5-хан минутын дотор хамгийн мундаг гөлөг сонгож авахад туслах энгийн тест. Нохой тэжээх гэж байгаа хүмүүс заавал уншаарай

6

Гөлөг сонгож авах явцдаа түүнийг өсөж том болоод ямар нохой болохыг нь мэддэг байсан бол сайхан аа? Түүнийг хүмүүжүүлэхэд ямар асуудалтай тулгарах, түүний зан чанар яаж төлөвших гээд төсөөлөх зүйл их л байна. Энэ болгоныг мэддэг бол “зөв” гөлөг сонгож авахад тун чиг амар болно, бас түүнтэй өнгөрөөх амьдралдаа ч бэлэн байхад дөхөмтэй. Харамсалтай нь, тэр болгон амьтныг шалгаад байх боломж байхгүй, гэхдээ гөлөгний хувьд Кемпбелл–ийн тест гэж бий. Гөлгийг ирээдүйд ямар нохой болж төлөвшихийг нь шалгах энгийн арга ажээ.

Бид тестийг хэрхэн явуулах тухай судалж үзлээ. Энэхүү тест нь 6-8 долоо хоногтой гөлгийг шалгахад зориулагдсан юм шүү. Шалгалт авах цагаар гөлөг эрүүл бас идэвхтэй байх ёстой. Тест авахдаа өөртөө харандаа, цаас бэлдээрэй. Хийсэн туршилт болгоны дараа зохих үнэлгээг тэмдэглэж үлдээх юм. Урьдчилан үнэлгээ тавихгүй байхыг хүсье.

1. Гөлөгний харилцаа тогтоох байдлыг үнэлэх

Гөлгийг тасалгааны голд тавиад өөрөө нэг буланд нь зогсоно. Дараа нь гөлгийг дуудах эсвэл түүний анхаарлыг ямар нэгэн зүйлээр татна. Гөлөг ямар хариу үзүүлж байгааг ажиглана.

  • 1 оноо – байрандаа үлдэж байна
  • 2 оноо – өөртөө итгэлгүй, сүүлээ хавчаад таны зүг хөдөлж байна
  • 3 оноо – сүүлээ хавчсан хэвээрээ таны зүг шууд явж байна
  • 4 оноо – өөртөө итгэлтэйгээ сүүлээ өргөөд дөхөж ирлээ
  • 5 оноо – сүүлээ хөдөлгөөд тоглох сэтгэл санаатай гүйж ирж байна

 

2. Ирээдүйн нохойныхоо бие даасан байдлыг үнэлэх

Гөлгийг дахиад л өрөөний голд тавина, харин өөрөө өрөөнөөс гараарай. За, тэгээд түүний яахыг нь харцгаая.

  • 1 оноо – гөлөг таны араас явсангүй
  • 2 оноо – сүүлээ хавчаад таны араас болгоомжтой явлаа
  • 3 оноо – өөртөө итгэлтэй алхаж байгаа хэдий ч сүүлээ хавчсан хэвээрээ
  • 4 оноо – шууд таны араас алхана, сүүлээ өргөж, тайван байна, гэхдээ тоглох санаагүй
  • 5 оноо – таны араас дуртайяа алхана, сүүлээ өргөнө, хөл тойрч гүйнэ

 

3. Одоо дуулгавартай эсэхийг нь шалгая

Энэ удаад гөлгийг нуруугаар нь дээш харуулан хэвтүүлнэ, харин гараа цээжин дээр нь гөлгийг босож ирж чадахааргүй байдлаар тавиарай. Дахиад л түүний хариу үйлдлийг ажиглана.

  • 1 оноо – гөлөг эсэргүүцэхгүй нуруугаараа тайван хэвтсээр байна
  • 2 оноо – гөлөг таны хийж байгаа зүйлийг сонирхож гарыг тань долоох гэж оролдоно
  • 3 оноо – гөлөг дээшээ харан хэвтсээр байгаа, гэхдээ тайван биш, гар үнэрлэх эсвэл хамраараа гарт шүргэнэ
  • 4 оноо – уурлаж уцаарлахгүйгээр босох гэж оролдох буюу эсэргүүцэж байна
  • 5 оноо – гөлөг хүчтэй эсэргүүцэл үзүүлж, таныг хазах гэж оролдож байна.

 

4. Дарангуйлах чиг хандлагыг үнэлэх (1 дүгээр үе шат)

Үүний тулд гөлөгний биеийг илэхэд л хангалттай. Толгойноос нь эхлээд илж үзээд түүнийг яаж хүлээж авахыг сайтар ажигла.

  • 1 оноо – гөлөг таны хийж байгаа зүйлд огт хариу үйлдэл үзүүлэхгүй байна
  • 2 оноо – таны гар байгаа тал руу толгойгоо эргүүлж гарыг тань үнэрлэхийг хичээнэ
  • 3 оноо – таны хийж байгаа үйлдэл түүнд таалагдаж байгаа нь илт мэдрэгдэх бөгөөд таны гарыг долоох гэж оролдоно
  • 4 оноо – илж байгаагаас зугтаах гэж оролдох, жишээ нь, архирах, гэхдээ шууд дургүйцлээ илэрхийлэхгүй байх
  • 5 оноо – гөлөг илүүлэхээс шууд дургүйцэж эргэж хараад таныг хазах гэж дайрна.

 

5. Дарангуйлах чиг хандлагыг үнэлэх (2 дугаар үе шат)

Үүний тулд гөлгийг гартаа бариад нүднийхээ өмнө түүний хоншоор байхаар авчирна. 30 секундын турш түүнийг буулгахгүй, яахыг нь ажиглана.

  • 1 оноо – гөлөг тайван хэвээр үлдэнэ, гэхдээ харилцаа холбоо тогтоохыг ч оролдохгүй бас гараас мултрах гэж ч оролдохгүй
  • 2 оноо – таны үйлдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхгүй, нүүр долоох гэж оролдоно
  • 3 оноо – гөлөг шууд дургүйцлээ илэрхийлнэ, гэхдээ хурдан тайвширч нүүр долоох гэж оролдоно
  • 4 оноо – таны хийж байгаа зүйл түүнд ерөөсөө таалагдахгүй байвал тэр 30 секундын турш таны нүүрнээс дальдчина, гэхдээ хурц ширүүн ааш гаргахгүй.
  • 5 оноо – гөлөг хуцна, хазах гэж дайрна.

 

 

Эрүүл бас идэвхтэй нохойны цуглуулсан оноо нэг их ялгараад байхгүйг онцлон хэлье. Хэрвээ оноо нь таваас нэг хүртэл өндөр хэлбэлзэлтэй гарч байвал та тестийг явуулахдаа алдаа гаргасан эсвэл гөлөгний биеийн байдал таагүй байгаатай шууд холбоотой юм. Энэ тохиолдолд тестийг хэд хоногийн дараанаас зааврын дагуу давтан хийх нь зүйтэй. Хэрвээ үр дүн өөрчлөгдөхгүй бол нохойны сэтгэл зүйд асуудал байна гэж үзэж болох талтай.

Хэрвээ онооны эрс тэс ялгаа байхгүй бол гөлөгний биеэ авч яваа байдлыг дараах байдлаар үнэлнэ:

Дарангуйлах чиг хандлагын хоёр үе шатанд хоёуланд нь тус тус 5 оноо, бусад тестийн хувьд 4-өөс доошгүй оноо авсан тохиолдолд

Ийм гөлөг маш хурц ширүүн ааштай нохой болж өснө. Ийм нохойг хүүхэдтэй гэр бүлд тэжээх огт хэрэггүй. Ийм зан төрхтэй нохойг хүмүүжүүлэхэд маш их цаг зарцуулна, гэртээ байнга байдаг хүн л нилээд хэдэн сар ноцолдож байж үр дүнг нь харах болов уу.

 

Ихэнх тестээс 4 оноо авсан, харин бусдаас нь 5 оноо авсан тохиолдолд

Ихэвчлэн нухацтай бөгөөд шийдэмгий нохой болж өснө. Энэ амьтан ерөнхийдөө манааны эсвэл эрэл-аврах ангийн нохой болох нь түгээмэл. Ийм нохойтой тулж ажиллах шаардлагатай, мөн түүнийг дуулгавартай болгон хүмүүжүүлэхэд ур чадвар их шаардана. Тиймээс ийм гөлгийг зөвхөн томчууд л авахыг зөвлөж байна – гөлөгнийхөө хүмүүжилд онцгой анхаарал хандуулах эздэд хамааралтай болно.

 

Сүүлийн гурван туршилтаас тус тус 3 оноо авсан, бусдаас нь 3-аас доошгүй болон 4-өөс дээшгүй оноо авсан тохиолдолд

Үнэхээр бардам нохой болно, зохих анхаарал хандуулж зөв хүмүүжүүлбэл гэр бүлийн хайртай амьтан болж чадах ажээ. Ийм амьтан өөртөө итгэлтэй, зоригтой болж өснө, гэхдээ хоорондын харилцаанд хэн нь чухам эзэн болохыг эртнээс ойлгосон байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүддээ хэзээ ч хурц ширүүн ааш авир гаргахгүй.

 

Гөлөг ихэнх туршилтаас 1 болон 2 оноо авсан тохиолдолд

Энэ гөлөг дуулгавартай. Гэхдээ нийгмийн харилцаанаас зайлсхийнэ. Гэхдээ гөлөгний энэ байдлаас болж эзэнд нь бага зэрэг хүндрэл гарах талтай. Яагаад гэвэл тэр хүн, нохойтой харьцахын оронд ганцаараа байхыг илүүд эрхэмлэх ажээ. Үүний зэрэгцээ, хэрвээ тэр дарангуйлах чиг хандлагын хоёр үе шатнаас хоёулангаас нь 4 эсвэл 5 оноо авсан бол тэр зугтах эрсдэлтэй гэж үздэг. Тиймээс нохойноосоо нүд салгаж болохгүй нь.

Та нохой тэжээдэг үү? Та ямар шалгуураар түүнийг сонгож авсан бэ? Эсвэл та сонголт хийлгүй шууд нүдэнд туссан гөлгийг сонгоод авчихсан уу?

85
ХөөрхөнХөөрхөн
21
ГайхмаарГайхмаар
14
БахархмаарБахархмаар
13
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zayaa Mongolian

    Zayaa Mongolian

    2020/04/04 at 14:18

    Manai jesii bvvr soliorchihson yum bna da odoo yanaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *