Хүүхдүүд зуны улиралд яагаад төөрч алга болох нь ихэсдэг 12 шалтгаан. Сайн дурын аврах багаас гаргасан анхааруулгыг бага насны хүүхэдтэй хүн бүр заавал уншаарай!

1

Зуны улиралд хүүхдүүд хотын цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын төвүүдээр хэсч, байгальд дураараа гүйж харайн, шинэ ертөнцийг өөртөө нээж өдөржингөө л гадаа тоглохыг хүсдэг. Харамсалтай нь адал явдалд хөтлөгдөн дураараа гүйх хүүхдүүдээ эцэг эхчүүд нь тэр болгон харж хандаж чадахгүй юм даа.

Өнөөдөр та бүхнийг дэлхийд алдартай сайн дурын аврах баг болох «ЛизаАлерт»-аас гаргасан удирдамжтай сайтар танилцахыг хүсэж байна. Хүүхэдтэй хүн бүр энэхүү мэдээллийг ойлгож, байнга санаж явбал зохино. Хөдөөний модон жорлон юугаараа аюултай, улаан өнгийн хүрэм хүүхдийн амийг аварч болохыг та мэдэх үү?

Хотын гудамж, цэцэрлэгт хүрээлэн, худалдааны болон тоглоомын төвүүдэд хүүхдүүд юунаас болж төөрдөг вэ?

© pixabay
  1. Том худалдааны төвд ээжийгээ даашинз өмсөж үзэж байх хооронд л хормын дотор хүүхэд алга болох аюултай. Татсан хөшигний араас хүүхэд хаашаа гүйснийг харж чадахгүй (тоглоом өрсөн хажуугийн лангуун дээр явж байвал ёстой аз гэж үзнэ).
  2. Тоглоомын эсвэл худалдааны төвийн бужигнасан олон хүмүүс дунд орчихоороо хүүхэд өөрөө эцэг эхийнхээ эрэлд гарч, хаашаа ч хамаагүй яваад өгдөг.
  3. Хүүхэдтэйгээ харилцаа холбоотой байх төхөөрөмжийг эцэг эхчүүд тэр болгон хүүхдэдээ өгдөггүй, эсвэл мартчихдаг (GPS-тэй бугуйн цагийг нь цэнэглэхээ мартах, эсвэл үүрэн утсыг нь гэртээ үлдээх зэрэг). Энэ тохиолдолд эрэл хайгуул удааширч мэдэх эрсдэлтэй.

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж:

  • Соёл урлаг, баяр наадам зэрэг олон хүн цуглах томоохон арга хэмжээнд явахаасаа өмнө хүүхдийнхээ зургийг заавал авч гараарай.
  • Зугаалгад явахдаа хурц өнгийн хувцас өмсгөнө. Ингэснээр хүүхдээ хараа хяналтдаа байлгахад амар, хэрвээ хүүхэд алга болсон бол камерын бичлэгээр хурц өнгийн хувцсаар нь олж илрүүлэхэд хялбар байх болно.
  • Хэрвээ аав ээжээсээ төөрсөн бол тэр л газраа хөдөлгөөнгүй зогсож байх ёстой гэдгийг хүүхдэдээ анхааруулан хэлнэ. Танихгүй хүнээс тусламж авахаар бол хүүхэд дагуулсан эмэгтэй, цагдаа, эсвэл хажуугийн дэлгүүрийн худалдагчаас л гуйхыг сануулаарай.

 

Хөдөө, лагерт хүүхдэд ямар аюул заналхийлдэг вэ?

© pixabay
  1. Хүүхэд лагерын модон жорлонд унах эрсдэлтэй. Ялангуяа энэ бол хотын хүүхдүүдэд тохиолдож болох том аюул. Хотын хүүхдүүд ийм “төхөөрөмж”- ийг ашиглаж чадахгүй гэдгийг эцэг эхчүүд өөрсдөө анхаарч байх ёстой.
  2. Хүүхдүүд мөн худагт унах аюултай. Худгийн хажуугаар явах хүмүүст хүүхдийн тусламж дуудан орилох сонсогддоггүй.
  3. Хаалгыг нээгээд орхисон зоорь, хаягдсан эзэнгүй объектуудад орж гацсан, хамгаалалтгүй цахилгааны байгууламжид тоглож бэртэл гэмтэл авсан олон хүүхдүүд аврагчдын ачаар амьд гарч байсан тохиолдол их.
© pixabay

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж:

  • Хөдөөгийн болон лагерын амьдралын нарийн ширийнийг аялалд явахаасаа өмнө сайн ярьж ойлгуулна. Модон жорлонд цуг орж, хэрхэн ашиглахыг зааж сургаарай. Худаг руу ойртож огт болохгүй гэдгийг сайтар анхааруулж хэл.
  • “Хаягдсан” зэлүүд газруудын талаар ч хэлж ярьж өгөх ёстой. Эзэнгүй байшин, хаягдсан уурхай, агуй, хогоор дүүрсэн эрэг орчим гээд. Энэ мэт аюултай газруудаар явбал бэртэж гэмтэнэ, эсвэл таагүй хүмүүстэй тааралдаж болох талаар.
  • Хог хаягдал дээр тоглохыг эрс хориглох хэрэгтэй. Хөл алдаж нурж болзошгүй, эсвэл хаягдсан шкаф, хөргөгч дээр гараад бууж чадахгүй тохиолдлууд ч бүртгэгдсэн байдаг.
  • Хуучин агуулах, ферм, буудай хадгалах зоорь зэрэг байгууламжууд дээр тоглож болохгүйг байнга сануул. Буудай боловсруулахад элдэв төрлийн хортой химийн бодис ашигласан байхыг хэн ч үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд хүүхэд гүн хордлогод орох аюултай.

 

Хүүхдүүд ойд төөрч байгаагийн шалтгаанууд

© pixabay
  1. Аав ээж нар хүүхдээ ойр орчмынхоо баримжааг сайн авч чадна гэж бодоод ганцааранг нь ой руу явуулчихдаг. Нохой нь хань болно гэж найддаг биз.
  2. Мөн, өвөө эмээтэйгээ ой руу явсан хүүхдүүд их төөрдөг. Өндөр настай хүмүүс архаг хуу өвчинтэй гэдгийг огт тооцоолдоггүй. Хэрвээ өндөр настнуудад ямар нэгэн муу зүйл тохиолдлоо гэхэд хүүхэд тэдэнд тусалж чадахгүй, өөрсдөө айдаст автаж сандарч эхэлнэ. Ингээд бие дааж ойгоос гарч чаддаггүй.
  3. Хүүхдүүд бас жимс, мөөг түүхдээ улайран ойн гүн рүү ордог. Гэнэт эргэж хараад, ганцаараа байгаагаа мэдмэгцээ сандарч, улам л ойн гүн рүү буруу тийшээ гүйнэ.

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж:

  • Ой руу том хүнгүйгээр ганцаараа явж огт болохгүй гэдгийг сайн хэлж ойлгуул (ах, эгч, нохойтойгоо ч явж болохгүй)
  • Ой руу явахдаа хүүхдийнхээ үүргэвчинд бүрэн цэнэглэсэн гар утас, ус, шоколад болон шүгэл хий.
  • Хүүхдийн хувцас хурц өнгөтэй байх ёстой. Ингэснээр модон дотор бяцхан хурц өнгөтэй мөөгийг амархан олж харах боломжтой болно.
  • Хэрвээ хүүхэд ганцаараа хоцроод эсвэл төөрсөн бол тэр л газраа байж байх ёстойг гэдгийг хэлээрэй (бас нэг хувилбар, хэрвээ нүдэнд нь ил явган хүний зам эсвэл задгай газар байвал тэнд очиж зогсоно), тэгээд тусламж иртэл хаашаа ч явахгүй.
  • Аливаа эрсдэлээс хамгаалж хэрхэн тусламж дуудах талаар зааж сургана, жишээ нь онцгой байдал руу залгах 105 дугаарыг (нийслэлийн) хүүхэд мэдэж байх ёстой. Хүүхэд тусгай дугаар руу залгаад өөрийгөө тоглоогүй гэдгийг шууд ойлгуулах хэрэгтэй, өөрийнхөө овог нэрийг хэлнэ. Хэрвээ тусгай дугаар утсаа тасалбал өөрт нь итгэх хүртэл дахин залгана.
  • Өндөр настай хүмүүстэй хүүхдээ ой руу явуулж байгаа бол заавал “аваар ослын үед хэрэглэх хэрэгсэл”-тэй (хутга, чүдэнз, шүгэл, бүрэн цэнэгтэй үүрэн утас, ус, хоол хүнс, өдрийн уух эм) явуулаарай.

 

Усанд ямар аюул нуугдаж байдаг вэ?

© pixabay
  1. Эцэг эхчүүд хийлдэг хантааз, ханцуйвчинд найдан хүүхдээ хараа хяналтгүй усанд орхидог. Эдгээр аврах хэрэгсэл хүүхдийн бэлхүүс эсвэл гарнаас амархан сугарах магадлалтай, ингээд хүүхэд ямар ч дэмжлэггүй хоцорно.
  2. Хажууд сэлж байгаа томчууд хүүхдийг усны гүн рүү живж байгааг бас тэр болгон ойлгодоггүй. Хүүхэд амархан живдэг, чимээгүй бас аймшигтай. Кинон дээр гардгаас тэс өөрөөр, эргэн тойрон байгаа хүмүүст чухам юу болоод байгааг ухаарах сөхөө ч өгөхгүй.
  3. Арай том насны хүүхдүүд бие даасан гэдгээ харуулахыг зорьдог. Тэд үл мэдэх голд сэлэх, жижиг завин дээр ганцаар явах зэрэг эрсдэлтэй үйлдлүүд хийнэ.

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж:

  • Усанд ойрхон тоглож байгаа хүүхдийг томчууд нүд салгалгүй харж байх ёстой.
  • Усны аюулын тухай охид хөвгүүддээ байнга хэлж анхааруулж бай, ялангуяа танай зуслан усанд ойрхон эсвэл далай руу амрахаар явж байгаа бол үүнийг мартаж болохгүй. Хүүхдүүддээ энэ тухай эцэг эх нь л анхааруулж хэлэхгүй бол сайхан харагдах усанд хүүхэд өөрийн эрхгүй татагддаг.
  • Хүүхдүүдээ сэлж сурга. Тэдний ирээдүйд хэрэг болж л таараа, усанд уналаа гэхэд амьд гарах боломжийг нэмэгдүүлэх нь гарцаагүй.

Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд та ямар арга хэмжээ авдаг вэ?

3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *