихтэй. Өглөөний цайндаа эсвэл гэрийнхэнтэйгээ халуун цай уухдаа амттай, шинэхэн жигнэмэг хийж идээрэй.

1. Аарцтай зөөлөн жигнэмэг

Орц:

  • Аарц – 200 г
  • Цөцгийн тос – 100 г
  • Тахианы өндөг – 1 ш
  • Гурил – 2 – 2,5 стакан
  • Хөөлгөгч – 1 ц.х
  • Сахар (дээр нь цацах) – тал стакан

Бэлдэх арга:

Гүн ёроолтой саванд аарц, зөөлөрсөн цөцгийн тос, нэг өндгөө хийж хутгана. Блендерт хийж хутгавал илүү сайн хутгагдана. Гурилаа хөөлгөгчтэй холино. Гурилаа зуураад хөргөгчинд хийж хагас цагаас илүү амраана.

Одоо 3 мм-ийн зузаантай гурилаа элдэнэ. Жигнэмгийг ямар ч хэвээр хийж болно, эсвэл стаканаар хэвлэж ч болно. Шарах шүүгээний хавтан дээр хэвлэсэн жигнэмгээ тавиад дээрээс нь сахараа цацна.

180 хэмд халаасан шарах шүүгээнд 20 орчим минут болгоно.

 

2. Цагаан гаатай сонгодог жигнэмэг

Орц:

  • Гурил – 2 стакан
  • Нунтаг сахар – тал стакан
  • Цөцгийн тос – 100 г
  • Өндөг – 1 ш
  • Хөөлгөгч – 2 ц.х
  • Цагаан гаан (үрсэн) – 3 ц.х
  • Нунтаг цинамон – 1 ц.х
  • Хадаасан цэцэг амтлагч – 5 ш

Бэлдэх арга:

Тусдаа саванд гурил, хөөлгөгч, цагаан гаа болон урьдчилан нунтагласан цинамон, хадаасан цэцгээ хийж хутгана.

Өөр саванд үлдэгдэл орцуудыг хийнэ. Тос, сахар, өндөг. Энэ зуурмаг дээрээ гурилаа бага багаар хийнэ. Гурилаа нимгэвтэр элдэнэ.

Өөрийн хүссэн хэвээр гурилаа хэвлээрэй. Шарах шүүгээний хавтан дээр пергамент цаас дэвсээд хэвлэсэн жигнэмгээ тавина. 180 хэмийн шарах шүүгээнд 15 минут болгоно.

 

3. Самар, шоколадтай жигнэмэг

Орц:

  • Гурил, сахар – тус бүр 1 стакан
  • Хар шоколад, цөцгийн тос – тус бүр 100 г
  • Өндөг – 2 ш
  • Нунтаг какао – 3 х.х
  • Хөөлгөгч – 1 ц.х
  • Давс
  • Самар, шоколад (шанз) – тус бүр 70 г

Бэлдэх арга:

Халуун усны уур дээр цөцгийн тос болон шоколадаа хайлуулна. Галаас аваарай. Дээрээс нь сахар болон өндгөө нэмж хутгана.

Гурил, какао, хөөлгөгч, давс гэх мэт нунтаг орцуудыг өөр саванд холино. Бэлэн болсон хуурай орцууд дээр шоколадны зуурмагаа хийж зуурна. Зуурмаг дээр жижиглэсэн самар, шоколадаа хийгээрэй. Зайрмагны халбагаар пергамент цаас дэвссэн шарах шүүгээний хавтан дээр зуурмагаа тарааж тавина. Жигнэмэгийг 15 минут 180 хэмд болгоно.

 

4. Махны машинаас гарсан жигнэмэг

Орц:

  • Гурил – 3 стакан
  • Өндөгний шар – 3 ш
  • Сахар – 1 стакан
  • Тос (эсвэл маргарин) – 120 г
  • Зөөхий – тал стакан
  • Сод – 1 ц.х
  • Ванилин

Бэлдэх арга:

Өндөгний шар болон сахараа сайтар хутгана. Дээрээс нь хайлуулсан цөцгийн тосоо хийж холино. Одоо зөөхий, сод, ванилаа хийх цаг болсон. Сүүлд нь гурилаа бага багаар нь хийж зуурна. Гурилаа өөрөө тохируулна, зуурсан гурил хамгийн гол нь гарт наалдахааргүй байх ёстой. Хөргөгчинд 30 минут амраана.

Хөргөгчнөөс гурилаа гаргаж ирээд махны машинаар машиндана. Машинаас гарч ирж байгаа гурилын зуурмагийг адил хэмжээгээр таслаарай. Шарах шүүгээний хавтан дээр нарийн боовны цаас дэвссэн байх бөгөөд жигнэмэгүүдээ өрж тавина. 15 минут болгоно, шарах шүүгээний хэм 200.

 

5. Үзэм, луувантай жигнэмэг

Орц:

  • Гурил – 3 стакан
  • Өндөг – 2 ш
  • Лууван – 2 ш
  • Үзэм (хар)– 50 г
  • Цөцгийн тос, сахар – тус бүр 150 г
  • Хөөлгөгч – тал цайны халбага
  • Давс

Бэлдэх арга:

Луувангаа чанаж хөргөөд үрүүлээр үрж жижиглэнэ. Үзмээ халуун усанд эсвэл буцалсан усанд хийж дэвтээсэн байна. Саванд цөцгийн тос болон нунтаг сахараа хийсний дараа өндгөө нэг нэгээр нь нэмж сайтар хутгана.

Гурилаа хоёр хэсэг хуваагаарай. Эхний хэсгийг давс, хөөлгөгчтэй холиод түр орхино. Хоёр дахь гурил дээр цөцгийн тосны зуурмагаа бага багаар нэмнэ, дараа нь лууван болон хөөлгөгчтэй гурилаа хийж зуурна. Гурилын зуурмаг дээр үзмээ хийгээд пергамент цаас дэвссэн шарах шүүгээний хавтан дээр тавина. Хоолны халбагаар хутгаад тавьж болно. 200 хэмийн шарах шүүгээнд 20 минут болгоно.

 

 

6. Самран жигнэмэг

Орц:

  • Гурил – 3 стакан
  • Сахар – тал стакан
  • Тахианы өндөг – 2 ш
  • Цөцгийн тос – 200 г
  • Хөөлгөгч – халбаганы дөрөвний нэг
  • Давс

Шанзанд:

  • Лаазтай “сгущёнк” сүү (орч.буцалгаж өтгөрүүлсэн буюу лаазтай нь усанд хийж удаан цагаар чанадаг, ус нь лаазаа байнга давж байх ёстой)
  • Самар (хушга, газрын) – өөрийн хүслээр

Бэлдэх арга:

Гүн ёроолтой саванд нунтаг сахар болон өндөг, чимх давс хийж хутгана. Урьдчилан хайлуулсан байсан тосоо хийгээрэй. Бүгдийг сайтар хутгана. Гурил, хөөлгөгчөө хийж хутгаад зууралдсан зуурмагаа бэлдэнэ.

Тусгай хэвийг тосоор тослоод гурилаа бага багаар хийж дунд зэргийн галаар болгоно. “Самархан” жигнэмгийн голыг цөцгийн тостой хольсон сгурщёнк сүүгээр эсвэл чанаж өтгөрүүлсэн сгущёнкийг самартай хольж дүүргэж болно.

 

7. Кокостой, бутарсан жигнэмэг

Орц:

  • Гурил – 1 стакан
  • Кокосын цагаан ширхэг – тал стакан
  • Нунтаг сахар – стаканы гуравны нэг
  • Цөцгийн тос – 100 г
  • Сүү эсвэл ус – 1 х.х
  • Хөөлгөгч – тал цайны халбага

Бэлдэх арга:

Сэрээгээр эсвэл блендерээр цөцгийн тосыг сахартай холино. Кокосын цагаан ширхэгийг нэмээд дараа нь гурил, хөөлгөгчөө хийнэ. Бүгдийг сайтар хутгана. Гурилын зуурмаг үйрч унах маягтай гардаг. Халбага хүйтэн сүү хийгээд гурилыг эвлүүлнэ. Хиам шиг урт болгоод 1 см-ийн зузаантай хэрчээрэй.

Шарах шүүгээний хавтан дээр пергамент цаас дэвсэж эсвэл тослоорой. Жигнэмэгийг тарааж тавиад 180 хэмд 20 минут болгоно.

 

8. Ванилтай хавирган сар жигнэмэг

Орц:

  • Гурил, сахар – тус бүр 50 г
  • Өндөг (шар нь) – 1 ш
  • Цөцгийн тос – 100 г
  • Бүйлсэн самар – 80 г
  • Ванилийн сахар, нунтаг сахар, давс

Бэлдэх арга:

Блендерт тос, гурил, сахараа хийж сайтар хутгана. Гурилын зуурмаг дээрээ урьдчилан нунтагласан бүйлсэн самар, мөн өндөгний шараа хийнэ. Гурилаа сайтар зуураарай. Дунд зэргийн хэмжээтэй хуваагаад бөмбөлөг болгон бэлдэнэ.

Гурилын зуурмагаар хавирган сар бэлдээд шарах шүүгээний хавтан дээр тавина. Жигнэмэгийг 20 минут 170 хэмийн шарах шүүгээнд болгох юм. Гаргаж ирээд нунтаг болон ванилын сахарын холимгийг цацна.

 

9. Тараг, нимбэгтэй жигнэмэг

Орц:

  • Гурил, овьёос (нунтаг) – тус бүр 100 г
  • Тараг – 1 стакан
  • Тахианы өндөг – 2 ш
  • Нимбэг – 1 ш
  • Хөөлгөгч – тал цайны халбага
  • Чихэр өвс – өөрийн хүслээр

Бэлдэх арга:

Өндөг, таргаа сайтар холино. Өөр саванд гурил, нунтагласан овьёос, хөөлгөгч, чихэр өвсөө хийж хутгана. Бүх орцуудыг хооронд нь нийлүүлээд дээрээс нь нимбэгийн үрж бэлдсэн хальсыг нэмнэ.

Шарах шүүгээний хавтан дээр пергамент цаас дэвссэн байх бөгөөд жигнэмгээ хэвлэж авна. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаагаад 15 минут орчим жигнэмэгийг болгоно.

 

10. Маргарин, жимсний чанамалтай гэрийн жигнэмэг

Орц:

  • Гурил – 2,5 стакан
  • Сахар – тал стакан
  • Маргарин – 200 г
  • Майонез – 2 х.х
  • Өндөг – 1 ш
  • Нимбэгийн шүүс – 1 х.х
  • Сод – тал цайны халбага
  • Жимсний чанамал эсвэл повидло – 1 стакан

Бэлдэх арга:

Гүн ёроолтой саванд гурил, содоо хийж хутгана. Дээрээс нь үрж бэлдсэн маргаринаа хийнэ. Эдгээр орцуудыг гараар холих юм. Харин блендерт нимбэгийн шүүс, майонез, нунтаг сахар, өндгөө хийж сайтар хутга. Гурил болон өндөгний зуурмагаа хольж зуурна. Зуурмагийг хоёр өөр хэмжээтэй хуваагаарай. Бага хэмжээтэйг нь хөлдөөгчинд хийж хагас цаг орчим амраана. Том хэмжээтэйг нь тос түрхсэн шарах шүүгээний хавтан дээр дэлгэж тавина.

Дэлгэж тавьсан зуурмаг дээр жимсний чанамлаа жигд түрхэж өгөөрэй. Одоо хөлдөөгчнөөс бараг хөлдсөн байгаа зуурмагаа чанамал дээр үрүүлээр үрж тарааж өгнө. Пирогны захуудыг бага зэрэг өргөж өгөөрэй, эс бөгөөс жимсний чанамал урсах гээд байдаг.

200 хэмийн шарах шүүгээнд 20 минут болгоно. Гаргаж ирээд дөрвөлжин хэрчээрэй.

6
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oyungerel Baldan

    Oyungerel Baldan

    2020/04/26 at 03:02

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *